Улсдаа ганцхан хавдрын гэх тодотголтой дөрвөн давхар бүхий энэ шар барилга дотор өчнөөн хүний хувь заяа шийдэгддэг. Гэхдээ баяр жаргалаас илүү нулимсандаа живэх нь даанч олон. Бүгд л “Та хорт хавдартай” гэсэн эмчийн үгтэй эвлэрч чаддаггүй болохыг тэд дуу нэгтэй хэлдэг. Улсын хэмжээнд өдөрт 20 орчим хүн хавдартай гэсэн онош сонсож байгаа бол 12 хүн амь насаа алдах болов. Нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилсөн талаар 2023 онд албаныхан мэдээлж байв.
“Яагаад би гэж”
Н.П.... одоо 45 настай, хоёр хүүхдийн ээж. Баянхонгор аймагт ажиллаж, амьдардаг. Тэрбээр хорт хавдартай тэмцэж яваа мянга мянган хүний төлөөлөл. 2022 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээгээр "асуудалтай" гэдгээ мэдэж улмаар ХСҮТ-д ирснээр “Та элэгний хорт хавдар хоёрдугаар шатанд явна” гэсэн эмчийн үгийг сонсоод чихэндээ ч итгээгүй.
Ёстой л хад мөргөсөн юм шиг санагдаж “Яагаад би гэж” гэсэн асуулт бодлыг нь ээрч, нүдэндээ нулимстай эмнэлгийн коридорт хаачихаа мэдэхгүй зогсч байсан үе түүнд бий.
Хорт хавдартай гэдгээ мэдээд өөрийгөө найдваргүй, хэзээ мөдгүй үхнэ л гэж боддог юм билээ. Харин эмч нар “Хорт хавдар эдгэдэг. Залуу хүн учраас үхэх тухай гутранги бодож болохгүй. Эцсийг нь хүртэл хамтдаа давъя” гэж хэлсэн" гэлээ.
Н.Пүрэвдулам 2022 онд элэг хэсэгчлэн тайрах хагалгаанд орсны дараа өөрийгөө бүрэн эдгэлээ гэж итгэсэн баяр хөөр нь удаан үргэлжилсэнгүй. Хэдэн сарын дараа үзүүлэхэд түүний хавдрын эх үүсвэр бүрэн авагдаагүй гэх хүндхэн мэдээтэй нүүр тулжээ.
Үүнээс хойш 2024 он хүртэл хоёр удаа элэг хэсэгчлэн тайрах хагалгаанд орсон ч хавдрын үүсвэр авагдахгүй байгаад шаналж буйгаа нуусангүй.
Энэ хугацаанд ХСҮТ-өөс гадна сайн гэсэн хувийн эмнэлгээр явж эм тарианд багагүй мөнгө зарлагджээ. Одоо түүний хувьд эмчтэйгээ уулзахаар ХСҮТ-д дугаарлаж буй нь энэ.
ХСҮТ 08:00 цагаас хаалгаа нээдэг ч шинжилгээ өгөх, эмчид үзүүлэх гэсэн хүмүүс үүрийн 04:00-05:00 цагтай уралдаж дугаарласаар олон арван жилийг үдэж байна. Тэгвэл баасан гараг /2024.09.13/ болоод ч тэрүү түүх нээх, цахим бүртгэл, компьютер томографид цаг авахад ямар ч хүлээгдэл байхгүй байв. Ёстой л тэнгэрээс од шүүрэхтэй л адил юм болж байна гэж хүмүүс хоорондоо шивэр авир хийцгээх нь сонсогдоно.
Нам гүм химийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөөнүүд
Олон цагийн химийн дусал тариа залгуулсан хүмүүс тамирдаж ядардаг болтой. Тасгийн үүдний том өрөөнд өдрийн эмчилгээнд орж буй хүмүүс мөн л дусал залгуулан эгнэн суужээ. Хөгшин залуу гээд нас насны хүмүүсийн ихэнх нь үсээ хусуулжээ. Энд хоёр жилийн хугацаанд өвдсөнөөс хойш 10 гаруй сая төгрөг зарцуулсан хүнтэй ч таарлаа. Хэдийгээр улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ч яалт ч үгүй хувиасаа эм, тариа авах шаардлага гардаг гэв. Химийн эмчилгээнд орж байгаа хүн 21 хоноод давтан орох ёстой. Нэгэнт хэвтсэн тохиолдолд химийн тариа, хордлого тайлах дуслыг үнэ төлбөргүй хийдэг аж. Өвчтөнүүд үүний хажуугаар ходоод, элэг хамгаалах эм тариагаа өөрсдөө авч хийлгэнэ. Эдгээр эмний нэг өдрийн үнэ нь 40 гаруй мянган төгрөг. Эмнэлгээс гараад мөн л хордлого тайлах тариа хийхгүй бол дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоол идэх дуршилгүй болох зэрэг хордлогын шинжүүд арилахгүй зовоодог гэнэ.
Хавь ойрд таараагүй холын хамаатан саднууд хавдрын эмнэлэг дээр таарч зовлонгоо хоёр биендээ ярихтай цөөнгүй таарсан юм.
