“Будран орох цастай, бугатай цамцаар хослох” шинэ жилийн баяр болоход 49 хоног л үлджээ. Энэ өдрүүдэд охид, бүсгүйчүүд хоолны дэглэм барьж, гоёлын даашинз, хослолын эрэлд гарч эхэлсэн бол албан байгууллагууд ч бас шинэ жилээ тэмдэглэх захиалгаа аль хэдийнэ өгч эхлээд байна.
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЕНЮ 180-300 МЯНГА ХҮРТЭЛ ҮНЭТЭЙ БОЛ 11 САРД ТЭМДЭГЛЭВЭЛ ХЯМДРАЛ ҮЗҮҮЛНЭ
Улаанбаатар хотод тав алхаад л таарах ресторан, лоунж, зочид буудал шинэ жилийн захиалгаа авч эхэлсэн бөгөөд менюгээ танилцуулаад эхэлжээ. Баярын багц нэг хүнийх дунджаар 169-180 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал,
Төв номын сангийн орчимд байрлах Mazzy Lounge гэхэд шинэ жилийн багц 169, 219, 299 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус газрын хувьд 30-50 хүний хамт олны захиалга авах боломжтой. Харин найзуудын шинэ жил тэмдэглэх “багц” байхгүй. Хэрэв арваннэгдүгээр сард шинэ жил тэмдэглэхээр болбол тодорхой хувиар хямдрал үзүүлж болохыг тус газрынхан хэлэв.
Баянгол дүүрэгт байрлах Mild River Club 180, 230, 300 мянган төгрөгийн сонголттой бөгөөд 40-50 хүнтэй хамт олны баярын захиалгаа авч байгаа аж. Хэрэв наана нь буюу арваннэгдүгээр сард захиалга өгвөл хямдрал үзүүлэх боломжтой гэдгийг тус газраас хэлэв.
Мөн Нарны хорооллын урд “Astory Grand Hall“ –д “Хүрээ үдэш-2025” байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн хөтөлбөр гаргажээ. 400-500 хүртэл хүн хүлээн авах боломжтой гэнэ. Үнэ ханш 295 мянган төгрөг аж. Ерөнхийдөө зочид буудал, ресторан үйлчилгээний газрууд цөөн хүнтэй шинэ жилийн захиалга авах нь ховор байна.
Ялангуяа сүүлийн үед хүмүүс найз нөхдийн дунд шинэ жил тэмдэглэх болсон. Тэгвэл ийм багц меню байхгүй, дунджаар 30-50 хүний захиалга авч байгаа юм байна.
ДЭЭД ЗЭРЭГЛЭЛД ТООЦОГДОХ ЗОЧИД БУУДЛЫН ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА ДҮҮРЧ БАЙНА
Монголдоо дээд зэрэглэлд тооцогдох дээд зэрэглэлийн зочид буудлын шинэ жилийн захиалга дүүрч эхэлжээ. Зарим нь шинэ жилийн захиалгаа он гараад авч эхэлсэн байна.
"Шангрилла"зочид буудал: Шинэ жилийн захиалга авч эхэлсэн бөгөөд дүүрчээ. Тус газар он гараад буюу 2024 оны нэгдүгээр сараас энэ жилийн шинэ оны захилга авч эхэлсэн болохыг мэдээлэв. Одоогоор арванхоёрдугаар сарын 1-ны өдрийн 40 хүртэл зочин хүлээн авах заал захиалга авч байгаа аж. Харин 500 хүртэл зочин хүлээн авах том заалууд нь захиалга аль хэдийнэ дүүрчээ. Үнэ ханшийн тухайд 270-370 мянган төгрөгийн үнэтэй. Үүнд, хоол, уух зүйл, заал багтаж байна. Харин хөгжим багтаагүй юм байна.
"Туушин" зочид буудал: Шинэ жилийн захиалгаа есдүгээр сарын 1-ны өдрөөс албан ёсоор авч эхэлсэн бөгөөд 2025-2026 оны шинэ жилийн захиалга өгөхөөр болбол урьдчилгаа 50 хувь өгөх боломжтой.
