Д.Цогтбаатар: Газрын доорх баялаг хэдэн малчны өмч биш Монголын баялаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 27 секунд

Монгол Улсын гавьяат уурхайчин доктор профессор Д.Цогтбаатартай ашигт малтмалын тухай ярилцлаа.

-----------------------------

- Эрдэс баялгийн салбарынхан хоёр жил тутамд хуралдаж тулгамдаж буй асуудал, цаашдын гарц гаргалгааг ярьдаг. Энэ салбарын хүний хувьд та асуудлыг хэрхэн харж байна?

- Өнөөдөр хамгийн том чөдөр бол Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчин. Энэ салбарт шинэчлэл хийхгүй бол Монгол Улс хэчнээн том үйлдвэр барьсан ч хөгжихгүй. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын хайгуул хийлгэсэнгүй.

Эх орондоо хайртай мэт хүмүүс гарч ирээд л энд ч болохгүй, тэнд ч болохгүй гэж бүгдийг нь хориглосноос болж өнөөдөр нөөцөө тогтоож чадаагүй.

Сумын юм уу, багийн саалчин, малчинаас зөвшөөрөл асуугаад байдаг. Гэтэл газрын доорх баялаг бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол бүх ард түмний өмч юм.

- Худлаа эх оронч хүмүүс геологийн салбар орхигдоход буруутай гэж үү. Уул уурхайн салбар иргэдийн үл ойлголцолтой хэзээд л нүүр тулсаар ирсэн. Гэвч эдийн засгийн тулгуур багана нь боллоо шүү дээ?

- Би дээр хэлсэн, ашигт малтмалын хайгуул, геологийн ажлыг орхигдуулаад хаягдаж байна. Үүнгүй Монгол Улс яаж хөгжих юм. Газрын доорх тогтоосон нөөцүүд байгаа ч хайгуул хийгдэхгүй шүү дээ. Хамгийн гол нь хайгууль хийлгэхгүй байна. Эх орон ч мэт хүмүүс гарч ирдэг. Үнэн хэрэгтэй юу нь хайртай юм бэ. Ямар ч хайр байхгүй. Хэдэн төгрөг өгвөл тохирдог. Нөгөө талаас, Монгол Улс хуулиараа геологийн салбарт хайгууль хийх ёстой.

Мэдээж ард түмнээсээ асуух нь зүйн хэрэг. Гэхдээ сумын юм уу, багийн малчин, саалчинаас зөвшөөрөл асуугаад байдаг. Угтаа бол газрын доорх баялаг бол Монгол Улсын Үндсэн хуулиар бүх ард түмний өмч юм.

БҮХ АШИГТ МАЛТМАЛЫГ БОЛОВСРУУЛЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ ҮР АШИГГҮЙ

-Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй гол сорилт түүхий эдээ нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгол экспортлох. Энэ чиглэл рүү төр, хувийн хэвшил анхаарал хандуулах боллоо.Эрдэс баялгийн салбарынхан ч шинэ технологи, туршлагаасаа хуваалцлаа.?

- Бид нэг зүйлийг их сайн ойлгох ёстой. Өнөөдөр манай төр засаг, түүхий эдээ түүхийгээр нь гаргаж, боловсруулалт хийх ёстой гэж ярьж байна. Гэтэл бүх ашигт малтмалыг эцсийн бүтээгдэхүүн болгох нь ашигтай биш. Эцсийн бүтээгдэхүүн гаргавал Монгол Улс хөгжих юм шиг ярих болсон. Энэ бол худлаа.

- Яагаад?

- Яагаад гэвэл, тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг боловсруулахад зардал гарна. Технологи шаардана. Өнөөдөр ямар бүтээгдэхүүнээ эцсийн боловсруулалт хийх вэ, ямрыг нь баяжуулах вэ гэдэг дээр бид тогтох ёстой. Үүний тулд эрдэмтдийнхээ үгийг сонсох хэрэгтэй.

Бидний ярьж буй зэсийн баяжмал байна, үүнийгээ хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болгох тухай ярьж байгаа ч маш өндөр зардалтай байна. Гэтэл зэсийн баяжмалыг үйлдвэрлэдэг хамгийн гол орц өнөөх бидний муулаад байгаа Хөвсгөлийн фосфор. Үүнийг ашиглаагүй мөртлөө өөр технологи ашиглах тухай ярьж байна. Яагаад гэвэл, фосфор ашиглахыг Хөвсгөлийн ард түмэн зөвшөөрөхгүй гэх. Фосфор бол хөвсгөлчүүдийнх биш Монгол Улсын нийт иргэдийн ашигт малтмал шүү дээ.

