Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ 2025: Хятадын АМЛАЛТ ба Монголын НАЙДВАР

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 27 секунд

Ирэх оны төсөвт нүүрсний экспортын төсөөллийг огцом нэмэгдүүлж 83.3 сая тонноор төсөөлж буй. Төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн нүүрсний үнийг нэг тонн нь 129 ам.доллароор тооцжээ. Жилийн жилд нүүрсний экспортын төсөөллийг ахиулж ирсэн бөгөөд 2025 оных түүхэндээ хамгийн өндөр дүн болж байгаа юм.

2025 ОНД 83.3 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Уул уурхайн бүтээгдэхүүнээс эдийн засаг нь шууд хамааралтай манай улсын хувьд Хятад хэр их нүүрс авна, тэр хэрээр валютын урсгалыг Монголд татна. Хэрэв урд хөрш өнгөрсөн жилийнхтэй адил нүүрс сайн худалдаж авбал энэ хэмжээнд хүрэх боломжтой. Үгүй бол төлбөрийн тэнцэлд дарамт үүсэж төсвийн алдагдал үүсэх эрсдэл үүсэх "алдаа"-гаа бид давтана.

Сангийн яамнаас боловсруулсан ирэх оны төсөлдөө нүүрсний экспортыг 83.3 сая тонн гэж тооцохдоо боломжтой гэж үзсэн байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Он гарсаар өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 55 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт. Энэ нь биет хэмжээ болон орлогын хувьд адилхан өссөн дүн юм. Магадгүй 2023 оныхтой харьцуулахад энэ онд нүүрсний экспорт буурсан бол бид эрсдэл үүслээ гэж харна. Өмнө нь бид нүүрсээ сайн чанарын үнэтэй эсвэл хямд байх эсэх нь хамаагүй бүгдийг нь экспортолдог байсан. Гэтэл өнөөдөр нүүрсэн дээр илүү өөр бодлого явуулж байгаа учраас БНХАУ-ын зах зээлд уялдуулж илүү орлого олохын тулд нүүрсээ сорчлохгүй бизнесийн зарчмаар алдаагаа давтахгүй байдлаар экспортолж байна. Экспортыг бид 2023 оны төсвийн тодотголд 50 сая гэж төлөвлөсөн. Тухайн үед шүүмжлэл ч дагуулж байсан. Гэтэл нүүрсний экспорт 69 сая тонн буюу 70 тонн хүрлээ шүү дээ.

Том зургаар харвал БНХАУ-тай айлчлалын хүрээнд "Та нар чадах хэмжээгээрээ экспортол, бид худалдан авъя" гэж тохирсон. Одоогоор бидний ажигласнаар сөрөг зүйл алга. Цаашид ийм эрсдэл байхгүй.

Хоёрт, төмөр замын холболтын ажлыг яаралтай эхэлбэл ашиглалтад орох хугацаанд хүртэл экспортыг нэмэгдүүлж болох юм байна гэж дүгнэж байгаа юм. Бидний зүгээс нүүрсний экспортод бүх талаар үүсэх эрсдэл, сөрөг нөлөөллийг тооцож, хамгийн муу хувилбарыг гаргаж үзсэний үндсэн дээр 83 сая тонн гэх тоог гаргасан. Дээр нь өмнөх онуудын төсвийн гүйцэтгэлийг тооцож энэ дүнг гаргаж байгаа юм гэв.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 6 САЯ ТОННООР ИЛҮҮ ТӨСӨӨЛДӨГ БАЙЖЭЭ

