Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн талаар танилцууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаараа ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан билээ. Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлан “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг бий болгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тус шинэчлэл болон Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг өнөөдөр /2024.09.30/ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус нийт 36 байгууллагыг төлөөлж 600 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” сэдвээр илтгэл танилцууллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн парламентад сонгогдож, таван нам, эвсэл УИХ-д төлөөллөө илгээж чадсан нь олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйг тодотгосон.

Тэрбээр УИХ-аас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг УИХ баримтлан ажиллана гэдгийг тодотгосон. Хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлоход “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго оршиж буйг УИХ-ын дарга онцолж байлаа.

УИХ-ын дарга хуулиуд хүн төвтэй болсноор төр нь иргэдийнхээ төлөө ажиллаж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хааж боох бус дэмжин туслан, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, эрхийг бодитоор эдлүүлэх боломж бүрдэнэ хэмээсэн.

Түүнчлэн хуулийн зохицуулалтын хэрэгцээ, шаардлага үүсч буй асуудлыг тандан судлах, мэдээллээр тогтмол хангахад судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлээс үүдэлтэй шинэ тутам бий болж буй харилцааг хуулиар цаг алдалгүй зохицуулна гэлээ.

Дээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулагдаад буй бөгөөд эдгээр ажлын хэсгийн 19 нь УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар боловсруулсан хуулийн төсөл, санал дүгнэлтээ танилцуулан хэлэлцүүлнэ гэсэн мэдээллийг УИХ-ын дарга өгсөн юм.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.