Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхзаяа: Хүний бүтээлч байдалд ямар нэг хязгаар заалт байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 4 секунд

Зургийн тайлбар: Өөрийн сонирхлын дагуу цаасан урлал, хатгамал, оёдол, шавар урлалаар олон төрлийн бүтээлүүд урлаж жижиг бизнес хийдэг Б.Энхзаяа. Тэрбээр энэ жил 18 настай. Улаанбаатар хот. 2020.09.24. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

Энэ удаагийн ярилцлагаар бид өөрийн сонирхлын дагуу гар урлалаар жижиг бизнес хийдэг Б.Энхзаяа хэмээх насандаа баймгүй хэрсүү охинтой уулзаж ярилцлаа. Тэрбээр цаасан урлал, хатгамал, оёдол, шавар урлалаар олон төрлийн бүтээлүүд урладаг байна. Бүтээлчээр дурсамжын хайрцаг хийх дуртай бөгөөд сонирхлоороо “Make up” бичлэг хийдэг аж.

- АНХНЫ БҮТЭЭЛ МААНЬ ЖИЖИГ БИЗНЕСИЙН ЭХЛЭЛ БОЛСОН -

Анх хэдэн оноос гар урлалаар бүтээл хийж эхэлсэн бэ?

Би цэцэрлэгт байх үеээсээ л зураг зурах хоббитой байсан. Ийнхүү 2016 оныг хүртэл дан зураг зурж байгаад өөр шинэ зүйл туршиж үзэхээр шийдсэн. Анхандаа юу хийхээ мэдэхгүй их эрэл хайгуул хийж байгаад “Youtube”-ээс янз бүрийн гоёмсог урилга, дурсамжын хайрцаг, бэлгийн карт зэрэг цаасан урлалын бичлэг үзээд дагаж хийж сурсан. Бичлэгт гарч буй гадаад хүмүүсийн хэрэглэж байсан цаас нь чанартай зузаан өнгөт цаас байсан. Тухайн үед нас бага байсан болохоор хаанаас тийм гоё цаас олохоо мэдээгүй. Харин нэг өдөр ээжтэйгээ дэлгүүрээр явж байгаад өөрт хэрэгтэй бүх хэрэгслээ олоод авчихсан. Түүндээ урамшаад хийсэн анхны бүтээл маань жижиг бизнесийн эхлэл болсон.

-Хамгийн анхны бүтээл чинь юу байсан бэ?

-Цүнхэн хэлбэртэй дэлгэгдэж хураагддаг, дотроо зураг мэндчилгээтэй бэлэг дурсгалын хайрцаг байсан.

-Дурсамжын хайрцаг их сайн хийдэг юм билээ. Хэр их хүн захиалж байна вэ?

-Есдүгээр ангид ордог жил анхны бүтээлээ хийхэд манай сургуулийн багш нар, ангийн хүүхдүүд маш их дэмжиж худалдан авч байсан. Цаанаасаа урам ороод л явчихсан. Тэгээд өөр олон бүтээлүүд хийж захиалга авч эхэлсэн. Заримдаа өөр хот аймгаас хүртэл захиалга авах тохиолдол бий. Худалдан авагчид маань ихэнхдээ 20-30 насны эгч нар байдаг. Нөхөртөө юмуу найз залуудаа бэлэг захиалж хийлгэдэг.

Зургийн тайлбар: Анхны дижитал зураг буюу "Харшил" хэмээх комикийн нэг хэсэг. Цэцгэн дунд зургаа авахыг хүссэн ургамлын харшилтай охины тухай өгүүлэх бөгөөд өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэжээ.

- ОРЧИН ҮЕД ЗААВАЛ СУРГАЛТ СЕМИНАР ГЭХГҮЙГЭЭР ИНТЕРНЭТ “УХАЖ” СУРСАН БАЙХАД БҮХ ЗҮЙЛ НЭЭЛТТЭЙ -

-Чи ихэнх бүтээлүүдээ гар аргаар хийж борлуулдаг шүүдээ. Гар аргаар хийсэн зүйлийг хүнд бэлэглэх нь бэлэн бүтээгдэхүүн өгөхөөс юугаараа онцлог вэ?

