УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Төсвийн төсөлтэй холбогдуулан “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж байна. Та эдийн засагчийн хувьд аль хэдийнэ төсөвтэй танилцаад, дүгнэлтээ хийсэн байх. Ямар дүн тавьж байна?
-Энэ жилийн тухайд төсөв өргөн барихад онцлогтой талууд байна. Өмнө нь 11-р сарын 1-нд төсвөө өргөн бариад, үүний дараа олон нийтэд хэлэлцүүлгээ хийдэг байсан бол энэ онд нэлээн эрт буюу 9-р сарын 1-нд төсвөө өргөн барьснаараа давуу тал, онцлогтой байна. Төсвийг олон нийтээр хэлэлцүүлж буй гол онцлог нь мэдээж тухайн төсвийг мэргэжлийн хүмүүс, эдийн засагчид судалж үнэлэлт дүгнэлтээ гаргадаг.
Хоёрдугаарт, ирэх жилийн төсөв бол дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийхэд зориулагдсан. Энэ нь нэг талаараа давуу тал болсон юм шиг харагдаж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын хувьд дэд бүтцийн хөгжлөөрөө олон жил хойш татагдсан. Үүн дээр нэмээд худалдаа арилжаа, олон төрлийн тээвэр хөгжихийн тулд дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болов уу. Сул талыг нь үзвэл мэдээж эдийн засгийн өсөлтөө ДНБ-ий 8 хувьтай ижил хэмжээнд байна гэж үзсэн. Олон улсын байгууллагуудын гаргаж буй судалгаануудаас харахад, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6 хувь байна гэж таамаглаж байгаа. Хэрвээ эдийн засгийн өсөлт төсөөлсөн 8 хувьдаа хүрч чадахгүй бол төсвийн орлого тасрах эрсдэл байгаа гэж үзэж байна.
-Төсвийн урсгал зардал жил бүр л нэмэгдсээр ирсэн. Үүнийг ч зарим хэсэг нь шүүмжилж байна. Ирэх оны төсөвт тэвчиж болох зардал байна уу. Зардал дээр та юу хэлэх вэ?
-Зардлыг аваад үзвэл, томоохон хэсгүүдийн нэг нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл байгаа. Мэдээж бодит байдал дээр төрийн зарим албан хаагчдын цалин бага байгаа нь үнэн. Гэхдээ цалин нэмэхээр гардаг нэг сөрөг тал нь бол инфялцыг өдөөх байдаг. Тиймээс шууд утгаараа цалинг нь нэмэхээс илүүтэйгээр татварын уян хатан бодлогыг хэрэгжүүлж, цалингаасаа гар дээр авах мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломж байсан.
Гэхдээ энэ онд сонгууль таарсан учраас 2024 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл өргөн барих гээд хугацаа давчуу байсан байх.
-Сонгуультай жилүүд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг-
-Та яриандаа сонгууль болсныг дурдлаа. Энэ удаагийн УИХ, орон нутгийн сонгууль эдийн засагт ямар нөлөө үзүүлэв?
-Ер нь сонгуультай жилүүд эдийн засагт сөрөг нөлөөтэй байдаг. Яагаад гэвэл бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид сонгууль дуусахыг хүлээгээд байдаг. Учир нь хэн гарах нь тодорхойгүй байдаг учраас хүлээлт үүсгэдэг. Ийм байдлаар сонгуультай жилүүд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг талтай.
-ЗГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл бол ирэх оны төсвийн гол онцлог. Эдгээр төслүүд хэрэгжих боломж хэр байгаа бол?
-Томоохон төслүүдийг 1-2 жилийн дотор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс хамгийн чухал гэсэн 14 төслөө тогтвортой хэрэгжүүлэх нь чухал. Ихэнхдээ ТЭЗҮ болон суурь судалгаанууд нь хийгдэж байтал 1-2 жил өнгөрчихдөг. Дараа нь төсөв хөрөнгөө босгож байтал дараагийн сонгуулийн мөчлөг эхэлнэ. Төсвийн орлого тасарсан тохиолдолд эдгээр төслүүд гацах эсвэл бусад эрсдэлүүд байна уу гэж харж байгаа.
