УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, АН-д үүсээд буй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Ирц биш нам уялдаа холбоогүй байснаас болж ялагдсан
-Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд өмнөхөөсөө амжилт тааруу оролцлоо. Гэвч АН-ын зарим удирдлагууд ялангуяа аймгийн хэмжээнд амжилттай оролцлоо гэж сонгуулийн орой мэдэгдсэн. Та сонгуулийн үр дүнд ямар байр суурьтай байна?
-Сонгуулийн дүн өмнөхөөсөө муу гарсан. Өөрөөр хэлбэл, НИТХ-д нэлээн олон төлөөлөгчтэй байсан бол тавхан болж буурсан. Мөн нийслэлийн нэг дүүрэгт ялж байсан бол тэр нь хэвээрээ. Орон нутагт найман аймагт ялж байсан бол энэ удаа долоод ялсан байгаа. Тэгэхээр амжилттай оролцсон гэдэг нь худлаа.
Өнгөрсөн хугацаанд иргэд, сонгогчид, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид “Манай намын дарга яагаад сонгуулиар мэдэгдэл хийхгүй байна, дэмжиж ярихгүй байна” гэх шүүмжлэл байсан гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна зарим хүмүүс сонгуулийн ирц муу байсан гэж ярьж байна. Орон нутагт ирц сайн байсан. Яагаад өндөр байсан бэ гэхээр аймаг, суманд өрсөлдөж буй хүмүүс ухуулах штабаараа дамжуулж, сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах бүх зүйлийг хийдэг байхгүй юу. Ухуулагч нар АН-ыг дэмждэг хүмүүсийг сонгуульд оролцуулах ажлыг муу хийсэн.
Тиймээс ялагдалд ирц нөлөөлсөн гэж байгаа нь өөрсдийн намын үйл ажиллагаа уялдаа холбоогүй байснаас шалтгаалсан гэж би үзэж байгаа.
-Нэр дэвшилтийг ямар болсон гэж дүгнэх вэ. Ер нь шат шатандаа нэр дэвшилт сул байсан гэж ярьж байна. Хотын дарга хүртэл ЖЕНКО Х.Баттулгын 30 гаруй хүн, лайвчдыг нэр дэвшүүллээ гэж байсан?
-Нэр дэвшүүлэлт гэхээр анхан шатандаа иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж, тэдний зовлон мэддэг хүмүүс дэвших ёстой биз дээ. Ядаж л өөрийнхөө намын гишүүдтэй нягт холбоотой ажилладаг хүмүүс нэр дэвших ёстой. Гэтэл ямар ч тийм зүйл байхгүй, зүгээр л дурын нэг нөхөр “Өө, би Хан-Уулаас, Сонгинохайрханаас нэр дэвшихээр боллоо” гээд бараг нэр дэвшүүлэлтийн өмнөх өдөр өөрийнхөө хаана нэр дэвшихийг мэдэж байгаа тийм л хүмүүс нэр дэвшсэнтэй холбоотой.
Мэдээж сонгуульд улс төрийн намууд сахилга бат, зохион байгуулалттай оролцдог. Гэтэл АН-ын нэр дэвшигчид болон намын анхан шатны байгууллагууд уялдаа холбоогүй байсныг хэлье.
-Энэ удаагийн ялагдлаас шалтгаалж, шат шатны удирдлагууд хариуцлага тооцох нь. Намын дүрмээрээ хоёр сарын дотор нийслэлийн намын дарга Т.Батцогт ажлаа өгөх ёстой юм билээ. Хариуцлагын тухайд та ямар байр суурьтай байна?
-Яг анхан шатны болон орон нутгийн намд намынхаа ажлыг маш сайн мэддэг, маш нягт холбоотой ажилладаг, ажлаа мэддэг, хэдэн мянган гишүүнтэйгээ яс сууж байгаад уулздаг тэвчээртэй хүмүүс орон нутгийн намыг удирдах ёстой. Тэгж байж амжилтад хүрнэ.
Монгол Ардын нам бол энэ тал дээрээ илүү сахилга баттай байна. Чадахгүй бол хажууд нь байгаа Монгол Ардын намын сайн жишгээс "хуулаад" явах хэрэгтэй.
-Ер нь та намаа сонгуульд бэлтгэл муутай оролцсон гэж байгаа юм байна, тийм үү?
-Тийм.
-МАН-аас зохион байгуулалттайгаар АН дотор үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бий болсон нь үнэн-
-АН сүүлийн долоон ч сонгуульд амжилтгүй оролцлоо. Сүүлийн жилүүдэд албан ёсны ГЕНСЕК ч үгүй явж ирлээ. Цаашид сонгуульд хэрхэн амжилт гаргах вэ. Хэзээ албан ёсны ГЕНСЕК-тэй болох вэ?
-Манай намыг "сул" байлгах сонирхол мэдээж МАН-д байгаа. Тийм учраас ялангуяа МАН-аас зохион байгуулалттайгаар нам дотор үйл ажиллагаа явуулдаг, санал бодлоо зохицуулдаг хүмүүс АН-д бий болсон нь үнэн. Бид эхлээд энэ хүмүүсээс салах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.