Нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг стандартын шаардлага хангасан, үр ашигтай зохион байгуулахын тулд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 52 стандарт мөрдөгдөж байна. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандарт юм.
Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж ажиллах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь стандарт огт мөрдөөгүй бол 600 гаруй нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна. Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж 3 ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” гэв.