УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй Авлигын эсрэг багц хууль болон бусад асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлтэй ярилцлаа
Авлигын эсрэг багц хуулийг энэ парламентаар батлуулахгүй бол авлигачдын "занганаас" гарч чадахгүйд хүрнэ
-Ес дэх удаагийн парламент анхны намрын чуулганаа хуралдуулах гэж байна. Хууль зүйн сайдын хувьд УИХ-аар нэн тэргүүнд хэлэлцүүлж, батлуулахаар зорьж буй хуулийн төслүүдөөс яриагаа эхэлье?
- Энэ намрын чуулганаар “Авлигын багц хууль”, “Хүний эрхийн багц хууль” гэсэн хоёр үндсэн том хуулийн төслийг Засгийн газраар дамжуулж өргөн барихаар төлөвлөж байна.
Аравдугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдгээр багц хуулиудынхаа анхны танилцуулгуудыг хийнэ.Тухайлбал Хүний эрхийн багц хууль дотор олон жил яригдаж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглааныг зохион байгуулах журмын тухай хууль, Шүүх ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль буюу Гэрч хохирогчийг хамгаалах хууль, ЭХХШ ажиллагаанд өмгөөлөгчийн эрх, үүргийг нэмэгдүүлж байгаа хуулийн процессын шинэчлэл, Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх зэрэг чухал багц хуулийг өргөн барихаар ажиллаж байна.
-Ярианы эхэнд хэлсэн Авлигын эсрэг багц хуулийг дэлгэрүүлж асууя. Та шинэ парламентад сонгогдохдоо авлигачдын хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж зоригтой дуугарч байсан. Угтаа та үүгээрээ сонгогчдын итгэлийг авсан гэж хэлж болохоор. Хууль зүйн сайдаар хүртэл томилогдсон шүү дээ. Өнөөдөр таны байр суурь, зорилго хэвээрээ юу?
- Монгол Улс 2002 онд Эрүүгийн хуулиа батлахдаа “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хураах” гэдэг зарчмыг хуульчилсан байдаг. Үндсэндээ 22 жилийн өмнө. Харамсалтай нь энэ мөрдөгдөхгүй явж ирсэн. Олон нийт мэдэж байгаа, маш олон төрлийн авлигын хэрэг “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг малгай дор хэрэгсэхгүй болж ирсэн. Цаашлаад шүүх, прокурор дээр хүртэл хэрэгсэхгүй шийдвэр гардаг болсон. Хүмүүсийн дургүйцэл, бухимдал энэ асуудалд төвлөрч байна. Товчхондоо хууль нь байгаа мөртлөө хэрэгжүүлэх процесс нь хангалтгүй явж ирсэн гэсэн үг.
Засгийн газарт танилцуулах гэж буй Авлигын багц хуульд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, ЭХХШТХ-ийн нэмэлт, өөрчлөлт гээд хуулиуд багтаж байгаагаас хамгийн чухал нь хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл юм. Энэ хуулийн төслийг ярихаар зарим улстөрчид эсэргүүцдэг. Гэтэл энэ бол хувь хүний өмчийг хураах талаарх ойлголт огт биш. Харин гэмт хэргийн замаар олж авсан авлигачдын хөрөнгийг заавал хураах ёстой зарчим нь өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд үйлчилж байгаа. Хуулийн төсөлд манай яам нэлээд анхаарч ажиллалаа. Судлахад яг энэ чиглэлээр бие даасан хуультай улс орон ч байна.
Тухайлбал, БНСУ-ын Хууль зүйн яам, холбогдох судалгааны байгууллагуудтай манайх холбогдож өнгөрсөн долоо хоногт хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Бид энэ удаад авлигын эсрэг хийж болох хамгийн том зоригтой алхам бол төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хэрхэн, яаж хураах вэ гэдгээ тодорхой болгох ёстой явдал. Үүнийг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж байгаа.
-Гэхдээ хүн хэлмэгдэж болохгүй, тиймүү?