Графикаас харвал, цар тахлаас өмнө нүүрсний экспорт төсвийн төсөөллөөс давж байсан бол Хятад хилээ хаасан жилүүдэд нүүрсний экспорт эрс буурч төсөвт тодотгол хийхэд хүрч байв. Жишээ нь, 2022 оны төсвийг батлахдаа , 36.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон. Гэвч төсвийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж, 18 сая тонн байхаар өөрчилж байв. Харин 2022 оноос хойш Хятадын хилийн хориг алгуур суларч нүүрсний экспорт сэргэснээр 2023 онд түүхэндээ анх удаа 70 сая тоннд хүрсэн нь рекорд эвдсэнээр эдийн засагт сэргэлт болсон. Хэдий сүүлийн жилүүдэд нүүрсний экспортын хэмжээ төсөөллийг давсан ч үргэлж ийм эерэг байгаагүй. Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс хийсэн судалгаанаас үзэхэд, сүүлийн 10 жилийн найман жилийнх нь нүүрсний экспортын төсвийн төсөөллийн өгөгдөл олджээ.

Тодруулбал, жилд дунджаар 32 сая тонн нүүрс экспортолно гэж төсвийн төсөлд тооцоолж байсан бол ойролцоогоор 26 сая тонн нүүрс экспортолж байжээ. Өөрөөр хэлбэл, 6 сая тонн нүүрс илүү экспортолно гэж төсөөлжээ. Бүр тодруулбал, энэ найман жилийн зургаан жилд нүүрсний экспортын төсөөллөөс гүйцэтгэл нь бага байсан гэсэн үг.

Өнөөдөр нүүрсний ачаар эдийн засгийн сэргэлт тогтворжсон ч маргааш, нөгөөдөр хэрхэх нь тодорхойгүй байна.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ СӨРӨГ ҮР ДАГАВАР ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Дэлхий нүүрснээс татгалзаж ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч рүү нүд эрмэх зуур шилжиж буй өнөө үед манай улсын худалдааны гол түнш Хятад ч бас энэ чиглэлд анхаарч бодлого явуулж байна. Нөгөөталд, Хятадын үл хөдлөхийн салбарын уналт, ажилгүйдлын түвшин нэмэгдэж эдийн засаг гангийн үйлдвэрлэл буурч буй талаарх сүүлийн үед мэдээлэл байнга шахам цацагдах болсон нь анхаарал татаж буй.

Учир нь гадаад худалдаа, эдийн засаг нь урд хөршөөс хамааралтай манай улсын хувьд Хятад найтаахад Монголт хатгалгаа болдог нь гашуун үнэн.

Нүүрсний экспортод үүсэж болзошгүй эрсдлийн талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "Хятадын эдийн засгийн идэвхжил саарч байна, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байна. Үүнийг дагаад гангийн үйлдвэрлэл саарч байна.Дотоодынх нь нүүрсний агуулахын дүүргэлтүүд нэмэгдэж байна. Энэ нь магадгүй Монгол Улсын коксжих нүүрсний экспортыг бууруулж болзошгүй" гэсэн юм.

Хэдий Монгол Улс ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 34 жил болсон ч өнөөдөр бидний алхах газар, амьсгалах агаараас бусад нь урд, хойд хоёр хөршөөс хараат хэвээрээ. Тэр дундаа Хятад. Тиймээс ирэх оны төсвийн орлого ямар байх эсэх нь айлаас шалтгаална гэсэн үг. Эдийн засагчдын зүгээс 83.3 сая тонн нүүрс экспорлох боломжгүй гэх байр суурьтай шүүмжилж байгаа юм.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 80 САЯ ТОННД ХҮРЭХГҮЙ БОЛ ӨРИЙН АСУУДАЛ ЭРГЭЛЗЭЭТЭЙ СӨРӨГ БОЛНО

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Энэ жил 78 сая, дараа жил 80 сая гаруй, дараагийн жил 100 сая нүүрс экспортлох бололцоо бодитойгоор байгаа юу гэдэгт бид эргэлзээтэй хандаж байна. Хятад улсын нүүрсний импортын нөөц нь 103 сая тонн байгаа бол Австрали, ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх томоохон бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгааг анхаарах ёстой. Дотоод орчиндоо нүүрсний гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэр нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой. Экспортын тухайд ирэх жил 80 сая гаруй тонн нүүрс экспортолж чадахгүй бол эдийн засгийн өндөр өсөлт гарахгүй, түүнийг дагаад төсвийн орлого, өрийн асуудал эргэлзээтэй болж сөрөг үр дагавар их байх магадлалтай.

