Намрын халуун өдрүүд дуусаж, улс төрийн халуун өдрүүд энэ долоо хоногоос ирж байна. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж орон нутгийн сонгууль угтсан шоу драмууд өдөр бүр бидний нүд чихийг баясгана. Тиймээс хэн нь хэн бэ, хэний тал билээ, төрөөс юу хулгайллаа гэдгийг сайтар эргэцүүлж суух нь зөв байх. Үүнтэй зэрэгцэж улс төсөв тойрсон хэрүүл маргаан сонгуулиас ч дутахгүй асуудал тарина. Хохирогч нь эдийн засаг, цаашлаад улсын төсөв байх болно.
Хамтарсан Засгийн газрыг 2025 он гаргаад эхний удаа доргиохоор зэхэж байна
Тэгвэл улс төрийн олон янзын дуулиан шуугиан дэгдэхээс өмнө асуудлыг логик дараалалтай болгох үүднээс өнөөдрийн нийтлэлийг хүргэж буй юм. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар, Х.Баттулга нарын бродюр тойрсон сонгуулийн өмнөх хэрүүл. Төсвийн тодотголын үеэр “амилсан” босогчдын арми зэрэг нь бүгд ардаа нэг том зорилго руу тэмүүлж буй улс төр юм.
Тодорхой хэлбэл, энэ нүүдэл суудал нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тогтворгүй болгох гэсэн туйлын ганц л зорилготой. Унагаж чаддаггүй юмаа гэхэд доргиож байх нь их олон хүний эрх ашгийн нэгдэл билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2025 он гарсны дараагаар талууд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газрыг эхний удаад доргиож үзэхээр бэлтгэж буй аж.
МАН доторх гомдогсдын блок өргөжиж байна
Хамтарсан засаг байгуулах нь сонгууль болохоос жилийн өмнө тодорхой болсон шиг энэ Засгийн газрын насыг хоёр жил орчим гэж улс төрийн зурхайд аль эрт буусан байдаг. Гэвч талууд цагаасаа эрт Л.Оюун-Эрдэнэд шахалт үзүүлэхээр бэлтгэж буй бололтой. Өөрөөр хэлбэл, төлөвлөж байснаас ч эрт үйл явц өрнөж эхэлсэн. Тодруулбал, сая болсон ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр ирээдүйн улс төр тун хатуухан өрнөх төлөв нь анзаарагдав. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотгол гишүүдээс ихээхэн шүүмжлэлд өртөж, Засгийн газраас зарим хуулиа буцааж татах хүртэл нь улс төр хийцгээх нь тэр.
Энэ бол МАН дотор гомдогсдын тоо арвин байгааг илтгэж, АН доторх тодорхой хэсэг эрх мэдэл рүү тэмүүлж буйгийн илрэл юм. Товчхондоо, хамтарсан Засгийн газраас оруулж ирсэн эхний том хууль эсэргүүцэлтэй тулж буй нь энэ. Л.Оюун-Эрдэнэ ялалт байгуулсан ч гэсэн АН, ХҮН намыг хамтарсан Засгийн газартаа оруулсан үндсэн шалтгаануудын нэг нь Засгийн газрын насжилтаа л уртасгах гэсэн хүсэл юм. Гурвын гурван намыг нийлүүлчихээд байх л тодотгол дээр өрнөж буй улс төрийг харахад байдал цаашид улам бүр хоржоонтой өрнөх нь ойлгомжтой болж ирлээ. Товчхондоо хоёроос дээш сонгогдсон, ямар нэгэн албан тушаалаас хол үлдсэн гишүүд нэг блок болж эхэлж байна. Дээр нь нэмэгдээд дэд сайд, агентлагийн даргын суудал мөрөөдөж явсан Ардын намын дунд шатныхан ч гэсэн хамтралд эгдүүцэж эхлээд буй юм.
