СУРВАЛЖИЛГА: GenZ үеийнхэн илүү цагаар ажиллах сонирхолгүй, захиргаадалтад дургүй гэсэн бол ажил олгогч нар GenZ үеийнхэн ачаалал даахгүй мөртлөө өндөр цалин хүсдэг, олон шаардлага тавьдаг гэв

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 55 секунд

Н.Солонго /нэрийг өөрчлөв/ ажлын байран дээр гараад хоёр сар болж буй шинэ төгсөгч. Түүнд одоогоор ажлын байран дээрх ойлгомжгүй зүйлс байхгүй. Хэдийгээр ажил нь 09.00 цагаас эхэлж, 18.00 цагт тардаг ч ахлах, удирдлагуудын зүгээс илүү цагаар ажиллахыг ажлын ачаалал даахтай адилтгаж шаарддаг байна. Энэ нь түүнд дарамт мэдрүүлдэг аж. Тэр бол өнөөдөр маргаан дагуулаад буй Z үеийнхний төлөөлөл.

22 настай, ажлын талбар дээр гараад удаагүй түүний хувьд удирдлага, дээд албан тушаалтнуудын зүгээс “Миний үед илүү цагаар ажиллах нь хэвийн үзэгдэл. Ачаалал даадаг байх ёстой” гэж туршлагаасаа ярьдаг нь таалагддаггүй байна. Энэ тухай ярихдаа “Дээд үеийн ах эгч нар, удирдлагууд илүү цагаар ажиллахыг ачаалал даах гэж ойлгуулахыг хичээдэг. Энэ нь надад дарамттай санагддаг.

Ажлын цагтаа тарж чөлөөт цагаа найз нөхөд гэр бүлтэйгээ өнгөрүүлмээр байна. Тиймээс илүү цагаар ажиллах мөнгө тооцохгүй бол заавал ажиллах шаардлагагүй.

Харин онц шаардлагатай тохиолдолд мэдээж ажиллах л байх” гэсэн юм. Бас ажлын хамт олны уур амьсгал эрүүл болохыг тодотгож байлаа. Энэ нь түүнд өнөөдөр гар дээрээ авч буй цалингаас илүү цаашид ажиллах сонголтод нь нөлөөлсөн байна. Тэрбээр “Манай хамт олны уур амьсгал, ажлын байрны орчин эрүүл санагдсан. Ахлах болон удирдлагууд шинэ санаа, шүүмжлэлийг нээлттэй хүлээж авдаг нь таалагдаж байгаа” гэсэн юм.

Харин цалингийн тухайд туршилтаар 1.1 сая төгрөг авч байсан бол өнгөрсөн сараас 1.5 сая төгрөг болж нэмэгджээ. Энэ нь одоогоор аав ээжтэйгээ амьдардаг түүнд хэрэглээнд нь хүрэлцэхүйц боловч тусдаа гарч бие даан амьдрахад хүрэлцэхгүй тул илүү орлого олох боломжийг эрэлхийлнэ гэдгийг ч хэлсэн юм.

Түүний хувьд сэтгүүлзүйн салбарт хөл тавиад удаагүй бөгөөд үе тэнгийнхэн нь ажлын талбар дээр гараад цай кофенд гүйх, илүү цагаар ажиллах шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөггүйгээс болж үл ойлголцол, стресс үүсдэг болохыг ярьдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд цус сэлбэж буй Z үеийнхэн /1997-2012 онд төрсөн/ ажлын байран дээр “ТЭСРЭЛТ” авчирч байгаа нь ажил олгогч нартай зөрчилдөж буй. Тэдний карьерын хандлага, хүсэлт, үнэт зүйлс нь уламжлалт компанийн хандлагаас зарим талаараа нийцэхгүй болжээ.

Жишээ нь н.Солонготой адил "Z"-үүд илүү цагаар ажиллах сонирхолгүй, ажлын байрны уян хатан нөхцөл, зайнаас ажиллах зэрэг илүү олон боломжийг эрэлхийлэх болж байна. Энэ нь нэг талаасаа ажлын байрны хомсдол, нөгөөтэйгүүр “мөрөөдлийн ажлын байр” хайсан ажилгүйдлын эгнээг тэлэх эрсдэл үүсгэж буй. Мэдээж хэн ч ирээдүйгээ халамжаар төсөөлөхгүй нь тодорхой ч “мөрөөдлийн ажлын байр”-аа бүтээж амжилтад хүрсэн нь тоотой хэд.

Хөдөлмөрлөхгүй бол юунд ч хүрэхгүй

Тэдний нэг бол “Комедиан Баяраа” гэдгээрээ танигдсан М.Баяржаргал. Түүний хувьд орлогын 7 эх үүсвэр болон албан бус орлогын эх үүсвэрүүд нийлээд 10 гарна. Мэдээж энэ бүх орлогын эх үүсвэрийг бий болгоход хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр, тодорхой цаг хугацааг зориулсан болохыг ярьж байлаа. Тэрбээр "Өнөөдөр манай дундаж цалин ямар билээ. Тиймээс хүн хүссэн хүсээгүй нэгээс илүү орлогын эх үүсвэрийг эрж хайх шаардлагатай болно. Цар тахлын нөлөөгөөр орлогын эх үүсвэрийг нэмэх шаардлагатай гэдгийг хүмүүс ухаарсан учраас хүмүүс нэмэлт орлогын эх үүсвэрийг эрж хайх ёстой болсон.