ЗГ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ТОГТВОРТОЙ ӨСГӨНӨ ГЭЖ ХЭТ ӨӨДРӨГӨӨР ХЭЛЖ БАЙГАА НЬ МАШ ХҮНД АМЛАЛТ

Эдийн засагч Н.Энхбаяр: Нүүрсний экспортын биет хэмжээнд мэргэжлийн байгууллагаас судалгаа яаж ч хийсэн Засгийн газарт хүлээж авах сонирхол төдийлөн байдаггүй юм шиг байгаа юм. Учир нь төсвийн орлогоо тооцож байгаа нь Сангийн яам учраас. Тэд бол экспортын хэмжээг нэмэгдүүлнэ, орлогоо төлөвлөсөндөө хүргэнэ л гэдэг. Яагаад ингэж итгэлтэй хэлж ирсэн бэ гэвэл ковидын дараа Хятадын эдийн засаг сэргэж, сэргэлтээ дагаад гангын үйлдвэрлэл нь идэвхэжсэн учраас коксожсон нүүрсний эрэлт нэмэгдсэн явдал. Коксожсон нүүрсний хувьд сүүлийн хоёр жил гангын үйлдвэрлэл нэлээд идэвхтэй байсан учраас манай экспорт дагаад өссөн үзүүлэлттэй явж байгаа. 2023 оны байдлаар БНХАУ-ын импортоор авсан коксжих нүүрсний 78 хувийг ОХУ, Монгол Улс хангасан байна. 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар тус улсад нийлүүлж байгаа нүүрсний экспортоороо Индонези улс тэргүүлж, ОХУ удаалж, манай улс гуравдугаарт байна. Австрали улс манай улсын араас бичигдэж байгаа. Гэхдээ Австрали улс нүүрсний нийлүүлэлтээрээ манай улстай тун ойрхон хэмжээнд дөхөж байна. Магадгүй энэ оны эцэст гэхэд нийт дүнгээрээ зэрэгцэх байх. Тиймээс ЗГ ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортыг тогтвортой өсгөнө гэж хэт өөдрөгөөр хэлж байгаа нь маш хүнд амлалт. Манай гол худалдан авагч зах зээл геополитикийн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэдгээ бид анзаарах ёстой. Энэ бүгдийг тооцоолж ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй гэдгийг дахин сануулмаар байна.

НИЙТ ЭКСПОРТЫН ДИЙЛЭНХ НЬ ТҮҮХИЙ ЭД БАЙГАА НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИСТОЙ БҮТЭЦ БИШ

Эдийн засагч Б.Энх-Амгалан: Манай улсын эдийн засаг төвлөрөл ихтэйгээс гадна гадаадын эдийн засгийн хувьд Хятад улсаас бүхэлдээ хараат болсон. Нийт экспортын дийлэнх нь түүхий эд байгаа нь эдийн засгийн зөв зохистой бүтэц биш юм. Түүхий эдийг гаргахаас илүү нэмүү өртөг шингээх нь чухал. Энэ чиглэлд хөрөнгө оруулагчдыг татаж чадвал манай улс нүүрс экспортолдог эдийн засаг биш тодорхой хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засагтай болно. Түүхий эдийн баялагтай улс орнууд боловсруулах үйлдвэрлэлийн тогтвортой орчин нөхцлийг бий болгож, энэ тал руу бодлого, хөрөнгө оруулалтаа шилжүүлсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болно. Нөгөөтэйгүүр, бид үйлдвэр барихад өртөг зардлаа тооцож олон улсын туршлагаас судлах ёстой гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэмийн дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэмийн дулаан байна
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.