Одоогоор 400 хүртэл хүн хүлээн авах Соёмбо танхим захиалга дүүрчээ. Ингэхдээ Баасан, Бямба гараг захиалгатай бол Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гарагт бол арванхоёрдугаар сарын 8,9, 10, 11, 12-ны өдөр болон арванхоёрдугаар сарын 22-ны Ням гараг, 28-ны өдрийн захиалга тус тус авч байгаа аж. Үнэ ханшийн тухайд 239 мянга, 299 мянган төгрөг. Өнгөрсөн жилийнхээс үнэ ханш дунджаар 10 мянган төгрөгөөр л нэмэгдсэн бөгөөд таксны үнэ шингэсэн гэнэ. Түүнчлэн зочид буудлын хоёр өрөөг хувцасны өрөөний зориулалттайгаар ашиглах боломжтой. Мөн
- – Гэрэлтүүлэг
- – Сүүлийн үеийн хөгжим аппаратур
- – Засалттай тайз
- – Баганагүй цэлгэр танхим
- – LED дэлгэц
- – Хувцас солих өрөө
- – Гэрэлтүүлэг бүхий зураг авах хэсэг (selfie corner) зэрэг багтаж буй.
Үүнээс гадна Сүлд танхим 50 хүртэл хүнтэй хамт олны захиалга авч байгаа бөгөөд үнийн хувьд адилхан юм байна. Харин шинэ жилээ арванхоёрдугаар сараас өмнө тэмдэглэх сонирхолтой аж ахуйн нэгж компани арваннэгдүгээр сарын 26 болон 30-нд захиалга өгөх боломжтой. Баасан, Бямба гарагийн сонголттой.
"Улаанбаатар зочид буудал: Шинэ жилийн захиалгаа өнгөрсөн зургаадугаар сараас авч эхэлжээ. Ирэх долоо хоног хүртэл хүртэл захиалга үргэлжилнэ. Тус газрын үнэ ханшийн тухайд меню үйлчилгээ нэг хүний 220 мянган төгрөгөөс захиалга эхэлж байна. Үйлчлүүлэгчийн хүсэлтээс шалтгаалан үнэ ханшид өөрчлөлт оруулж болох юм байна. Тус газар хамгийн ихдээ 500 хүртэл хүнтэй байгууллагын захиалга авч байгаа аж.
Блью скай зочид буудал: Шинэ жилийн захиалгаа хоёр долоо хоногийн өмнөөс авч эхэлжээ. Албан байгууллагын шинэ жилийн захиалга арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ.
Чингис хаан зочид буудал: Шинэ жилийн захиалгаа хоёр долоо хоногийн өмнөөс авч эхэлжээ. Тус зочид буудал арванхоёрдугаар сарын 4, 5, 9, 10, 12 хүртэл захиалга байгаа аж. Тус газрын мэдээлснээр захиалга дүүрч байгаа юм байна.
Үнэ ханшийн тухайд нэг хүний 229 мянга, 249 мянга, 299 мянган төгрөгийн үнэтэй. Харин 30-60 хүнтэй байгууллагын захиалга авахгүй бөгөөд түүнээс дээш буюу “дундуур” хүнтэй захиалга авах нь.
Баянгол зочид буудал: Шинэ жилийн захилгаа аравдугаар сараас авч эхэлсэн бөгөөд одоогоор 100-350 хүн хүртэл хүлээн авдаг том заалны захиалга дүүрчээ.
Ингэхдээ Баасан болон Бямба гарагийн захилга нь дүүрсэн бол арванхоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдөр болон 27, 28-ны өдөр захиалга өгөх боломжтой юм байна. Энэ заал нь хөгжим, лед дэлгэцтэй.
Үнэ ханшийн хувьд шинэ жилийн багц меню нь 185 мянган төгрөгөөс 290 мянга төгрөг хүртэл үнэтэй байгаа юм. Үнэ нэмэгдэхийн хэрээр хоол болон зууш, уух зүйлийн сонгол нь нэмэгдэж байгааг тус зочид буудлын менежер тайлбарлалаа. Зарим газар арваннэгдүгээр сарын дунд болон сүүлчээр тэмдэглэхээр урьдчилсан захиалга өгдөг байна. Үүнд ихэвчлэн худалдаа үйлчилгээний байгууллага багтана. Түүнчлэн, 40-70 хүртэл зочин хүлээн авах хоёр жижиг ресторан захиалга авч байгаа бөгөөд Баасан, Бямба гарагийн сонголттой. Шинэ жилийн үндсэн багц меню 185 мянган төгрөгөөс хямдарч 166 мянга 500 төгрөг болжээ. Тодруулбал, Монголын нэг өдөр ресторан 70 хүртэл хүн хүлээн авах бол Wine House ресторан 40 хүртэл хүн хүлээн авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!