Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.
Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолойг гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны 3-р улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ.