Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байлаа. Тухайлбал, орон сууцны барилга, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгын паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон ба 2011-2022 оны хооронд орон сууцны 672, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 272 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт хийжээ.
Мөн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байна.