-Хүнд зүгээр нэг чихэр шоколад юмуу хувцас хунар өгч байснаас дотроо сэтгэлийн үгээ мэндчилгээ болгож, нандин дурсамжтай зургуудийн хамт дэлгээд үзэхэд ч сайхан бэлэг өгөх илүү санагддаг. Бэлэг сэтгэгдэл төрүүлэхүйц байвал гоё. Үүнтэй холбоотойгоор бизнесээ дурсамжын хайрцаг буюу “Gift box”-оор эхлүүлсэн.

-Сүүлийн үед дижитал арт их сонирхож байгаа бололтой. Комик цуврал зураад үргэлжлүүлнэ гэж боддог уу?

-Тиймээ. Одоогийн байдлаар харшил гэдэг нэртэй эхний цувралаа гаргачихсан байгаа. Би дөнгөж л дижитал зураг зурж эхэлсэн болохоор сурч засах зүйлс олон бий. Цаг хугацаа их шаарддаг деталь ихтэй зурдаг болохоор комик болж хөгжихөд их хугацаа орно гэж таамаглаж байна.

-Ямар нэг шинэ зүйл сурахдаа өөрөө бие дааж сурдаг уу?

-Тиймээ орчин үед заавал сургалт семинар гэхгүйгээр интернэт “ухаж” сурсан байхад бүх зүйл нээлттэй. Миний багш бол мэдээж “YouTube”. Би өөрөө англи хэлтэй болохоор сурахыг хүссэн зүйлээ хялбархан олчихдог.

Зургийн тайлбар: Түүний шавар ашиглан хийсэн ээмэгнүүд. Үнийн хувьд 11 мянгаас 18 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. Тэрбээр бүтээлийнхээ харагдах байдлыг сайн үзүүлэхийн тулд өөрөө зүүж моделоо хийжээ. 

-ӨМНӨ НЬ ДАНДАА ЦААСАН УРЛАЛ, ЦААСТАЙ ХОЛБООТОЙ БҮТЭЭЛҮҮД ХИЙДЭГ БАЙСАН БОЛОХООР ШАВАР АРАЙ ӨӨР САНАГДСАН -

-Өөрийн гэсэн youtube суваг юмуу цахим хуудас ажиллуулдаг уу?

-Youtube сувгаа нээгээд удаагүй болохоор ганц make up бичлэгтэй байгаа. Instagram хуудсаа ч мөн ашиглаж эхлээд удаагүй учир одоогийн байдлаар цөөхөн дагагчтай байна. Харин фейсбүүкээр “Zaya's Artworks” гэсэн хуудсандаа бүтээлүүдийнхээ мэдээллүүдийг цаг тухайд нь оруулдаг.

-Баярын үеэр бэлэг дурсгалын зүйлс эрэгттэй байдаг шүүдээ. Ямар нэг баярт зориулан бүтээлүүдээ хувиргаж хийдэг үү?

-Мэдээж баярт зориулан чимэглэл, хэв загварыг нь сольж байсан. Жишээ нь дурсамжын хайрцагны дээр байдаг бантикны өнгийг валентины үеэр зөвхөн улаан болгох гэх мэтээр зохицуулдаг байгаа. Хэр олон хүн захиалга өгч байна төдий чинээ бүтээлүүд маань удаж гарах тохиолдол бий. Дунджаар 2-3 хоногт хийж дуусгахыг хичээдэг. Валентины үеэр хосууд бие биедээ бэлэглэх зорилгоор захиалдаг болохоор ачаалал ихтэй байдаг. Мөн шинэ жилээр захиалга өгөх хүсэлтэй хүмүүс олширдог.

-Хамгийн содон юмуу дуртай бүтээлээсээ хуваалбал?

