-АВТОЗАМААС ТАВАН АЛХМЫН ЗАЙД БАЙРЛАХ АЮУЛ ДАГУУЛСАН ТОГЛООМЫН ТАЛБАЙ-
Дөрвөн төрлийн гулгах хэсэгтэй нэг том гулсуур, суудаг хэсэг нь тасарсан савлуурын тулгуур төмөр гэх хоёрхон тоглоомтой, автозамаас таван алхмын зайд байрлах АЮУЛ дагуулсан тоглох талбар. Энэ бол БАЯНЗҮРХ дүүргийн 16 дугаар хороо Улаанхуаран орчимд зам дагуу байрлах хүүхдийн тоглоомын талбай. 2022 онд батлагдсан тоглоомын талбайд тавигдах стандарт шаардлагын нэгийг нь ч хангахгүй тус тоглоомын талбайд 10 орчим насны хүү ганцаараа тоглоно.
Тоглоомуудыг анх байрлуулахдаа цутгасан бололтой цемент нь нэг булангаасаа эмтэрч, том хэмжээний нүх үүсэн, чихрийн цаас, ундааны сав, архины шилээр "дүүрчээ". Хөөцөлдөн гүйх хүүхдүүд хөл алдаад унавал гэж бодох төдийд л айдас төрөх.
Хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг бол автозамаас 10 хүрэхгүй алхмын зайд байрлах атал хашаалсан хашаа, хайс байхгүй. Жаахан сэрэмж алдаад тоглоомоос унахад аюул, эрсдэлийг багасгах үүрэгтэй зориулалтын зөөлөн резинийг тоглоомын талбайд дэвссэн байх ёстой гэх стандарт цагаан дээр хараар бичээстэй байдаг ч тус тоглоомын талбайн суурь цементээрээ байх жишээтэй. Энэ мэтчилэн дурдаад байвал дуусашгүй олон эрсдэл ганцхан энэ тоглоомын талбайг хүрээлж байна.
Харамсалтай нь энэ нөхцөл байдал ганцхан энэ тоглоомын талбайд байгаа асуудал биш. Нийслэл хотын төвд өнгө алаглан байрлах хүүхдийн гэх тоглоомын талбайнуудын 80 орчим хувь нь стандартын шаардлагад нийцдэггүй. Дээрх жишгээр аюул, осолтой ойрхон байдаг. Үүнийг ГССҮТ-д тоглоомын талбайд тоглож байгаад унаж, бэртсэн гэх өгүүлэмжтэй хүүхдийн тоо тод гэрчилнэ.
ГССҮТ: ОН ГАРСНААС ХОЙШ ТОГЛОЖ БАЙГААД ГЭМТСЭН 50 ХҮҮХЭД ИРСЭН. ТЭДНИЙ НЭГ НЬ САВЛУУРААР ТОГЛОЖ БАЙГААД ГИНЖ НЬ ТАСАРЧ УНАСАН ГЭХ 6 НАСТАЙ ОХИН
Тиймээс бид ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их эмч П.Батнарантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Яаралтай тусламжийн тасагт тоглоомын талбайд тоглож байгаад унаж, бэртсэн гэх өгүүлэмжтэй хүүхэд хэр их ирдэг вэ. Тоон мэдээллийг өгөөч?
-Дулаарахаар гадна тоглох хүүхдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад манай эмнэлгийн ачаалал ч хоёр дахин ихэсдэг. Өнгөрсөн 2023 оны 5, 6, 7, 8 сард нийт 1998 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад унаж, бэртсэн гэх өгүүлэмжтэйгээр манай эмнэлэгт ирж, тусламж үйлчилгээ авсан байдаг. Харин он гарснаас хойш буюу 3, 4 дүгээр сарын байдлаар нийт 48 хүүхэд ирсэн байна. Энэ тоо хичээл сургууль амрахаар огцом нэмэгддэг.
-Тоглоомын талбай дээр тоглож байгаад бэртсэн хүүхдүүдэд ямар төрлийн бэртэл, гэмтэл зонхилдог вэ?
-Гулсуураас унах, савлуураас савж унах гэх мэт олон төрлийн өгүүлэмжтэй хүүхдүүд ирдэг. Ихэвчлэн мөчдийн хугарал, толгой, гавал тархины гэмтлүүд бас их ирдэг. Хамгийн сүүлд, савлуураар тоглож байгаад гинж нь тасарч унасан гэх хүүхэд ирсэн. Тухайн хүүхдийн тухайд, тохойны яс нь хугарч, тархи нь доргисон байсан.
-Иймэрхүү байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх дээ юуг анхаарах ёстой вэ. Зөвлөгөө өгөөч?
-Аливаа гэмтлийн үед хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай. Хоёрдугаарт гэмтсэн мөчдийг заавал сойх ёстой. Унжуулаад хүрээд ирдэг. Тэгэхээр хавдахаас эхлээд олон эрсдэлийг дагуулдаг.
-Энэ төрлийн бэртэл гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Нэгдүгээрт, хүүхдийг хараа хяналтын дор гадна орчинд тоглуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийг хүүхдээр харуулмааргүй байна. 10 настай хүүхдээр 5 настай хүүхдийг харуулаад орхичихдог. Энэ маш буруу. Гуравдугаарт, тоглоомын талбайнуудад стандарт байх хэрэгтэй. Хүүхэд унахад бэртэл, гэмтлээс сэргийлэх зорилгоор зөөлөн шалавчийг заавал дэвсэх хэрэгтэй. Гүйж, үсэрч, харайж байгаад хатуу цементэн дээр унахаар гэмтэж, бэртэх эрсдэл нь нэмэгддэг. Дөрөвдүгээр, тоглоомын талбай автозамаас тусгаарлагдсан байх ёстой. Замтай ойрхон, тусгайлсан хашаа хайс байхгүй гэх шалтгаанаар авто осолд өртөх тохиолдол ч ирдэг. Тиймээс хүүхдийн аюулгүй байдал гэдэг зүйлд л онцгой анхаардаг баймаар байна.
Дөрөвхөн сарын хугацаанд 2000 орчим хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа гэмтэж, бэртэн гэдэг хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, аюул дунд аж төрж байгаагийн тод жишээ. Энэ бол зөвхөн ГССҮТ-д хандсан хүүхдүүдийн тоо. Үүний цаана хэчнээн хүүхэд өөр эмнэлэгт хандаж, өвдөж, зовсныг бид таашгүй.
Гадна дулаарч тоглоомын талбайг зорих хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч өвлийн турш шороо тоосондоо дарагдаж, эвдэрч хэмхэрсэн хэсгээ засаж сэлбээгүй, угааж арчлаагүй тоглоомын талбайнууд хүүхэд багачуудыг угтаж байна. Үүнд хяналт тавих, хариуцлага тооцох хүн ч алга. Холбогдох албан тушаалтнуудаас нь асуухаар хариуцсан СӨХ болон тухайн газрын эзэмшигч нь ашиглалт арчилгааг нь хариуцах ёстой гэх ганцхан хариултыг тоть шиг давтах. Өнөөх СӨХ-ынхөн нь болохоор төсөв мөнгө яриад ам таглачихдаг. Яг энэ нөхцөл байдал төдийгөөс өдий хүртэл хэдэн арван жил дамнан яригдсаар өнөөдрийг хүрч жилд 2-3 мянган хүүхэд тоглож байгаад гэмтэж, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд шилжиж байна.
Энэ эрсдлийг бууруулах зорилготой гэх тодотголтой шинэ стандарт 2022 онд батлагдсан ч цаасан дээр л хэрэгжиж байгаа нь нууц биш.
З.ГАНБАТ: УЛААНБААТАР ХОТОД 1500 ОРЧИМ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙДГААС 947 НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА
Бид Улаанбаатар хотод хэчнээн тоглоомын талбай байдаг. Тэдгээрээс хэд нь стандартын шаардлагад нийцэж байгаа талаар Хотын стандарт хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч З.Ганбатаас тодруулахад,
"Улаанбаатар хотод 1500 орчим хүүхдийн тоглоомын талбай байдаг. Үүнээс 947 нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн судалгаа бий. Хотын стандарт хяналтын газраас өнгөрсөн 2023 онд 400 орчим тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 орчим хувь нь эрсдэлтэй нөхцөл байдалтай байсан учраас ашиглагч байгууллагууд руу нь улсын байцаагчийн зөвлөмж, мэдэгдэл хүргүүлсэн. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, эрсдэлийг бууруулсан ч хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, засвар үйлчилгээг хийх ёстой байгууллагууд нь хийдэггүй гэсэн үг. Үүнд хяналт тавих чиг үүрэг нь хүүхдийн эрхийн байцаагчид байдаг. Манай байгууллагын тухайд хотын стандартыг батлуулах чиг үүрэгтэй. Үүн дээр хяналтын чиг үүрэг нэмэгдэж ирсэнтэй холбоотойгоор, байцаагч нар стандартынхаа хэрэгжилтэд хяналт тавьж байна. Эрсдэлтэй тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд шийдэгдэхгүй байгаа гол асуудал нь эзэмшигч, ашиглагч тодорхой бус байх явдал. Орон сууцны барилгыг барихдаа тухайн эдэлбэр газрын 70 хувийг барилгажуулаад 30 хувьд нь зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулдаг. Үүнийг СӨХ буюу ашиглагч байгууллагад хүлээлгэж өгдөг учраас эдэлгээний явцад нь хяналт тавих нь СӨХ-ны үүрэг болчихдог. Зарим хуучны байруудын тухайд, эзэмшигч, ашиглагч нь тодорхойгүй байдаг учраас хороо хариуцах зохицуулалттай байгаа. Тиймээс ашиглагч байгууллагууд нь хариуцлагатай байж, засвар үйлчилгээг нь тогтмол хийх шаардлагатай байна" гэлээ.
Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, тоглож наадах эрхтэй. Гэвч, хүүхэд бүрт хүрэлцээтэй тоглоомын талбай, шаардлага хангасан тоглоом, тоног, төхөөрөмж, хүүхдэд аюулгүй, тохилог орчин үгүй учир тоглоомын талбайд тоглож байхдаа бэртэж, гэмтэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт өсөж байна.
Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийн тоглоомын талбайн стандарттай танилцаж, хариуцах эздээс нь нэхэж, шаарддаг баймаар байна. Бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө та бид л дуугарч, стандартын хэрэгжилтийг нэхэхгүй юм бол өөр хэн ч дуугарахгүй. Яг одоо л шаардаж, засаж сайжруулахгүй бол ГССҮТ-ийг зорих дараагийн хүүхэд таны хүү эсвэл охин байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: 2022 онд батлагдсан хүүхдийн тоглоомын талбайн стандартын ОНЦЛОХ ШААРДЛАГУУД
- Тоглоомын талбай нь авто замаас зайтай, эргэн тойронд нь аюул учруулах зүйл байхгүй. Тойруулж хашаалсан байх ёстой
- Тоглоомын эрэг, боолт хамгаалагдсан, суурь нь асфальт, цемент биш элс, хайрга, зүлэг эсвэл дахин боловсруулсан резинэн зөөлөвчтэй байх шаардлагатай. Зузаан нь 150-300 мм байна.
- Улирал бүр хяналт тавьж, жил бүр нэгдсэн хяналт, засвар хийх шаардлагатай. Үүнийг хийгээгүйгээс тоглоом хуучирч, элэгдсэнээс эрсдэл дагуулдаг.
- Байршлын хувьд, барилга байгууламжаас хамгийн багадаа 1.8 метр, хогийн цэгээс 100 метр, автозамаас 500 метр байх ёстой.
- Ногоон байгууламжтай, бүрэн камержуулсан байх.
- Насны ангилалд тохирсон тоглоомуудыг байрлуулсан байх. Жишээ нь,
- Бага насны хүүхэд. Үүнд зургаан сараас 23 сар хүртэлх насны хүүхэд хамаарна. Талбайн хэмжээ 50 метр квадратаас их. Авирдаг тоглоом нь 80 см-аас бага өндөртэй байх. Гулсуур нь 360 градус өнгөөр эргэх спираль хэлбэрийн гулгууртай байх хэрэгтэй. Савлуур нь пүрштэй байвал зохистой юм.
- Сургуулийн өмнөх насанд хоёроос таван насны хүүхэд багтана. Талбайн хэмжээ 100 метр квадратаас их. Хөндлөн дамнуурга 150 см-аас бага байх ёстой. Тиймээс талбайд гүйдэг бөмбөрцөг, налуу хавтан, эвхэгддэг шат, энгийн жижиг шат, гулсуур байх шаардлагатай юм. 3600-с хүртэл өнцгөөр эргэх спираль хэлбэрийн гулсуур. Мөн пүрштэй савлуур, шаталсан зам, хамгаалалттай савлуур байх хэрэгтэй байна.
- Сургуулийн насны хүүхэд. Энэ ангилалд таваас 12 настан багтана. Тэдний тоглоомын талбайд нуман хэлбэрийн авирдаг шат, гинжин болон олсон дүүжин шат, гүүр байх хэрэгтэй. Мөн босоо авирдаг болон дүүжин, хөндлөн дамждаг, авирдаг шат байх. Эргэдэг тавцан, налуу хавтан. Гулсуур, 3600-с хүртэл өнцгөөр эргэх спираль хэлбэрийн гулсуур. Шаталсан зам, эргэдэг дугуй, савлуур хэрэгтэй. Мөн дүүжин гулсуур, босоо гулгах багана багтдаг байна.