-Тэгвэл ямар ашигт малтмалыг нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болговол илүү ашигтай, зардал багатай байх бол?

-Миний хэлж байгаа санаа нь фосфорыг баяжуулбал зэс хайлуулах үйлдвэрээ барьж илүү хямд өртөгтэй тусна. Өнөөдөр маш өндөр зардлаар зэс хайлуулж боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах тухай л ярьж байна шүү дээ.

-Өнөөдөр бид алт, зэс, төмрийн хүдэр гэх цөөн түүхий эдээ л боловсруулах тухай ярьж байгаа. Фосфорын тухайд эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь ямар байх вэ?

-Өнөөдөр дэлхий дахин хүнсний хомсдолд орж байна. Хэрэв бид Хөвсгөлийн фосфорыг ашиглаж чадвал алт, зэснээс ч илүү үнэтэй шүү дээ. Фосфорын ордоо ашиглуулахгүй гэж ярьж байна. Гэхдээ фосфорыг мэдэхгүй, ашиглаж чадахгүй хүмүүс ард түмний толгойг угааж байна.

Хөвсгөлчүүд аймагтаа ашигт малтмалыг хөгжүүлэхгүй гэдэг. Хөвсгөл аймаг тусгаар тогтносон улс биш шүү дээ. Фосфорт олон янз. Хөвсгөл нуураас 135 км зайд байрлах Бүрэнхааны ордыг яагаад ашиглаж болохгүй гэж. Бүрэн боломж бий шүү дээ.

Манай Монголын фосфорт бол уусдаггүй төрлийнх. Мэдээж Хөвсгөл нуурын Жанхай хэсэгт бид гар хүрэхгүй. Гэхдээ Хөвсгөл нуурын доогуур фосфорт явж л байна. Яагаад хүмүүсийг хордуулахгүй байгаа юм. Тиймээс хүмүүсийн мэдлэгээс хамаарч ийм асуудал яригдаад байна.

НҮҮРС ХОРТОЙ ГЭХ ОЙЛГОЛТ АБСУРД, ДАХИАД Ч ХЭДЭН ЗУУН ЖИЛ АШИГЛАНА

-Дэлхий дахинд л нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи рүү шилжиж байна. Харин манай улсын хувьд энэ нь хүнд цохилт болох вий гэх болгоомжлол ч бий?

- Энэ асуудлыг тэрбумтнууд өөрсдөө мөнгө олох гэж л сэргээгдэх эрчим хүчний тухай л гаргаж ирсэн зүйл шүү дээ. Үнэн хэрэгтээ, баттерей, зай хураагуурын гол түүхий эд болох газрын ховор элементийн нөөц дэлхийд байхгүй.

Дэлхий дахин нүүрсийг хортой гэж татгалзах боллоо. Энэ бол худлаа, абсурд. Эрдэмтний хувьд хэлэхэд үүний эсрэг дэлхийн том эрдэмтдийн урсгал гарч ирсэн. Нүүрсийг дахиад ч хэдэн зуун жил ашиглана.

Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч, салхины эрчим хүч ярьж байага ч үйлдвэр явуулах бололцоогүй. Нар, салхигүй үед яах вэ гэх асуудал байгаа шүү дээ. Үйлдвэрлэл тогтмол явах ёстой. Нүүрсний ирээдүйд ч зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд ч эзлэх байр суурь нь хэвээрээ байна. Нүүрсний орд нөөцөөрөө баян манай улсын хувьд нүүрс ирээдүйд ч эдийн засгийн хөшүүрэг хэвээрээ байна. Наад зах нь, нүүрснээс хий гаргаж ашиглаж болно.

-Ялангуяа Монгол Улс газрын ховор элементийн асар их нөөцтэй гэдгийг олон улсын байгууллагууд ярьж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон шүү дээ?

-Үгүй, ямар ч тогтоосон нөөц байхгүй. Лити, мөнгө гэж яриад л байна, хүрэлцэхгүй шүү дээ. Зөвхөн Монгол Улс биш олон улсын том эрдэмтэд үүнийг тогтоосон. Өнөөдөр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэж ярьж байна. Гэтэл агаарын температурыг нь нэмж хэлээд байна гэх эрдэмтдийн маш том урсгал гарч ирсэн шүү дээ. Үүнийг бид анхаарч сонсох ёстой.

Увс аймгийн Засаг даргад С.Батжаргалыг 55 хувийн саналаар дэмжлээ
Увс аймгийн Засаг даргад С.Батжаргалыг 55 хувийн саналаар дэмжлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!