Дэлхийн жүдо бөхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монголын жүдо бөхийн холбооноос энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Sensei cup-2024” тэмцээнийг Спортын төв ордны жүдо бөхийн зааланд зохион байгуулж байна. Нэрэмжит тэмцээний эзэн Ч.Машбат нь Монгол улсад самбо, жүдо бөхийн спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн.
Энэ жилийн тэмцээнд 46 багийн нийт 220 (эрэгтэй 132, эмэгтэй 88) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд жин жинд шалгарсан зургаан тамирчин ирэх сард болох “Топ-6” тэмцээнд оролцох эрх авах юм. Өнөө жилийн тэмцээнд оролцогчдоос онцолбол, 48 кг-ын жинд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Т.Отгонжаргал нарын шилдгүүд байна.
Г.Отгонцэцэг нь “Токио-2020” олимпын наадмаас хойш гурван жилийн дараа дэвжээнд гарч байгаа нь энэ юм. “Sensei cup” цуврал тэмцээн 2020 оноос анхлан зохион байгуулагдаж ирсэн бөгөөд “Парис-2024” олимпын наадмын дараах сорил болохыг онцолж байна.