Нийслэлийн төрийн өмчийн 138 сургуулийн 74 нь буюу 53.6 хувь нь зориулалтын гал тогоотой, 42 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр нийтэд танилцуулахдаа онцолсон юм.
Нийслэлд төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99 сургуулийн 1-5 ангийн 170 мянга орчим сурагч Үдийн цай хөтөлбөрт хамрагддаг байна. Шалгалтад дээрх бүх 237 сургуулийг хамруулжээ. Шалгалтаар нийт 450 арчдас, уснаас 75 сорьц, хүнсний бүтээгдэхүүнээс 30 дээж авч шинжилжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34-р сургууль, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, 72-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134-р сургууль, Баянзүрх дүүргийн "Баянзүрх шавь" цогцолбор, 102, 53, 79-р сургууль Сүхбаатар дүүргийн 45, 71-р сургуулийн цайны газар нь зориулалтын бус байна.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүйгээр ажиллаж байсан 67 сургуулийн цайны газарт зөрчил илэрчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 150-р сургууль, Баянзүрх дүүргийн 126, 87, 137-р сургууль, Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, "Шинэ зууны удирдагч" сургууль, Үй Цай сургууль, Баянгол дүүргийн "Жишиг эрдэм" сургууль, Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн цайны газар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүйгээр ажиллаж байжээ.
Үүнээс гадна хүнсний түүий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй 90 зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 138, 117-р сургууль, Баянгол дүүргийн "Жишиг эрдэм" сургууль зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байжээ.