Охин нь өдөр бүр хичээлээсээ ирэхдээ давсаг нь чинэрсэн яарч сандран 00 руу орохыг ажигласан ээж хүүхдээ өөр сургуульд шилжүүлжээ. Охин нь өдрийн тэн хагасыг өнгөрүүлдэг хичээл дээрээ 00 орж чаддаггүй болохоор уух зүйлээ хүртэл хязгаарлаж гүрийдэг байжээ. Ингээд ээж нь чанартай боловсролоос илүү тухтай ариун цэврийн өрөөг сонгож хүүхдээ өөр сургуульд шилжүүлж. Мөн л нэгэн ээж ийм шалтгаанаар хүүхдийнхээ сургуулийг өөрчилсөн байна. Энэ бол “Гүнж” төвд ирсэн бодит жишээ. Үүнээс ч хэцүү орчинд Монгол хүүхдүүд сурч байгааг наад захын 00 харуулна. Юун зарим гишүүний хэлдгээр эрхэмсэг оршихуйг мэдрэх байтугай анхдагч хэрэгцээгээ ч хангаж чадахгүй орчинд ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж байна гэвэл та итгэх үү.
ЗАРИМ СУРГУУЛЬ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГҮЙ
“Манай сургууль 00-той ч болоосой” гэж нэгэн сурагч цахим орчинд сурагчид сургуулийнхаа 00 асуудлаа ярилцах үеэр сэтгэгдлээ илэрхийлжээ. Хар дээр цагаанаар бичсэн тус зурагтай сэтгэгдэл шууд нүдэнд туссан юм. Энэ бол өнгөрсөн өвөл хүүхдүүдийн сургуулийн ариун цэврийн өрөөний асуудлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэсэн анхаарал татах зургийн нэг байлаа.
Харамсалтай нь, нэгэн судалгаанд оролцсон сурагчдын суралцдаг сургуулийн 97.7 хувь нь боловсон ариун цэврийн өрөөтэй, 1.4 хувь нь ариун цэврийн өрөө байхгүй, 0.9 хувь нь нүхэн жорлонтой байна.
Тодруулбал, Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг 9 аймгийн 11-18 насны 661 сурагч охид хамрагдсан “Охидын эрх ба сургуулийн ариун цэврийн өрөө” судалгаанд ийн дурджээ. Тус судалгааг охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвийн дэргэдэх “Охидын манлайллын хөтөлбөр төгсөгчдийн холбоо” нь ФРИДА сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2023 оны 12 сараас 2024 оны 2 сарыг дуустал 3 сарын хугацаанд хийсэн аж.
Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд төрийн ордны 00 асуудлаар шүгэл үлээв. Ингэхдээ "Ариун цэврийн өрөө эрэгтэйчүүдийнх олон буюу гурав, эмэгтэйчүүдийнх ганц буюу хэтэрхий тэнцвэртэй биш" гэж тодорхойлсон.
Ингэхдээ ариун цэврийн өрөө бол зөвхөн хэрэгцээг хангах бус хүний өөрийн эрхэмсэг оршихуй, нэр төрийн баталгаа тул хамгийн таатай байх нь хүний эрхийг дээдэлж байгаагийн нэг илрэл гэдгийг олон судалгаанд дурдсан болохыг иш татсан. Тэр дундаа эмэгтэйчүүд ариун цэврийн өрөөнд илүү их цаг өнгөрүүлдэг болохыг ч дурдсан. Энэ бол зөвхөн ордны ариун цэврийн өрөөний тухай бөгөөд эрхэм гишүүд ийнхүү асуудлыг олж харчээ.
Харин ордны хаалганы цаана дөрвөн километр ч хүрэхгүй зайд өмхий үнэртэй 00-д хүүхдүүд бие засч, уух зүйлээ хорьдог ийм орчинд сурч байна. Энэ бол гэр хороололтой хаяа залгасан ЕБС-ийн 16 дугаар сургууль.
Нэг давхарт байрлах 00-д хүүхэд, томчууд хүйс хамаарахгүй орж байна. Гаднаасаа ямар ч хаяг, таних тэмдэггүй бас хамар цоргим өмхий үнэр тэвчихэд даан ч бэрх.
