
Ардчилсан нийгэм гэж 36 жил цээжээ дэлдсэн бид өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрөөс нь өөр үзэл санаатай байхыг үздэггүй хүмүүс. "Миний бодлоор..." гэж бичээд ганц пост оруулахаар "Чиний бодол хэнд хамаатай юм" гэж ирээд л үгүйсгэнэ. Тэр хүн бодох эрхгүй ч юм шиг. Хүүхэд нь ээжээ, ааваа би ингэмээр байна гээд санаагаа хэлэхээр "Чиний насан дээр тэгдэггүй юм" гээд л насаар нь ялгаварлан өөрийн үзэл бодлоо тулгана.
Хэн нэгэн хүн болон юмс эсвэл болж буй үйл явдал дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлээд пост оруулахаар өөрөөс нь өөр үзэлтэй байвал шууд л хараана. Хамгийн сүүлд, би цахим орчинд нэгэн иргэн жүжигчин Б.Одончимэгийн зургийг оруулаад үзэл бодлоо илэрхийлсэн тухай олж харсан юм. Гэтэл дор нь "Чи хэн юм. Чи юу хийж бүтээсэн юм. Чам шиг юм... Чи өөрийгөө хар" гээд л хэлэх хэлэхгүй үгээр харааж... Тэр хүн яагаад өөрийнхөө бодсон зүйлийн талаар пост оруулсныхаа төлөө ингэж хараалгах ёстой гэж... Магадгүй та өөр үзэл бодолтой байвал зүгээр л "Тийм шүү дээ" гээд тайлбарлаад, өөрийн үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлж болохгүй гэж..
Хүн яагаад таниас өөр үзэл бодолтой байж болохгүй, тэгээд бүр түүнийгээ илэрхийлсэнийхээ төлөө үгийн муухайгаар хэлүүлэх ёстой юм.
Монголын 3 сая иргэн бүгд нэг үзэл бодолтой байхгүй нь ойлгомжтой.
Таны бодол танд зөв бол миний бодол надад зөв. Бодол, үзэл санаа минь өөр байлаа гээд би үзэн ядагдах муу хүн биш. Бид өөр өөр үзэл бодолтой байж болно шүү дээ. Бусдынхаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрч сурвал ямар вэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!