Ерөнхий сайдынхаа зөвлөх Сексцагаанбогдын асуудлыг Ардын нам дотроосоо гаргаж “сэвсэн”
Хэрэв анзаарсан бол Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулга буюу Сексцагаанбогдын асуудал ч гэсэн сошиал дээр зүгээр нэг өрнөдөг зүйл биш. Ялангуяа манайх шиг сошиалаар дамжуулж улс төрийн акцаа явуулаад гаршчихсан улсад ийм төрлийн сенсац бол цаанаасаа бэлдсэн сценартай л зохиол байдаг билээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд өрнөх Засгийн газрыг доргиох үйл явдлын оршил, сууриуд бол төсвийн тодотгол ба Ерөнхий сайдын зөвлөхийн асуудлууд юм. Хамгийн хоржоонтой нь энэ бүх улс төр МАН дотроос л гарсан байх магадлалтай гэдэг бор шувуу саарал ордны учир мэдэх хүмүүсийн дунд эргэлдэж эхлээд удаж байгаа юм.
Ерөнхий сайд босогчдын блокийг “Төсөл гацаагчид” гэж зарлана гэж сануулга өгөв
Магадгүй Засгийн газар байгуулагдаад 100 ч хоноогүй байхад огцрох асуудлын тухай бичиж буйд олон хүн гайхах биз. Гэхдээ улс төрд гэнэтийн зүйл гэж хэзээ ч байдаггүй. Ялангуяа Ардын нам шиг улс төр, нийгмийн үйл явцыг урт хугацаагаар төвлөж, зурдаг намд. Тиймээс асуудал нэгэнт хөдөлж эхэлснийг мэдсэн учраас Ерөнхий сайд гарч ирж “Улстөржөөд гацаад явахгүй байсан төслүүдийг хамтарсан Засгийн газрын зүгээс бүгдийг нь явуулна. Явуулахгүй байгаа төслүүдийг хэн явуулахгүй байгаа нь улстөрчдийн нэртэй нь зарлана. Заримыг нь ямар улс улстөржүүлээд явуулахгүй байгааг нь зарлана” гэсэн юм.
Цахилгаан станцын төслүүдээс эхлээд гацдаг, гацаадаг том төслүүдийн зовлон, цаад улс төрийг нь задлах гэж буй мэт өнгө аястай Ерөнхий сайдын энэ үг бол хүний өөрийн улстөрчдөд хандаж би “Мэдсэн шүү. Аятайхан байгаарай” гэсэн сэрэмжлүүлэг юм. Өөрөөр хэлбэл, оны дараа засгийн үйл ажиллагааг доголдуулах санаархалтай байгаа улстөрчдийг “Том төсөл гацаагч” гэж өргөмжлөх бэлтгэл ажилдаа орж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа асуудал муугаар эргэхэд олон нийтэд хамтраад том төслүүдээ явуулах гэсэн боловч гадна, дотны эсэргүүцэгчдийг дийлээгүй мэтээр харагдах учиртай чухал өнцөг билээ. Мэдээж энэ үг, энэ сануулга, сүрдүүлэг маягийн зүйлээрээ Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хадгалж үлдэх нь эцсийн зорилго юм.
Ямартаа ч өнгөрсөн сар гаруйн хугацаанд улс төрд өрнөж буй үйл явцыг харахад Засгийн газрыг хөдөлгөх хүсэл талуудад хэдийнээ бий болоод удлаа. Эхний нүүдлээ оны дараа буюу хаврын хахир цагийг дөхүүлж байгаад хийх төлөвтэй байна. Ерөнхий сайдын хувьд ч ямархуу хариу үйлдэл үзүүлэхээ мэдэгдээд амжсан өдрүүдэд байлаа. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж 2025 оны төсвийг нь задлах гэж талууд хичээнэ. Гэхдээ төсөв хэлэлцэж дуусах хүртэл ямар нэгэн том асуудал үүсэхгүй нь ойлгомжтой.
Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайд энэ үйл явдалд л бэлдэж, төлөвлөсөн мэт нэг улс төрийн мэхийг өнгөрсөн сонгуулийн дараа хийсэн. Үүний талаар чуулган эхэлсний дараа дахин эргэцүүлье.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!