Европын орнууд шинэ коронавирусийн эсрэг хоёр дахь удаагаа хөл хорио зарлаж байхад БНХАУ-д аялал жуулчлалын салбар сэргэж байна. Алтан долоо хоногоор 637 сая орчим хүн Хятадын өнцөг булан бүрт аялажээ. Энэхүү баяр нь 1949 онд БНХАУ үүссэний ой бөгөөд тус баяраар бүх нийтээрээ долоо хоног амардаг ч энэ жилийн хувьд билгийн тооллоор тооцдог намрын дунд сарын баяр давхцсан тул найм хоног амарчээ.
БНХАУ-ын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн мэдээллээр аялагчид өнгөрсөн найман өдрийн хугацаанд нийт 466 тэрбум ренминби буюу 68.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө үрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн дээрх баяраар аялагчдын үрсэн мөнгөний 69.9 хувьтай тэнцэж байна. Бээжинд л гэхэд 13.79 сая дотоодын аялагчид засгийн газрын хяналтан дор Хориотой хот, Мао Зедуны хүндэтгэлийн танхим, Цагаан хэрэм тэргүүтэй 223 газраар аялажээ. Энэ нь өнгөрсөн жилийн аялагчдын тооноос ердөө 0.03 хувиар бага тоо юм.