Учир нь төсвийн ихэнх орлогыг нүүрс, зэснээс олно гэж төсөөлсөн байна. Харин ирэх жилүүдэд нүүрс, зэсний эрэлт нийлүүлэлт буурлаа гэхэд эрсдэл үүсэх магадлалтай.
-Нүүрсний хулгайн хэргээс хойш биржээр нүүрс худалдаалж эхэлсэн. Гэвч сүүлийн үед биржээр гаргах нүүрсний хэмжээ буурснаас болж, валютын нөөц буурч буй асуудал УИХ-аар хөндөгдөх болсон. Нөөц буурах шалтгаан энэ мөн үү?
-Ер нь жилийн хоёрдугаар хагаст хүйтний улирал ирж буйтай холбоотойгоор эдийн засгийн идэвхжил буурдаг. Харин хавар болоход идэвхжил сэргэж эхэлдэг л дээ. Энэ нь экспортын хэмжээ буурахад нөлөөлж болно.
Биржээр нүүрс гаргана гэхээр Монгол Улс ганцхан БНХАУ руу гаргаж байгаа тохиолдолд заавал уул уурхайн биржээр гаргах шаардлага байна уу гэх томоохон асуудал гарч ирж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд биржээр нүүрс гаргахад үүссэн томоохон шүүмжлэл бол биржээр нүүрс авахаар үнэ өндөр буюу тээврийн зардал нь нэмэгдэж, зах зээлийн хэмжээнд нийцэхгүй байгаа шүүмжлэл гарч байсан.
-Зүй тогтлоороо валютын ханш өсөх ёстой байсан-
-Валютын нөөц буурсан гэх шалтгаанаар сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсөж байна. Энэ нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийх вэ?
-Зүй тогтлоороо валютын ханш өсөх ёстой байсан. Жил бүр 8-р сарын дундаас эхлээд валютын ханш өсөж эхэлдэг. Харин энэ жилийн тухайд ханш тогтвортой байлаа. Сүүлийн өдрүүдэд ханш өсөж буй дүр зургийг 8-р сард өсөх байсан ханшийн өсөлт хоцорч явагдаж байгаа юм болов уу гэж харж байна.
Үүнээс гадна ам.долларын эрэлт өндөр байгаатай нь холбоотой болов уу.
-Жамаараа л явж байна гэсэн үг үү?
-Тийм. Тодруулж хэлбэл, намар экспорт багасаж байгаа. Зундаа аялал жуулчлалтай холбоотойгоор Монголд орж ирэх валютын урсгал нэмэгддэг. Харин одоо жуулчид ч явсан, экспорт тодорхой хэмжээнд буурсан байгаа энэ үед валютын ханш өсөх нь ойлгомжтой.
-Анхаарал татсан өөр нэг асуудал бол “Эрчим хүчний реформ”. Энэ реформ эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Эдийн засгийн хувьд хамгийн чухал амин судас нь эрчим хүч байдаг. Эрчим хүчгүй бол бүх зүйл зогсонги байдалд орно шүү дээ. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний реформ хийх шаардлага олон жилийн өмнө үүссэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчийг улсын маш өндөр татаасаар явуулж ирсэн байдаг.
Бид ч өнөөдөр харьцангуй хямд өртөгтэй эрчим хүчийг хэрэглэж байгаа. Цаашид энэ орлогоор хөгжүүлэх боломжгүй. Тиймээс эрчим хүчний үнийг нэмэх шаардлагатай. Гэхдээ огцом биш. Ингэснээр нь иргэдэд мэдрэгдэх нь харьцангуй бага байх болов уу.
Огцом их хэмжээгээр нэмсэн тохиолдолд иргэдийн орлогод нөлөөлөхөөс гадна өргөн хэрэглээний барааны үнэ өсөх эрсдэл харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн айл өрхийн байрны мөнгөөр хязгаарлагдахгүй. Тиймээс яригдаж буй өөр нэг хувилбар бол айлуудынхыг арай багаар нэмж, ААН-үүдийнхийг өндрөөр нэмэхээр ярьж байгаа юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!