ХСҮТ-өөр өдөртөө 2000 гаруй хүн орж гардаг бол жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг байна. Үйлчлүүлж буй хүмүүсийн 50 гаруй хувь нь орон нутгийнхан.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээгээр 68 настай ээжийгээ хавдартай гэдгийг мэджээ
Эмчийн хяналтад орохоор дугаарлаж буй ээж, охин хоёртой хэсэг ярилцав. Охин нь ээжийгээ үзүүлэхээр Хэнтий аймгаас хамт иржээ. 2022 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээгээр 68 настай ээжийгээ хавдартай гэдгийг мэдсэн байна. Тэр хүртэл ядарч, турсныг эс тооцвол өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Улмаар ХСҮТ-д 2023 оны нэгдүгээр сард, 2024 оны хоёрдугаар сард дахин хагалгаанд орсон ч гурав дахь удаагаа дахин хагалгаанд орохоор ийнхүү хотод иржээ.
ХСҮТ-ийн тодосгогчтой томографид цаг авахаар дугаарласан ч аль арваннэгдүгээр сарын 4-нд байсан учраас цаг алдахгүйн тулд хувийн "Бриллант" эмнэлэгт 325 мянган төгрөгөөр үзүүлсэн байна. Өнөөдөр эмч нарын зөвлөгөөнөөр орох гээд хүлээж байхтай нь ийнхүү таарсан юм. Нийт 30 өвчтөн зөвлөгөөнөөр орохоос түүний ээж хамгийн сүүлийн хүн нь аж. Энд нэг анхаарал татсан зүйл нь ХСҮТ "Бриллант" эмнэлгийг иргэдэд санал болгож, тэдний шинжилгээний хариуг л хүлээн зөвшөөрдөг гэнэ.
Элэгний хорт хавдрын тоог дэлхийн улс орнуудынхтай харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлттэй явж байна
Хүн амын дунд мөөгөн хүрээ шиг тархсан өвчлөл бол элэгний хорт хавдар. Үүнийг зарим нь "тахал" ч гэж нэрлэж ирсэн. Үнэхээр тахал шиг л тарчихсан байсан хүнд цаг үе 1990 оноос өмнөх үеийнхэнд тулгарчээ. Учир нь 1990 оноос өмнө вакцин байгаагүй. Эмнэлгийн оношилгоо, шинжилгээний лаборатори, багаж, хэрэгсэл ч хөгжөөгүй байсан цаг үе гэсэн үг. Ийм л бүрхэг нийгэмд төрсөн хүмүүс ахимаг насан дээрээ элэгний хорт хавдраар шил даран өвчилж байна.
Монгол Улсын 100 мянган хүн ам тутамд тохиолдож байгаа элэгний хорт хавдрын тоог дэлхийн улс орнуудынхтай харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлттэй явж байгаа нь гурван сая гаруй хүн амтай цөөхөн монголчуудын хувьд энэ бол даанч харамсалтай мэдээ.
Тухайлбал, 2021 онд жилд 6000 гаруй иргэн хавдраар өвчилж байсан бол 2022 онд 6882 иргэн хавдраар өвчилсөн дүн мэдээтэй байна. Энэ тоо цаашид 7000 давах магадлалтай байна.
Орон нутагт тодосгогчтой томографи байдаггүй учраас иргэд хотыг зорьдог
Өнгөрсөн баасан гарагт "Хавдар судлалын тулгамдсан асуудал 2024" эрдэм шинжилгээний хуралд оролцсон Говь-Алтай аймгийн хавдрын эмч Г.Төмөрхуяг "Элэгний хорт хавдрыг үүсгэж байгаа нийт шалтгааны 90-95 хувь нь зөвхөн элэгний B, C, D вирусийн шалтгаант халдварууд байгаа. Хэдийгээр хагалгаанд орсон ч хавдар авагдахгүй байгаа нь элгийг гэмтээж байгаа хүчин зүйл хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, B, C, D вирусийн эмчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Орон нутагт B, C, D вирусийг тоолж чаддаггүй. Манай аймагт компьютер томографи бол байдаг. Харин тодосгогчтой томографи байхгүй. Тэр нь их өндөр үнэтэй учраас бүсийн оношилгоо эмчилгээний төв болон ХСҮТ-д байдаг. Хэрэв аймагт тодосгогчтой томографи байдаг бол иргэд хот руу ирэх ачаалал багасна.
Алслагдмал, баг, сумийн иргэд мал, хадлан зэрэг ажилдаа санаа зовоод эмнэлэгт үзүүлдэггүй. Үзүүллээ гэхэд товлолын 3-6 сараас хэтэрч ирдэг. Ер нь бол усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Хоргүй хавдар байсан бол хавдар нь аль хэдийн гуравдугаар үе шат руу шилжсэн, хэд хэдэн эрхтэн рүү нь үсэрхийлсний дараа л эмнэлэгт ирдэг. Тэр нь маш харамсалтай" гэв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!