Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг байна. Иймд нийт хүүхдийн 37 хувь нийгмийн хамгаалал шаардлагатай айл, өрхөд өсч торниж байгаа аж. Тэр хэрээр хүүхдийн хүчирхийлэл, энэ талаарх дуудлагын тоо эрс өссөн байна.
Өөрөөр хэлбэл, одоогоос 10 –аад жилийн өмнө хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өдөрт 200 байсан бол 1000 гаруй болжээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл уг хуульд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлаж хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд шинээр хүүхдийг асралт гэр бүлд асруулах үйлчилгээ нэмэгджээ.
Энэ нь гэхдээ шинэ үйлчилгээ биш бөгөөд 2011 оноос хойш хэрэгжиж байсан ч 2024 оны есдүгээр сараас эхэлж Хүүхэд хамгааллын тухай хуульд ийнхүү тусгалаа олсон байна. Хүүхдийг төрөл, садны гэр бүл нь авахгүй гэсэн тохиолдолд нийгэмшүүлэх зорилгооор энэхүү үйлчилгээнд хамруулах аж.
Энэ ажлын хүрээнд хүүхдүүд сонгосон айлдаа амьдрах бөгөөд үүнийх нь төлөө тухайн хүүхэд өсгөж буй айл сар болгон нийгмийн халамжийн сангаас мөнгөн тэтгэмж авах юм байна. Албан бус мэдээллээр тэрхүү мөнгөн тэтгэмж нь 300 мянган төгрөгөөс эхэлж магадгүй гэв.
Асралт гэр бүлээр хүсэлт гаргасан гэр бүлийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ, тусгай гэрчилгээ авна, сургалтад хамруулах, хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ зэргийг байгуулна. Хамгийн чухал нь тухайн гэр бүлийн орон байр, орчин нөхцөл, өрхийн орлогын түвшин, гэр бүлийн гишүүдийн амьдралын хэв маяг, зан үйл, сэтгэлзүйн байдал зэргийг судлах юм.
Өнөөдрийн байдлаар хүүхдийг асралт гэр бүлд асруулах журмыг шинэчлэн батлахаар албаныхан ажиллаж байна.
Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг 2017 онд баталж байжээ. Энэхүү шаардлагад
- Асралт гэр бүлийн үйлчилгээг 30-55 хүртэлх насны Монгол Улсын харьяалалтай гэр бүл.
- Хүүхдийг асран халамжлах хүсэл эрмэлзэлтэй байна.
- Улсаас үзүүлэх мөнгөн дэмжлэгээс хамаарахгүйгээр гэр бүлийнхээ хэрэгцээг хангалттай хангаж чадах орлоготой.
- Асрамж, халамждаа авах хүүхэдтэй чацуу буюу түүнээс бага насны хүүхэдгүй, асралт гэр бүлийн эх жирэмсэн биш байна.
- Эрх бүхий байгууллагатай 1-ээс 24 сарын богино болон урт хугацааны хүүхэд асран халамжлах гэрээ байгуулна.
Гэр бүлээс тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах, хүүхдийг асралт гэр бүлд асруулах, асрамж халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах үндэслэлүүдийг хуульд ингэж тусгажээ.
- Эцэг эх нь хоёул нас барсан
- Эцэг, эх нь хоёулаа шүүхийн шийдвэрээр нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон
- Эцэг, эх нь хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан.
- Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах,тэжээн тэтгэх боломжгүй болсон.
- Эцэг, эх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ хамгаалах, асран хүмүүжүүлэх тэжээн тэтгэх үүргээ удаа дараа биелүүлээгүй.
- Эцэг эх нь хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэний улмаас хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, хөгжилд эрсдэл учирсан.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!