УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.10.31-ний өдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг дагалдуулж оруулж исрэн хуулийн төслүүдийг дэмжихгүй байгаа. Тодруулбал, ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын хөнгөлөлт үзүүлэх агуулгыг яг ямар бараа, ажил үйлчилгээнд үзүүлэх нь тодорхойгүй байна. Дээр нь УИХ-ын гурван тогтоолын төсөл батлагдахаар байгаа. Тодруулбал, ЗГ-аас бонд гаргаж зээл авах асуудал яригдаж буй. Бондын зээлд босго тогтоож өгөөгүй байна. ЗГ дахин санхүүжүүлэх нөхцлөөр хэчнээн төгрөгийн зээл бондын санхүүжилтээс авах гэж байгаагаа тодорхой болгох шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Татварын хуульд хөнгөлөлтийг ерөнхий зааж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байна гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлж байгаа. Бид татварын хуульд Бүсчилсэн хөгжилд чиглэсэн татварын хөнгөлөлтөд үйлчлэх жагсаалтыг гаргах, боловсруулах үйлдвэрлэлийн ямар төрлийн бүтээгдэхүүнд гааль болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэх вэ гэдэг жагсаалтыг гаргах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Татварын хуулийн 4.2-т татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, хэлэлцэнэ гэж заасан байдаг. Энэ агуулгаараа дагалдах хуулийн төсөлд оруулж хэлэлцүүлж буй.
Ирэх онд гаргах гадаад, дотоодын зээлийн хувь хэмжээг 300 тэрбум төгрөг хүртэл гээд хуульд заачихсан байгаа. Харин бонд гаргах процессыг нь УИХ-ын тогтоолоор бий болгож байна гэсэн үг. Үүний дараа дахин УИХ дээр яг ямар бондыг юун зориулж гаргах талаарх асуудал яригдана. 300 тэрбум төгрөг хүртэлх бондын зээлийн асуудлыг ЗГ юунд зарцуулахаа бодлогоороо шийднэ. Харин ажлын хэсгээс үүнд 4 ихнаяд төгрөг гэдэг хэмжээ тавьсан. ЗГ-ын өрийн үлдэгдлийг нэмдэг, нэмдэггүй хоёр төрлийн бонд бий. Дахин санхүүжилт хийж байгаа бондод зээлийн ямар нэг өр авлага үүсэхгүй.