Хүний наад захын хэрэглээ болох цаас ч алга. Гэтэл сургуулийн гэх тодотголтой энэ 00-д зургаан настай багачуудаас 60 настай хэнбугай ч орж болох бөгөөд эрэгтэйчүүд бие засах шээлтүүр хамт байршуулжээ. Уг нь тус сургуульд зургаан настнуудад зориулсан 00 байдаг ч бас л хангалтгүй болох нь анзаарагдсан. Гурван 00 байх бөгөөд хоёр нь ажилладаг. Нэг нь агуулах шиг шалны мод, хувин зэргийг хурааж байршуулсан байлаа.
Мөн хүүхдийн угаалтуурны дэргэд хэзээ шал арчиж цэвэрлэх нь тодорхойгүй хувин дүүрэн бодистой ус байгаа нь ч анхаарал татав.
Бас зарим цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний бодит байдлыг цахим орчинд Hariad Uyanga нэртэй иргэний постыг жишээ татав.
Дараа нь охидын 00 орж үзлээ. Хаалгатай ч цоожгүй. Тиймээс 00 руу явахдаа заавал найзыгаа хань татахгүй бол болдоггүй. Яагаад гэвэл бие засах, ариун цэврийн хэрэглэлээ солих зэргээс үүдэн асуудал үүсдэг. Дээр нь 00 хэзээ ч хүрэлцдэггүй болохыг ярьж байлаа.
Тэдний төлөөлөл ахлах ангийн сурагч н.Гэрэлчимэг өдөр бүр ийм асуудалтай нүүр тулдаг байна. Тэр ихэнхдээ 00 орж амждаггүй, заримдаа чадахгүй тул уух шингэнээ хорьдог байна.
Тэрбээр "Сургуулийн ариун цэврийн өрөө бохир. Хаалга нь цоожгүй болохоор тухгүй. Хичээлийн дундуур заримдаа багш гаргадаггүй. Завсарлагааны цагт хүүхдүүд оочирлоод амждаггүй. Ер нь л заримдаа 00 ордог. Нэг бол бохир, ус нь татагдахгүй, бөглөрдөг. Эсвэл оочиртой байдаг. Тийм болохоор уух зүйлээ хянаж аль болох шингэн зүйл уухгүй тэвчдэг. Ам цангаад ус уучихвал 00 орох болдог тул тэвчдэг" гэсэн юм.
ХҮҮХДҮҮД ӨМДӨНДӨӨ БИЕ ЗАСАХАД ХҮРЧ БАЙНА
Зарим үед арга буюу эрэгтэй, эмэгтэй нь хамт байх 00 руу ордог ч эвгүй санагддаг болохыг тэд нуугаагүй. Үргэлж оочиртой байдаг хаалга нь цоожгүй 00 нь үе үе бөглөрдөг нь энгийн л үзэгдэл гэнэ. Энэ бол наад захын асуудал. Харамсалтай нь энэ мэт ариун цэврийн өрөөний асуудлаас болж хүүхдүүд өмдөндөө бие засахад хүрч, зарим нь үеийнхэндээ шоолуулж цаашилбал эрүүл мэндээрээ хохирч байгааг хүүхдүүд ярьжээ.
КЭЙС 1: Шээсээ удаан тэвчсэнээс болоод бөөрний чулуутай болсон.
КЭЙС 2: Багш зөвшөөрөөгүй бас завсарлагаанаар хэт их хүүхэдтэй байсан учраас өмдөндөө бие засаж байсан.
