УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг хэлэлцлээ. Хуралдаанд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан оролцож мэдээллээ хүргэлээ.
Монгол-Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарч гэрээ байгуулагдсан байдаг. Үйлдвэрийн барилга дөрвөн багц хэсгээс бүрдэх бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд зарим ажлууд саатаад буй юм. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр багц ажлыг гүйцэтгэх нэмэлт санхүүжилт шаардагдсан асуудлаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ.
Тэрбээр "Энэтхэг Улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал яригдаж, 2019 оноос хойш энэ ажил эхэлсэн байдаг. Үйлдвэрийн ажил инженерчлэл, худалдан авалт, барьж байгуулах гэсэн үндсэн төлөвлөлтөөр нийт дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. Нэгдүгээр багцын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэж өгөх дутуу байна. Хоёр, гуравдугаар багц үргэлжлээд явж байна. Харин дөрөвдүгээр багцын ажилд үүссэн нэг асуудал нь 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл 431 сая ам.доллароор нэмэгдэх нөхцөл байдал үүссэн байна.Ковид цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж шаардлагатай тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Тиймээс Энэтхэгийн ЭКСИМ банкнаас дээрх 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулах. Гэрээ байгуулсан тохиолдолд УИХ-аар гэрээ соёрхон батлагдсанаар төсөл хэвийн үргэлжлэх боломжтой.
Өнөөдрийн тооцооллоор Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд бүрэн ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос гаргаж авна. Үүгээр тунгалаг нефтийн бүтээгдэхүүн гаргаж авснаар Монгол Улсын нийт хэрэглээний 55 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Доншин" ХХК газрын тосны олборлолт хийж байна. Өнөөдрийн байдлаар 530 орчим мянган тонн газрын тос оны гүйцэтгэлээр олборлохоор байгаа. Үүний цаана нэг сая орчим тонн түүхий тосны нэмэлт хэрэгцээ үйлдвэр ашиглалтад орсноор үүсэх юм. Иймд бид олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуулын нэмэлт талбайнуудыг зарлах байдлаар яриа хэлцэл хийхээр болж байна.