-Тийм. Хууль бус хөрөнгө хураахтай холбоотой асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж байгаа нь ердөө үүнтэй л холбоотой. Мэдээж нөгөө талд хүн хэлмэгдүүлж болохгүй. Тиймээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулна. Таны мэддэг хүн хэзээ нэг өдөр авлига авч байсан бол түүнийг нь илчил. Шаардлагатай тохиолдолд үйл баримтыг илчилж зарласан хүний мэдээллийг хуулийн хүрээнд бид нууцалъя. Мөн улсын орлогод хураагдсан авлигын хөрөнгөнөөс тодорхой хэмжээний урамшууллыг олгодог болъё л гэж байгаа юм.
Энэ үйл ажиллагааг манлайлж ирсэн АТГ-ын үйл ажиллагааг саадгүй явуулахад чиглэсэн холбогдох саналуудыг авч байгаа. Хэрэг шийдэж байгаа шүүгч, хяналт тавьж байгаа прокурор, мөрдөж байгаа мөрдөгч гээд бүх талын оролцогчдын санал хүсэлтийг хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд авч байна.
-Авлигын багц хуулийг заавал гаргах шаардлага үүссэний нэг шалтгаан нь хууль, хяналтын байгууллагынхны ажил хангалтгүй, үр дүн муутай байгаад байна уу гэж асуумаар байна. Энэ салбарт улс төрийн нөлөөлөл хэр түвшинд байна гэж та хардаг вэ?
-Энэ удаагийн парламент өөрөө маш их онцлогтой бүрэлдсэн. УИХ-ын 126 гишүүний олонх нь анх сонгогдсон гишүүд байна. Парламентын босгыг анх удаа давж байгаа гишүүдэд авлигатай тэмцэх, ужгирсан тогтолцоог засаж, залруулах эрмэлзэл сайн байх шиг байна. Үүнд миний бие найдаж байгаа. Дээр нь УИХ-д суудалтай гурван нам хамтарч Засгийн газраа байгууллаа. Хуучин бол энэ төрлийн үйл ажиллагааг аль нэг нам, хэн нэг улс төрчийн захиалгаар явж байна гэж хардаг байсан бол одоо энэ парламентын үед асуудал харьцангуй бага байна.
2006 онд АТГ байгуулагдахаас авхуулаад үеийн үед шалгаж байсан, дуулиан тарьж байсан хэргүүдийг хуулийн өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгодог, өршөөлийн хуулиар далимдуулж хэргээс мултардаг зэрэг төрөл бүрийн аргыг хэрэглэсээр байгаад авлигачид торноос мултарч ирсэн.
Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим бий. Тэр нь шинэ төрлийн гэмт хэрэг бий болгоод түүгээрээ өнгөрсөн хугацаа дахь хүмүүсийг яллаж болдоггүйг хэлдэг. Тэгвэл хэзээнээс авч үзэх вэ гэхээр 2002 оноос хойш авч үзэх нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдсэн бол хөрөнгийг нь хураана гэсэн зарчим Эрүүгийн хуульд заасан байдаг. Үүний дараа 2012 онд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Х.Тэмүүжингийн санаачилгаар “хууль бусаар хөрөнгөжих” гэдэг зүйл анги эрүүгийн хуульд орж ирж байсан. Үндсэндээ 12 жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр өмнө нь байсан эрх зүйн зохицуулалтыг одоо хэрхэн сайжруулж улс, нийгмээ цэвэрлэж авах вэ гэдэг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж байна.
Би нэг зүйлийг маш итгэлтэйгээр хэлж чадна. Мэдээж маш их хөрөнгө, мөнгөний асуудал яригдах учраас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ энэ хуулийг яг одоо хийхгүй бол манай улс “авлигачдын занганаас” гарч чадахгүй.
Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны зуун хоногт амжиж хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
Энэ парламент шинэ байгаа дээрээ улс орныг өөрчилнө гэсэн амлалт, чин эрмэлзэл дээрээ тулгуурлаж энэ өөрчлөлтийг зоригтой хийхгүй бол жилийн дараагаас үйл явц удаашраад л гацна.
Авлигын гэмт хэрэг үйлдсэн л бол АН, МАН гэж хамгаалалгүй зохих шийтгэлийг нь оногдуулах ёстой
-Хуулийн хэрэгжилтийн тухайд нам үл харгалзан “авлигач” автортай этгээдүүдийг онож чадах болов уу. Та юу гэж бодож байна. Яагаад үүнийг асуув гэхээр, хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа намууд хариуцлагын гэрээнд гарын үсэг зурсан. Магадгүй авлигын багц хууль батлагдлаа гэхэд та кабинет дотроосоо шүгэл үлээх болбол зоригтой сөрж чадах уу?
-Нэг зүйлийг маш итгэлтэйгээр хэлэхэд авлигын асуудал бол ганц ардчилсан намын асуудал биш. МАН-ын ч асуудал биш. Улсын хэмжээний асуудал. Бид мэднэ. Бүх намуудад төрийн эрх мэдлийг авч хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд байгаа. Би Ардчилсан намын гишүүн. Намаасаа томилогдсон сайд хүн. Манай намд авлигачид байгаа. МАН-тай бид хамтарсан Засгийн газрыг байгуулсан. МАН-д ч мөн хууль бусаар хөрөнгөжсөн маш олон хүмүүс бий. Бусад намуудад ч байгаа, нууц биш. Тиймээс энэ тэмцэл бол намын асуудал огт биш.
Монгол Улс дэлхийн дэг журамтай нийцэж, цэвэр шударга замаар явах юм уу, эсвэл улс төрөөсөө санхүүжиж, тэндээс мөнгө олоод эргээд улс төрөө худалдаж авдаг “чөтгөрийн тойргоо” давтах юм уу л гэдэг асуудал яригдана.
Саяын парламентаар энэ чөтгөрийн тойрог жаахан онгойлоо л доо. Сонгуулийн тойрог томорч, гишүүдийн тоо ч нэмэгдлээ. УИХ-д залуучууд олноор орж ирж байгаа нь цаашид сайн жишиг болно. Сонгуулийг мөнгөтэй нь хийдэг гажуудлаас салж мэдлэг боловсролтой, шударга ёсыг эрхэмлэдэг нь сонгогддог эрүүл тогтолцоо бий болох ёстой.
Үүний гол үндэс нь хууль бусаар явж байгаа мөнгөний урсгал, авлигачдын схемийг л таслах явдал. Мэдээж ойлгож байгаа. Нэг танхимд сууж байгаа, хамтран зүтгэж байгаа, нөхөрлөж яваа хүмүүсээс маань ийм асуудал гарч ирж магадгүй. Гэхдээ бид үүнд бэлтгэлтэй байх ёстой. Хэрэв нүдээ аниад өнгөрөөх юм бол авлигын эсрэг тэмцэл хэзээ ч амжилтад хүрэхгүй.
Улс төрд удах тусам, түүгээр дамжиж хөрөнгөжих тусам эрх мэдэлд удаан суух сонирхолд автдаг. Үр дүнд нь авлигын схем улам бүр батжиж бие биеэ хамгаалж эхэлдэг гэж би хувьдаа итгэж явдаг.