КЭЙС 3: Би бага ангидаа улсын сургуульд сурдаг бг байсан. Манай сургуулийн ариун цэврийн өрөө муухай үнэртэй болохоор хичээл дээрээ ариун цэврийн өрөө ордоггүй. Ус уудаггүй, гэртээ харьталаашээсээ тэвчдэг. Нэг удаа хичээлээ тараад гэртээ орох замдаа лифтэн дотор өмдөндөө шээчихсэн. Тэгээд формны юбка, трико, өмдөө угаалгын сагсанд хийчихсэн байсанг ээж маань мэдчихсэн. Манай сургууль хүүхэд ихтэй, сургуулийн барилга хуучирсан, ариун цэврийн өрөө нь бохир, муухай гээд дунд ангид ороход хувийн сургуульруу шилжүүлсэн. Одоо ариун цэврийн өрөө цэвэрхэн болохоор байнга шээсээ тэвчиж, усаа хорихоо больсон. /11 настай хувийн сургуулийн сурагч М/
Хүүхэд томчууд ялгаагүй л ая тухтай ариун цэврийн өрөө хэрэгтэй. Бодит байдал дээр өнөөдөр хэн, ямар орчинд өсөж төрснөөсөө шалтгаалаад 00 нь хүртэл ялгаатай нийгэм зөвхөн Монголд л бий. Хэдий хүүхэд эцэг эхээ сонгож төрөхгүй ч тэдний амьдрах орчноор нь наад захын жишээ 00-оор хүртэл зааглагдаж байна.
Хотын төвд хувийн сургуулийн сурагчид цэвэрхэн стандартын дагуу 00-д бие засаж байгаа бол гэр хорооллын алслагдсан дүүрэг, зарим аймаг суманд гадаа 00-той, мөн дотор 00-той ч суултуургүй эсвэл огт ариун цэврийн өрөөгүй гэдэг нь ГУТАМШИГ. Энэ асуудлыг нийгэмд шүгэл үлээж өөрчлөх цаг нь болсныг "ГҮНЖ" төвөөс хэлж байлаа.
ХЭН ЯМАР ОРЧИНД ТӨРЖ ӨССӨНӨӨС ХАМААРЧ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ НЬ ХҮРТЭЛ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЯЛГААТАЙ БАЙНА
"ГҮНЖ" төвийн Гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг:
-Хүүхдүүд сургууль дээрээ 7-8 цагийг өнгөрүүлдэг. Энэ хугацаандаа шингэн уух зүйлээ хязгаарладаг. Энэ нь 00 орохгүй байх зорилготой. Бас бохир орчинтой. Мөн ариун цэврийн өрөө нь хэтэрхий их оочиртой, хичээлийн цагаар зарим үед багш нар нь гаргадаггүй зэрэг сэтгэл эмзэглүүлмээр асуудлыг охид ярьж байсан л даа.
Заримдаа бага, дунд ангийн хүүхдүүд өмдөндөө бие засах нөхцөл байдалд хүргэж байна. Гэтэл сургуулиудаар яваад харахад багш ажилчдын 00 тусдаа байдаг. Тиймээс сурагчдын ариун цэврийн өрөөний нөхцөл байдлыг үйлчлэгч нараас өөр нийгмийн ажилтан, ангийн багш, сургуулийн захирал мэдэхгүй тохиолдлууд байна. Тиймээс сургуулийн ариун цэврийн өрөөний асуудлаар нийгэмд шүгэл үлээж, энэ асуудлыг өөрчлөхгүй бол охид эмэгтэйчүүдийн өвчлөлийг үүсгэх хамгийн том урьтал суурь ноцтой асуудал болж байна.
Дээр нь орон нутагт зарим дотуур байр гадаа 00 нь байдаг. Үүнээс болж хүчирхийлэлд өртөж байсан тохиолдол гарч кэйсүүд бий. Тиймээс дотуур байрны 00 гадаа байлгахгүй байх ажил тухайн үед өрнөж байсан. Мөн зарим сургууль модон жорлонтой байгаа нь орой үдшийн цагаар эрсдэл үүсгэж байна.
Гэтэл хотын төвийн хувийн сургуулиудаар явж үзэхэд ариун цэврийн өрөө нь маш тохь тухтай байгаа юм. Наад зах нь ариун цэврийн өрөө нь цаас, гар хатаагчтай, лед гэрэлтэй зэрэг. Угтаа бол бүгд л үүн шиг тохь тухтай цэвэрхэн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлмээр байна шүү дээ. Харамсалтай нь, өнөөдөр ямар орчинд хэний хүүхэд болж төрснөөсөө хамаараад ариун цэврийн өрөө нь хүртэл тэнгэр газар шиг ялгаатай байна. Гэтэл тохь тухаас илүү эрүүл мэндийн хувьд ч тэр чухал байгаа юм гэлээ.
