Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засагч Ц.Даваадорж: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнө нь удаа дараа нэмж байсан ч гарсан үр дүнг нь танилцуулаагүй

Ангилал
Нийгэм Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
7 минут 26 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгт хүргэхээр болсон талаар мэдэгдсэн. Ингэснээр эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх талаар Эдийн засагч, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржтой ярилцлаа.

-Ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх болсон талаар сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Уг асуудалд таны байр суурийг сонирхъё?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь эдийн засгийн ямар үзүүлэлт вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол аливаа ажил эрхэлж буй хүн хамгийн доод тал нь энэ хэмжээний цалинг авах ёстой гэсэн хэмжээ. Тухайн хэмжээг тогтооно гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баримжаалаад манай улсад ядуурлын хэмжээ, хүн амын орлогын түвшин ямар хэмжээнд байна вэ гэх үзүүлэлтүүдийг харах гээд байна гэсэн үг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь ажилд орж буй ажилтан хамгийн доод тал нь 792 мянган төгрөгийн цалинтай байна гэсэн санаа. Бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувиас доош орлоготой хүмүүсийг ядууралд орсон байна гэж хэлдэг. Тиймээс иймэрхүү түвшний тооцооллын үзүүлэлт гэж ойлгож болно. Энэ хэмжээ цаашид 20 хувиар нэмэгдэхээр ямар үр дагавар гарах вэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Хувь хүмүүсийн тухайд орлого нь нэмэгдэж байгаа юм шиг харагдана. Энэ сургаар ямар үзэгдэл гардаг вэ гэхээр инфляцыг өдөөж, үнийн өсөлт үүсэх сэдлийг өгдөг. Нөгөө талаасаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөж байна гэдэг нь үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр ажилтан авах гэхээр олон төрлийн татвар, даатгалын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Ялангуяа, бидний ярьдаг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл илүү их хэмжээгээр нэмэгдэх юм. Иймэрхүү гинжин урвалтай эдийн засгийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэдгийг тооцоолж байх ёстой болов уу.

-Аливаа зүйлд эерэг сөрөг хоёр тал бий. Сая та сөргийг нь ярилаа. Харин одоо эерэг үр нөлөөг нь яривал?

-Эерэг тал нь гэвэл хувь хүний нэрлэсэн орлого өснө гэсэн үг. Худалдан авах буюу импортын барааны тоо хэмжээ нэмэгдэх байдал ажиглагдана. Тэгэхээр эдийн засгийн хувьд тодорхой тоон хэмжээгээр тэлэлт бий болох боломж гарч ирэх боломжтой. Аливаа үзэгдэлд гинжин урвал явагддаг гэх утгаараа эерэг сөрөг талын аль нь давамгайлах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Үнийн өсөлт их байгаа үед инфляцтай уялдуулаад жил бүр цалинг нэмэх ёстой-

-Өмнө нь энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянгад хүргэж нэмэгдүүлсэн. Ингэхдээ ойрын хоёр жилд энэ хэмжээг хөндөхгүй байхаар заасан. Гэвч жил хүрээгүй байхад хөндөөд эхэллээ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх гэж буй нь 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой шийдэл байж магадгүй. Яагаад ийм шийдэлд хүрч байна вэ гэхээр цалин хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд барина гэсэн асуудал байхгүй. Ялангуяа одоогийнх шиг инфляц, үнийн өсөлт их байгаа үед инфляцтай уялдуулаад жил бүр нэмээд явах ёстой. Ингэхгүй бол иргэдийн бодит орлого буурчхаад байгаа юм. Өөрөөр хэлбэл цалинг нь нэмж өгөхгүй болохоор өмнө нь авч байсан бүтээгдэхүүний үнэ өссөн байхад бидний цалин хэвээрээ гэхээр орлого нь бодитоор буураад байна л гэсэн үг шүү дээ.

-Цалин хөлсийг нэмэх бодлого бол төр нь иргэдээс үнэлгээ авах гэсэн санаа-

-Мөн ирэх оны төсвийн төсөлд инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үүнтэй давхардуулан нэмж буйг та юу гэж харж байна?

-Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 6.5 хувь орчим байна. Харин цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр инфляцын түвшингээ гүйцэхгүй байж магадгүй учраас бодит орлого буурч л таарна. Цалингийн доод хэмжээг давхардуулж нэмэх болсныг би сайн ойлгохгүй байна.

Цалин хөлсийг нэмэх бодлого бол төр нь иргэдээс үнэлгээ авах гэсэн санаа байж магадгүй. Үнэхээр эдийн засагт шууд эсвэл дам нөлөө нь юу байна гэдэг судалгааг нийтэд ил болгочихвол хүмүүст илүү ойлгомжтой болох байх. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал, улс төрийн шийдэл гэдэг утгаар олон нийт хүлээж аваад байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бүрд ААН-д ирэх дарамт нэмэгдэнэ-

-ААН-үүдийн хувьд ажилчдынхаа цалинг олгохын тулд НД, ЭМД-ын шимтгэлийг төлдөг. Тэгвэл цалин нэмэгдэхийн хэрээр ААН-д ирэх ачаа нэмэгдэх байх. ААН-үүдэд үзүүлэх нөлөөллийн тал дээр та юу хэлэх вэ?

-Жижиг, дунд ААН-үүдийн хувьд цалингаа тавихад хүндрэлтэй бөгөөд хүний нөөцийн дутагдлын асуудлыг ч маш ихээр ярьдаг. Нэг талдаа мэргэжлийн ажилчдын дутагдалтай холбогдох ч нөгөө талаараа цалин болон түүнд оногдож буй татвар, шимтгэлийн асуудал маш хүнд тусдаг юм билээ.

ААН-үүдийг судлахад, нийгмийн даатгалын шимтгэл бол маш хүнд ачаа болж байна, үүнээс шалтгаалж ажилчдынхаа цалинг айхтар нэмж чадахгүй байна гэх асуудлыг хөнддөг.

Байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн 12.5 хувийг төлдөг ч эргээд хувь хүнийхээ тэтгэвэрт энэ шимтгэл очдоггүй. Ийм учраас ААН-д хүнд дарамт болж байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бүрд ААН-д ирэх дарамт нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнө нь удаа дараа нэмж байсан ч үүний үр дүн ямар байсныг танилцуулдаггүй. Өөрөө хэлбэл, цалингийн доод хэмжээг нэмснээр улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг танилцуулахгүй байна гэсэн үг л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Энх-Амгалан: Иргэд ажил хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан ихэвчлэн цалин бага, ур чадварын хувьд тэнцдэггүйтэй холбоотой
Л.Энх-Амгалан: Иргэд ажил хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан ихэвчлэн цалин бага, ур чадварын хувьд тэнцдэггүйтэй холбоотой
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.