Нүүрсний хулгайг мөсөн уултай зүйрлэвэл зөвхөн үзүүрт байгаа хоёр хүн л шийтгүүлсэн. Гол хулгайн эзэд хөрөнгөтэйгөө хөвж яваа
-Өнгөрсөн парламентын үед ялангуяа энэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой олон асуудлууд дуулиан дэгдээсэн. Хамгийн тод жишээ нүүрсний хулгайчдыг илчилж, хөрөнгийг нь хураахыг шаардсан иргэдийн жагсаал байлаа. Мөн Хөгжлийн банк, БЗС-гийн хулгай гээд хөвөрсөн. Харамсалтай нь хариуцлагын асуудал орхигдсон. Нүүрсний хулгайн асуудалд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг гэсэн хоёр хүнээр л үндсэндээ туг тахисан болоод намжсан шүү дээ. Хууль зүйн сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Нүүрсний хулгайг мөсөн уул гэж авч үзвэл ёроолд нь асар их хэмжээний хөрөнгө л байгаа. Таны хэлдэг хоёр хүн үзүүрт нь л зогсож байна шүү дээ. Гэтэл цөм хэсэг нь нийгэмд чимээгүйгээр хөрөнгө, эрх мэдлээ хадгалаад хөвсөөр л байна. Бид авлигын эсрэг хуулиар түүнийг задлахыг зорьж байгаа хэрэг.
Одоогийн хуульд гэм буруу гэдэг ойлголт бий. Хэрэв гэм буруутай бол шүүхээс ял авна. Гэтэл эндээс мөсөн уулын хамгийн үзүүр хэсэгт байгаа маш цөөн хэсэгт энэ заалт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл асуудлын цөм рүү бид нэвтэрч чадахгүй байна гэсэн үг.
Хэрэв хэн нэг улс төрч албан тушаалаа ашиглаж, авлига авч, тендер авч, сан тонож баяжсанаа нууж чадахгүй л юм бол төрийн эрх мэдэл рүү улайран тэмцэх шаардлагагүй шүү дээ. Авлигатай тэмцсэн улс орнуудын жишээг харахад хууль бус хөрөнгөтэй болох үндэс суурийг устгаж байж л тэмцдэг.
Түүнээс биш Монголд байгаа олон авлигачдаас хуулийнхан сардаа нэг хүн гаргаж ирээд байвал жилд 12 хүнээр л туг тахих болно. 10 жилд 120 хүнийг зарласан болж, нөгөө талд олон хүмүүс улс орны баялгийг тононо. Ингэж нүд хуурсан тогтолцоо бидэнд муу л үр дагавар авчирна.
Тиймээс хууль тогтоомжууд сайжраад ирэхээр АТГ-ын үйл ажиллагаа дагаад сайжирна гэж итгэж байгаа. Хууль тогтоомжтой холбогдуулан авч байгаа саналаар АТГ-ын үйл ажиллагаа хаана саатаж, ямар хүндрэлтэй нүүр тулж байна гэдгийг судалж байна.
МАН, АН-ын лидер, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэн ч байсан хууль бусаар хөрөнгөжсөн бол ял авах ёстой
-Та сая нүүрсний хулгайн асуудалд сугарч үлдээд байгаа хүмүүсийг битүүхэн онцолж ярилаа. Тэр дунд танай намын гишүүн, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байгаа шүү дээ. Өнгөрсөн парламентад гишүүн Т.Аюурсайхантай хамт хэрэг нь боогдож, прокуророос гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д орж ирээд түдгэлзүүлж байсан. Энэ хүний асуудал өнөөдөр огт шийдэгдсэнгүй. Хэрэг нь прокурорт ч шилжилгүй АТГ-т бүтэн жил шалгагдах гэж байна. Энэ хэвийн үзэгдэл мөн үү?
-Хууль зүйн сайдын хувьд АТГ-ын мөрдөн шалгаж байгаа тодорхой хэргийн талаар ямар ч байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ нэг чухал зүйл бол та сая хэллээ нүүрсний жагсаал гэж маш их хүнийг хамарсан "органик" жагсаал болсон. Тэнд тэмцэж байсан хүмүүс юу хүсэж байсан бэ гэхээр нүүрс хулгайлсан хүмүүс үнэхээр байгаа бол хөрөнгийг нь хураагаач л гэж хүссэн. Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгай гэж олон их наядын тоо ярьсан. Энэ мөнгө өнөөдөр хаа ч алга. Бид үеийн үед хэсэг хугацаа өнгөрөхөөр л хулгайн тухай ярьдаг. Хачирхалтай нь эзэн нь олддоггүй.