Харин түүний хувьд гадуур явахдаа ариун цэврийн өрөөгөөр аль болох орохгүй байхыг хичээж уух зүйлээ ч бас хязгаарладаг байна. Зарим үед ариун цэврийн өрөө байгаад нь баярладаг гэв. Учир нь зарим үйлчилгээний газар, төрийн байгууллагуудын ариун цэврийн өрөөгөөр нь үйлчлүүлэх боломжгүй. Яагаад гэвэл 00 оруулдаггүй тухай яриандаа дурдсан юм.
ТӨРИЙН ОРДНООС Ч ИЛҮҮ ГАМШИГ: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХАМААГҮЙ ЦООЖГҮЙ ХААЛГАТАЙ ӨМХИЙ 00 ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ
Зөвхөн сурагчид 00 асуудалтай нүүр тулдаг гэвэл бас хэт өрөөсгөл. Учир нь Монголд амьдарч буй ямар ч хүн 00 асуудалтай нүүр тулдаг. УИХ-ын гишүүд хүртэл. Наад захын жишээ нь, сургууль ямар хүнд орчинтой болохыг харлаа. Бас үйлчилгээний газруудаас авхуулаад эмнэлэг, зарим шүүхийн захиргааны байр зэрэг хаа сайгүй ариун цэврийн өрөө хамгийн бохир заваан орчин хэвээрээ. Ингээд зарим эмнэлэг, төрийн байгууллагын ариун цэврийн өрөөгөөр орж үзлээ.
Сүхбаатар дүүргийн нутагт байрлах нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр орлоо. Нэг давхарт байрлах ариун цэврийн өрөө нь эрэгтэй эмэгтэй 00 зүгээр л хавтангаар тусгаарласан болохоос биш бараг л хамт юм.
00 орж буй эрэгтэйчүүдийн ихэнх нь хаалгаа хаахгүй бие засах нь бүдүүлэг. Бас эмэгтэйчүүдэд тухгүй байх нь мэдээж. Бас ариун цэврийн цаас алга. Мөн л хоёр, гурван давхар луу гарвал ариун цэврийн цаасгүй ч арай дээр нь эрэгтэй, эмэгтэй 00 тусдаа хаалгатай, арай тухтай юм.
Дараа нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төв орлоо. Энд хамгийн цэвэр орчинтой байх ёстой эмнэлгийн 00 төсөөллөөс доогуур байлаа. Зарим эмч нарын харилцаа бүдүүлэг, бохир 00-оо "өмөөрөх" аястай. Эмэгтэйчүүдийн 00 давчуу бөгөөд бохир орчин угтсан.
Шахуу байхын зэрэгцээ хог нь овоорсон, суултуургүй, 00 цаасгүй зэрэг өнөөх л нийтлэг асуудал ил тод. Эндхийн үйлчлэгч нь хэчнээн цэвэрлэсэн ч бохир нь дийлддэггүй болохыг ч хэлсэн юм.
Тэгвэл ариун цэврийн өрөө 00 бохир байх нь эмэгтэйчүүд өгсөх замын халдвар буюу шээс, давсагны үрэвсэл бас эмэгтэйчүүдийн өвчлөлд өртөх гол эрсдэл болж байгааг сүүлийн үед эмэгтэйчүүдийн эмч нар ярих болжээ. Энэ талаар дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нараас лавлавал шууд уурлаж үгүйсгэв. Асуухын төдийд л уурлаж захирсан хоолойны өнгөөр "Ариун цэврийн өрөөнөөс болж халдвар авах эрсдэл байхгүй" гэж эрс үгүйсгэлээ. Угтаа бол эмнэлгийн үйлчилгээ авч буй хэн ч цэвэрхэн ая тухтай ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх, мэдэхгүй зүйлээ эмчээс асуух эрхтэй. Харамсалтай нь Монголд ая тухтай ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх эрх хаана ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Зарим газар нь цоожтой, төрийн зарим үйлчилгээний газрын 00 цагийн хуваариар ажилладаг нь нууц биш.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!