О.Номинчимэг: “Интермед“ эмнэлэг 10-р сарын сүүлээр мэдээллээ алдсан ч хугацаа алдаж, хариуцлагагүй мэдэгдэл гаргасан. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 16 секунд

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, 230 мянга гаруй үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан тухай мэдээлэл ил болсон нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад буй. УИХ-ын гишүүн О.Номинчимэг энэхүү асуудлаар тус эмнэлэгт хандаж, албан шаардлага хүргүүлсэн. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Таны хувьд хуульч мэргэжилтэй хүн. Дээр дурдсан асуудлыг юу гэж харж байна?

-Манай улс цахим халдлагад өдөр бүр өртөж, цахим сервер рүү халдаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирдэг. Өнөөдөр НҮБ-ын хэмжээнд дэлхийн 50 гаруй улсын эрүүл мэндийн байгууллагад халдсан хэрэг бүртгэгдсэн байна. Ерөнхийдөө, энэ нь хойд хөршөөс гаралтай гэх мэдээлэл гарсан. Тэгэхээр манай улсад кибер аюулгүй байдал ямар хэмжээнд байгаа билээ, хэрхэн анхаарах вэ гэдэг асуулт тавигдана. Хоёрдугаарт, бид 2021 онд Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг баталсан. Монгол Улсад хувь хүний нууц, эмзэг мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин маш дутмаг бөгөөд тэр соёл нь ч бүрдээгүй байсан.

Мэдээлэл хадгалагч буюу үйлчилгээний байгууллагууд /дэлгүүр, супермаркет, мобайл операторууд, банк, эмнэлэг/ хүний эмзэг мэдээллийг авч байгаа. Тиймээс эдгээр байгууллагууд мэдээлэл хамгаалах үүргийг хүлээж, мэдээлэл алдагдсан тохиолдолд тухайн иргэнд цаг алдалгүй мэдэгддэг байх зохицуулалт бүхий хууль батлагдсан.

Миний бие энэхүү “Интермед” эмнэлэгт үүссэн асуудлыг ажиглаж байсан. Тус эмнэлэг 10-р сарын сүүлээр мэдээллээ алдсан хэдий ч өнгөрсөн амралтын өдрүүдэд л ил болж, “хар зах”-д тавигдлаа. Хугацаа алдсаны дээр тус байгууллага “Мэдээллийг алдсан байж болзошгүй” гэх хариуцлагагүй мэдэгдэл гаргасан.

Хоёрдугаарт, энэ мэдээлэл дунд хэд хэдэн хүний гар утасны мэдээлэл алдагдсан байна лээ. Улмаар залилангийн шинж чанартай мэдэгдэл ирж байна гэх мэдээлэл бий. Мэдээлэл нь ил болсон 230 мянга гаруй хүн дунд ахмад настай, янз бүрийн өвчтэй гээд олон хүн байгаа шүү дээ. Эдгээр хүмүүст цаг алдалгүй сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх байтал бараг хоёр долоо хоногийн дараа мэдэгдэл гаргаж байна.

Би хуульч хүнийхээ хувьд өнгөрсөн хугацаанд хуульд заасанчлан гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авч байсныг мэдэхээр албан бичиг хүргүүлээд байгаа.

-Монголд Хувь хүний нууцын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэрхэн хуульчилж өгсөн бол?

-Албан байгууллагууд 5-6 төрлийн дотоод журмыг гаргасан байх ёстой. Хэрвээ энэ мэт байдлаар мэдээлэл алдагдсан тохиолдолд мэдээллийн эзэдтэй хэрхэн түргэн шуурхай холбогдох төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрсдэл цааш нь даамжрахгүй байх үүднээс эдгээр арга хэмжээг авах ёстой.

Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдалд халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна. Албан бичгийн хариуг авсны дараа энэ нь тодорхой болно.

-Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал-

-Ер нь сүүлийн жилүүдэд цахим халдлагын тоо нэмэгдсээр байна. Монгол иргэдийн мэдээлэл “хар зах”-д бэлэн байдаг гэх мэдээлэл ч бий. Цаашид ААН-үүд хэрхэн сэргийлж вэ, үүнд төсөв хөрөнгө хэр шаардагддаг бол?

-Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал шүү дээ. Хувийн байгууллагууд дээр гарч буй анхаарууштай асуудал бол “Бид арай өөр түвшний зүйл хэрэглэх гэж байна” гээд янз бүрийн SOFTWARE авсан болоод орхидог тал байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг аваад, ямар чухал асуудал болохыг ойлгож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авдаг байх нь зүйтэй.

-Хоёрдугаарт, өнгөрсөн баасан гарагт 2025 оны төсвийг УИХ-аар баталсан. Энэ үеэр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг зарим гишүүд хөндсөн. Өмнөх парламентын шинэчилсэн энэхүү хуульд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний бие УИХ-ын Тамгын газарт Тэргүүн дэд даргаар ажиллаж байсны хувьд Дэгийн тухай хуулийг гадарлана. Сүүлд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд энэ хуульд өөрчлөлт орсон.

Гэхдээ мэдээж амьдрал дээр техник гацах, саатах асуудал гардаг. Хүмүүс болоогүй байхад нь хуруугаа уншуулах зэргээс шалтгаалж, программ гацах тохиолдол их. Надад ч энэ кэйс тохиолдож байсан. Гишүүд үнэхээр зөв санал өгөхийн тулд ямар нэг байдлаар төхөөрөмж гацсан тохиолдолд “горимын санал” гаргаж, дахин нэг удаа санал хураалт явуулдаг тал бий.

-Ч.Лодойсамбуу гишүүний ярьж байгаа шиг хуулийг механикаар зохиосон зүйл байхгүй-

-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн тухайд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэгийн тухай хуулийг зохиогоод уншсан гэх зүйлийг яриад байгаа. Та Дэгийн тухай хуулийг гадарлаж буйн хувьд юу хэлэх вэ?

-Дэгийн тухай хуулиар хуралдаанд нэг гишүүн нэг удаа “горимын санал” гаргаж болно гэж хуульчлагдсан. Ч.Лодойсамбуу гишүүний ярьж байгаа шиг механикаар зохиосон зүйл биш. УИХ-ын даргын Дэгийн зөвлөх нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тэргүүн дэд дарга нар байдаг. Тэдгээр хүмүүсээс Дэгийн тухай хуулийг тайлбартайгаар явуулсныг л уншсан байх. Үүнийг л “дэгсдүүлж” ярьж байна гэж харж байгаа.

Хуулиа сайн уншвал төхөөрөмж гацсантай холбоотойгоор ил санал хураалт явуулах зохицуулалт бүгд бий.

Том зургаар нь харвал, шинэ Дэгийн тухай хуулийг 126 гишүүнтэй парламент анх удаа хэрэглэж байгаа. Мэдээж засаж сайжруулах зүйл бий. Ямартаа ч нэг улирал, нэг чуулганы хугацаанд ажиллаад үзье. Тэгээд хамгийн их асуудал гарсан хэсгийг нь засаж, сайжруулах бодлогын шийдвэр гарсан.

-Гүйцэтгэж эхлээгүй төсвийг тодотгох нь логикийн хувьд ч сонин-

-Ирэх оны төсөв батлагдахтай зэрэгцэн 12-р сард багтааж, төсвийн тодотгол хийхийг ЗГ-т үүрэг болгосон. Энэ нь хуульд нийцэх үү. Хууль зөрчсөн гэж үзэх нэг хэсэг нь байна л даа?

-Гүйцэтгэж эхлээгүй төсвийг тодотгох нь логикийн хувьд ч сонин. Нөхцөл байдал л биднийг стандарт бус шийдвэр гаргахад хүргэчихлээ. Төсвийн байнгын хороо сайн ажилласан бол, гишүүд ажил хэрэгчээр хандсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Төсвийн тухай хуулиар тодотгол хийх үндсэн 4-5 үндэслэл бий. Ихэвчлэн хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, эдийн засаг савлагаатай үед л энэ өөрчлөлтийг хийдэг. Харин энэ цаг үед Засгийн газар төсвийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө сайд хоорондын төсвийг шилжүүлэх байдлаар ороод ирвэл УИХ хүлээж аваад, хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: Зургаадугаар сараас шинэ жилийн захиалгаа авч эхэлсэн томоохон ресторануудын ЗАХИАЛГА ДҮҮРЧЭЭ
СУРВАЛЖИЛГА: Зургаадугаар сараас шинэ жилийн захиалгаа авч эхэлсэн томоохон ресторануудын ЗАХИАЛГА ДҮҮРЧЭЭ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!