Мэдээж нэмэлт орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд хэцүү байсан ч нийгмийн шалгарал л гэж харсан. Хамгийн гол нь сэтгэх, хөдөлмөрлөх хэрэгтэй.

Миний хувьд хувиараа бизнес эрхлэгч. Тиймээс маш олон залуусыг би харж байсан. Мэдээж манай дээд үеийнхэн хариуцлагатай ч шийдвэр гаргалтын хувьд удаан, маш хашир байдаг. Харин манай Z үеийнхэн маш хурдтай. Цагийг нь тулгаж маш их энерги шатааж хийдэг мөртлөө дараа нь амархан нурдаг. Ажлаасаа залхдаг байдал руу ордог нь анзаарагдсан.

Нэг зүйлийг ажиглаж байгаа нь, Z үеийнхэн гэж цээжээ дэлддэг зүйл харагддаггүй. Манай үеийнхэн ажлын байран дээр гарахдаа захирч тушаасан дарамттай зүйлийг хүсдэггүй.

Ер нь хэн ч амьдрахын төлөө ажиллаж байгаа учраас ажлаа хаяж явахыг хүсэхгүй. Иймээс аль аль талдаа л асуудал бий. Байгууллагын удирдлагууд ч бас удирдах арга барилаа өөрчлөх хэрэгтэй.

Гадаадад GenZ үеийнхэн зорилготой бол Монголд зарим залуус ажлаасаа уйдсан нь харагддаг

Магадгүй хүн бүр М.Баяраа шиг орлогын 7 эх үүсвэртэй болох албагүй бас чадахгүй. Харин залуус өөрийн хүссэн ажлын байр, орлоготой болоход тодорхой зорилготой байдгийг Z үеийнхний төлөөлөл Т.Хулан ярьж байлаа. Тэрбээр "Миний хувьд ажлын стресс л байдаг. Гэхдээ хамт олны уур амьсгал маш чухал санагдсан. Манай менежер хамт ажиллахад урамтай байдаг. Магадгүй залуу хүн учраас илүү ойлголцдог. Анх удаа ажлын байран дээр гарахад ажлын ах эгч нар ааштай хариулдаг, загнах хандлага нь таалагдаж байгаагүй. Мөн оюутан гээд цалин хөлс тооцож өгдөггүй, бага цалин өгдөг байсан.

Миний хувьд гадаадад түр сурч байгаад ирсэн. Тэнд хэсэг ажиллахад Z үеийн залуус өөрсдийн зорилгоо тодорхойлсон байдаг. Харин Монголдоо ирэхэд залуус ажлаасаа уйдсан хандлагатай, цаг өнгөрөөх байдал ажиглагдсан.

Гэхдээ бүгд биш л дээ. Надад ч бас заримдаа ийм үе байдаг" гэсэн юм. Түүний хувьд хичээлийнхээ хажуугаар давхар Кофе шопт ажиллаж байгаа нь энэ байлаа.

Нэг үгээр хэлбэл, “Z”-үүд илүү цагаар ажиллах сонирхолгүй, ажлын байран дээр захиргаадалтад дургүй, бас дургүй зүйлээ хийх дургүй гэдгээ илэрхийлж байлаа. Харин ажил олгогч нарын зүгээс GenZ үеийнхэн ачаалал даахгүй мөртлөө өндөр цалин хүсэх, олон шаардлага тавих болсон зэргээр шүүмжлэх болов.

Ихэнх нь шинэ үеийн залуу боловсон хүчинг “гуядаж” биш гуйж ажиллуулах болсон тухай санал нэгдэх болжээ. Саяхан зургаан бизнес эрхлэгч тутмын нэг нь Z үеийг харилцааны ур чадвар, зан төлөв болон мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаа...тухай Хөдөлмөрийн зах зээлийн талаар Intelligent.com сайт дээр дурдсан нь олон улсад төдийгүй Монголд ч дуулиан дагуулаад байна. Тэгвэл ажил олгогч, бизнес эрхлэгчид Z-үүдийг хэрхэн дүгнэв. Үнэхээр тэд гологдож байна уу? гэдэгт дараах байр суурийг илэрхийллээ.

ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ ЧАДВАЛ ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮД АМЖИЛТ ГАРГАДАГ

Сэрүүлэгтээ сэрээгүй болохоор нам унтчихсан байна” гэж шинэ залуу ажилтнууд ажлаас хоцорсон шалтгаанаа тайлбарладаг гэнэ. Ийм тайлбарт ажил олгогчийн зүгээс “гэрт нь очоод сэрүүлгийг нь тавьж өгөх үү, эсвэл өглөө хамт ажилдаа явах уу” гэх зэргээр тоглоом наргиа болгож өнгөрүүлэх нь бий. Гэхдээ энэ бол “дундаа орох биш” бөгөөд эхний удаа тоглоом шоглоомоор өнгөрүүлдэг бол дараа, дараагийн удаа хоцроход цалингаас нь хасах хүртэл арга хэмжээ авна гэдгийг сануулдаг болохыг “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйэтгэх захирал н.Чинзориг хэлсэн юм. Тэрбээр "Шинэ залуу ажилтнуудын хувьд өөр өөр талууд зөндөө бий. Хоцорсон шалтгаан нь сэрүүлгэндээ сэрэхгүй байна гэж байгаа юм. Энэ мэтчилэн хөгжилтэй зүйлс гардаг. Энэ бүгдэд шийтгэхээс илүү шийдэл дээр тулгуурласан харилцан яриа өрнүүлэх нь илүү үр дүнтэй байдаг.

Зөв чиглүүлэхээр залуу ажилтнууд амжилттай явааг нь харахад мотивац авдаг. Иймээс дэмжихийг хичээдэг. Мөн залуу мэргэжилтнүүд ажлын карьераа эхлүүлж байгаа хүмүүс өндөр стандарттай, том зорилготой байх нь буруу биш. Гүйцэж очих хэмжээний бүтээлч сониуч байх хэрэгтэй.

Байгууллагуудаас шинэ зүйл, шинэ стандарт шаардах эрхтэй. Энэ дундаас байгууллагын тогтолцоо, хувьсал гардаг. Энэ утгаараа залуустай ойртож ажиллахыг хүсдэг. Шинэ залуу ажилтнуудад хүлээлтийг нь зөв тавихыг эрмэлздэг. Ер нь нийтээр нь ажиглахад үзэж харсан туршлага нь өөр. Ахмад ажилтнууд өөрсдийн үзэж харсан туршлагыг дараа үедээ тулгах хандлага байна. Харин залуу мэргэжилтнүүд олон улсын жишиг хардаг, хүлээлтээ буруу тавьсан. Энэ хоорондын зөрүү маш их гардаг. Шийдэл нь, ажлын орчноо маш сайн судлах ёстой.

Залуу мэргэжилтнүүд ажлын байран дээр гарахаас өмнө дадлага хийж үзээгүй, мэдээлэлгүй орж ирэхдээ тулгамддаг. Тиймээс сайн көүч байх сургалт явуулна" гэсэн юм.

"Z"-ҮҮД ТӨЛӨВШИЛ, УР ЧАДВАР БАГАТАЙ МӨРТЛӨӨ ӨНДӨР ЦАЛИН ШААРДДАГ БОЛОВ Ч АЖИЛЛАХ МЕХАНИЗМЫГ НЬ ОЙЛГОВОЛ ИЛҮҮ ТӨВЛӨРЧ АЖИЛЛАДАГ

Бүгд биш ч “Z”-үүдийн зарим нь өндөр цалинтай, бага цагаар ажиллах, олон шаардлага тавьдаг болохыг үгүйсгээгүй. Энэ талаар Монполимет группийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал н.Дэлгэржаргал ярихдаа,

-Ямар ч ажлын байран дээр үе хоорондын ялгаа гэж байдаг. Ганцхан Z үетэй ойлголцохгүйдээ биш 40-50 насныхан залуустай ойлголцоход хэцүү. "Z"-үүд илүү нээлттэй орчинд өсч төрсөн. Сошиал хөгжсөн нээлттэй орчинд өссөн нь тэдний онцлог байгаа юм. Иймд байгууллагууд өөрсдийгөө Z үеийнхэнтэй ажиллахад бэлдэх шаардлагатай байна.

Ажиллах механизмыг нь ойлговол "Z"-үүдтэй ажиллах нь хэцүү зүйл байхгүй. Харин ч илүү төвлөрч ажилладаг. Нөгөөтээгүүр сүүлийн үед Z Үеийнхэн ур чадвар бага, өөрсдөө төлөвшиж сураагүй байж өндөр цалин шаардах зүйл ажиглагдаж байна. Гэхдээ тэдэнд тулгаж шаардахаас илүү тулж харьцаж чадвал илүү өндөр ур чадвар гаргана.

Ер нь бол маш тогтворгүй үе. Үүн дээр 5-6 жилийн дараа Z-үүд илүү өөрчлөгдөх болов уу. Бид ч бас энэ үеийнхэнтэй хэрхэн ажиллах туршлага өөрчлөгдсөн байх ёстой болов уу.

Өнгөрсөн баасан гарагт хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй сэдэв дор хүний нөөцийнхөн өөрсдөд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж туршлагаасаа хуваалцаж байлаа. Энэ үеэр ажил олгогч нар ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн талаар танилцууллаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн талаар танилцууллаа
 
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!