Сайн анзаарвал нэг талд буруутгах эзэнгүй, нөгөө талд төлөгдсөн хохиролгүй үлдчихдэг.
Өнгөрсөн хугацааны бүх авлига, хулгайн хэргүүд эзэнгүй, хохиролгүй явж ирсэн гэж хэлж болохоор байгаа. Эсвэл ганц нэг хүнтэй, бусад нь гэмгүй сугарчихдаг л байсан. Гэтэл мөнгө мөртэй учраас цаашид энэ байдлыг зогсоох нь чухал. Нийтийн өмчөөс хулгайлагдсан л бол заавал эзнийг нь олдог байя, хариуцлага хүлээлгэдэг баймаар байгаа юм.
-Та миний асуултад тодорхой хариулж өгөөч. Таны боловсруулж байгаа багц хуультай уялдуулахад Д.Бат-Эрдэнэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв үү, буруу юу? Хууль бусаар хөрөнгөжсөн этгээдэд зохих хариуцлагыг заавал хүлээлгэдэг болох хуулийн үйлчлэлд энэ хүн хамаарах уу?
-Хэрэв Ардчилсан намын гишүүн, энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүн, цаашлаад намын лидер, мөн МАН-ын гишүүн, сайд дарга гээд аль ч намын төрийн өндөр албан тушаалтан бай энэ хуулийн үйлчлэлд хамгийн түрүүнд хамаарагдана. Хууль бус хөрөнгийг хураах тухай хуульд хамаарна.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хууль болоод авлигатай тэмцэх хуулийн авлигын эсрэг өөрчлөлтүүдийг тооцож хийхдээ судалгаагаа бид дандаа төрийн өндөр албан тушаалтан руу чиглүүлж хийж байгаа. Энд бизнес эрхлэгч хүний тухай асуудал яригдахгүй. Хувийн хэвшлийнхний асуудал огт яригдахгүй. Шударгаар амьдарч байгаа хэнийг ч хэлмэгдүүлэх тухай асуудал яригдахгүй. Гагцхүү төрийн албан тушаалтнуудтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас энэ хуулийн төслүүд хэрэгжээд эхэлбэл хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ҮХЦ-ийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдээс авхуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд хамгийн түрүүнд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
Хүүхдийн хөгжилд зориулж сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг "батлуулна" гэж сурталчилсан бол хууль зөрчих байсан
-УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий 21 гишүүн сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэгийг сургуулийн насны хүүхдэд олгох хуулийн төсөл санаачилж боловсруулж байх шиг байна. Тэдгээр гишүүдийн нэг нь та юм билээ. Мөнгөн дэмжлэгийг олгохдоо зориулалтыг нь мөн тусгасан байх шиг байсан. Хуулийн төслийг яагаад дэмжих болов, цаг үе нь мөн үү?
-УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Энэ хүрээнд хуулийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь би. Ямар ч эргэлзээгүйгээр би дэмжиж гарын үсэг зурсан. Учир нь өнгөрсөн хугацаанд би өөрөө Өвөрхангай аймгийнхаа хүүхэд багачуудын төлөө ЭЕШ-д бэлдэхээс авхуулаад боловсролын чиглэлд юм хийх гэж хичээж ирсэн хүн л дээ. Тиймээс “Хүүхэд хөгжлийн карт” буюу спорт болоод урлаг соёлын сургалтад өөрийгөө хөгжүүлэхэд нь зориулж 30 мянган төгрөгийн дэмжлэг сар бүр үзүүлэх зорилготой хуулийн төслийг дэмжсэн. Энэ хууль хэрэгжсэнээр хүүхдүүдийн дунд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурна. Буруу дадал зуршлаасаа салж, бие бялдрын зөв хөгжилтэй, эрүүл, чийрэг Монгол хүн болж өсөхөд нь дэмжлэг болох юм.
