Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа билээ. Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж буй Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос товч тодруулга авлаа.
- Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулахаар төлөвлөж байгаа вэ?
- Авлигатай тэмцэх ажлын хамгийн бодитой алхам бол мэдээллийг ил тод болгох. Энэ мэдээлэл өгч байгаа этгээдийг хамгаалах асуудал бий. Тэгэхээр шүгэл үлээх ажиллагааг авлигатай тэмцэхээс гадна хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэрэг, экологийн эсрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэмжих нь зүйтэй. Харин шүгэл үлээснийхээ төлөө иргэн аливаа нэг төрийн байгууллагын, албан тушаалтны дарамтад орж болохгүй.
Ажлын хэсэг үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ажил, амьдралаа эрсдэлд оруулж шүгэл үлээсэн иргэдийг хамгаалахаас гадна урамшууллын тогтолцоог бий болгох асуудлыг ярилцаж байна. Өмнө нь шүгэл үлээх үйл ажиллагааг татварын хууль тогтоомж дээр хэрэглэж байсан. Татвараас зугтсан, зайлсхийж байгаа компаниудын талаар, экологийн эсрэг зөрчлийн талаар мэдээлэл өгвөл урамшуулдаг. Энэ удаа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Иргэд ажлын хэсэгт саналаа ирүүлж болно гэдэг давтан хэлмээр байна.