Хөдөлмөрийн Үндэсний_Нам (ХҮН)-ын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа Шүүгч өнөөдөр буюу 2020 оны 10-р сарын 5-ны өдөр хүчингүй болгожээ. Ингэснээр ХҮН-ын 27 нэр дэвшигч Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо.
Энэ талаар ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр "Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтанд хүрч, Монгол улсын ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа. Монгол улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, дөрөв дэх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын нийт иргэдээ! Нийслэл хотоо өөд нь татах, хүнээ дээдэлсэн хот-Аюулгүй хотын төлөө Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу. Монгол улс мандан бадрах болтугай!" гэжээ.