-Мэдээж хүүхдийн хөгжлийг дэмжих нь зөв зүйл. Гэхдээ хуулийн төсөл одоогоор боловсруулагдаж байгаа юм билээ. Тэгэхээр УИХ-д өргөн барьж танилцуулаагүй хуулийн төслийг сурталчилж байгаа нь орон нутгийн сонгуулийн хуулийг зөрчиж байна гэх шүүмжлэл дагуулах болсон. Та хуульч хүний байр сууринаас үүнийг юу гэж харах вэ? Өөрөөр хэлбэл НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа танай намын нөхдүүд ийм сурталчилгаа хийгээд яваа нь цаг хугацааны хувьд хэр зохимжтой вэ?
- Хуулийг санаачлаад явах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилсан учраас тэр хуулийг орон нутгийн сонгуульдаа ярих эсэх нь намын гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал гэж харж байгаа.
Харин тэнд бид энэ хуулийг батлуулна гэж ярьж байгаа бол энэ нь өөрөө ИТХ-ын сонгуулиар бусдад өгч байгаа худал амлалт болно.
Харин бид гишүүдийнхээ санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа юм гэж яривал хууль зөрчсөн асуудал болохгүй. Миний хувьд энэ хүүхдийн хөгжлийг дэмжих бодлогыг зуун хувь дэмжиж байгаа.
- Эцэст нь нэг зүйл тодруулж асууя. Улс төрийн хүрээнд ирэх хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчилнө гэх яриа гарах болсон. Та 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-ын луйвар байсан гэж манайд өгсөн нэг ярилцлагадаа хэлж байсан юм билээ. Үндсэн хуульд эрх ашгаа шингээх замаар ойрхон гар дүрдэг байдлыг та юу гэж хардаг вэ?
-Одоогоор ийм агуулгатай хууль эрх зүйн баримт бичиг гараагүй байна. ҮХЦ дээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг цэц хянаж үзэх эсэх тухай маргаан явж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл 2018 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эрхтэй эсэх асуудал энд яригдана. Сүүлд оруулсан өөрчлөлтийг ҮХЦ хянаж үзэх эрхтэй эсэх талаар маргаан явж байна гэж ойлгосон.
Би УИХ-ын гишүүний тангаргаа өргөснийхөө дараа байр сууриа маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль болоод цэцийн эрх зүйн байдлыг бид тодорхой болгохгүй бол хэрэгцээтэй үед хэн нэгний хүслээр шийдвэр гаргадаг улс төрийн институци байж болохгүй гэж.
Манай улстөрчид цэцийн хуулийг олон жил ярьж байгаа. Тэгээд хөдөлгөдөггүй. Цэцийн гишүүд нь улс төрийн болоод хууль эрх зүйн өндөр мэргэжилтэй гэдэг шалгуураар томилогддог. Улс төрийн алба хашиж байсан болоод улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж аль нэг намд хүчээ хүргэж байсан хүмүүс тэнд суудаг болсон. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг асар удаан шийдвэрлэдэг. Би л гэхэд ҮХЦ-д 6 удаа өргөдөл гаргаж үзсэн. Шийдвэрлэдэггүй. Гэсэн атал улстөрчдийн гаргасан мэдээлэл, гомдлыг шуурхай шийдэж өгдөг байдалтайгаар манай ҮХЦ нэлээд удаж байгаа. Томилгоо нь өөрөө улс төрөөс маш их хамааралтай байгаа шүү дээ.
Тиймээс ойрын үед ҮХЦ-ээс гаргаж байгаа шийдвэрүүдээс цаашдаа үндсэн хуулийн цэц өөрөө Эцэг хуулийн хяналтын байгууллага байх юм уу, эсвэл Үндсэн хуулиар тогтоосон УИХ-аа хянах хэмжээний институци байх уу гэдэг хүсэл зориг нь харагдах байх. Түүний дараа олон юмны учир тодорхой болно.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!