-Сүүлд шавраар ээмэг хийж эхлэхэд үнэхээр сонирхолтой байсан. Өмнө нь дандаа цаасан урлал, цаастай холбоотой бүтээлүүд хийдэг байсан болохоор шавар арай өөр санагдсан. Чадвараа улам сайжруулж байгаад гоёл чимэглэлийн төрлийн олон бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Зургийн тайлбар: Гар урлал хүний бүтээлч байдалд хэрхэн нөлөөлдөг тухай яриж буй байдал. Улаанбаатар хот. 2020.09.24. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

- МИНИЙ “GAP YEAR” АВСАН ШАЛТГААН БОЛ ӨӨРИЙГӨӨ ОЛОХ -

-Шавар ээмэг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Хүмүүс хэр их захиалж байна вэ?

-Хүмүүс маш их сонирхож байгаа. Цахим хуудаст оруулсан зэргээд маань маш их хандалт авсан гэхэд болно. Миний дуртай комик артист Азука гэдэг хүн хамгийн эхний захиалагч болж, хар өнгийн мууртай ээмэг авсан. Тэр хар мууртай ээмгийг хийхдээ юунаас ч санаа аваагүй өөрийн төсөөллийг ашигласан. Мөн ямар ч багаж хэрэглэл хэрэглээгүй зөвхөн цаасны хутга болон гараа ашиглаж хийсэн байгаа.

-Багагүй уран бүтээлч юмаа. Гар урлал, зурагт сонирхолтой болоход юу нөлөөлсөн бэ?

-Гэр бүлийнхэн маань мэргэжлээ болгоогүй ч гэлээ их сайн зурдаг хүмүүс. Тэгэхээр би авьяасыг нь өвлөж авсан байх. Цэцэрлэгээсээ л зураг зурах, урлагт сонирхолтой байсан. Би дан ганц зураг гар урлал гэлгүй урлагийн талын өөр олон зүйлийг сурахыг эрмэлздэг. Үкүлэлэ тоглож сурсан бөгөөд саяхнаас гитараар хичээллэж эхэлсэн. Спорт гэвэл теннист илүү сонирхолтой.

-“Gap year” авсан гэж сонссон. Чиний үеийн хүүхдүүд сонирхдоггүй мэргэжлээрээ сурах тохиолдол олон байдаг шүүдээ. Чиний хувьд өөрийн дуртай зүйлээ хөгжүүлээд явж байна. Ямар давуу талтай вэ?

-Миний “gap year” авсан шалтгаан бол өөрийгөө олох. Одоо шинээр олон зүйл туршиж үзэж байна. Энэ бүхний эцэст өөрийн хамгийн их сонирхдог дуртай зүйлээ олж авч, түүгээрээ мэргэжлээ сонгоно гэж боддог. Надад шинэ зүйл туршиж үзэх нь зугаатай бөгөөд олон шинэ зүйл сурч авах давуу талтай юм шиг санагддаг. Түүнчлэн гар урлал нь хүний бүтээлч байдлыг хөгжүүлдэг, анхаарал төвлөрөхөд тусалдаг, юманд сэтгэлээсээ хандах хандлага, хүний хөдөлмөрийг үнэлж хүндлэх сэтгэлгээг бий болгодог гэдэгт итгэдэг.

Зургийн тайлбар: Холын ирээдүйд бизнес эмэгтэй болно гэж боддог. Ойрын зорилго гэвэл энэ хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд өөрийгөө бүр сайн хөгжүүлнэ.Улаанбаатар хот. 2020.09.24. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

- ХОЛЫН ИРЭЭДҮЙД БИЗНЕС ЭМЭГТЭЙ БОЛНО ГЭЖ БОДДОГ -

-Бүтээлүүдээ анх хийж эхлэхэд ямар санагдсан бэ?

-Анх хичээлтэй цаг давхцаад бүтээлүүдээ шөнөжин сууж хийдэг байсан. Заримдаа өөрийгөө үнэхээр ядарч байгааг мэдрээд жаргаад ч байгаа юм шиг, зоюоод ч байх шиг санагддаг. Харин бүрэн гүйцэт болсон бүтээлээ дараа нь харахаар урам зориг аваад үргэлжлүүлэх хүсэл төрдөг.

-Цаашдын зорилгоосоо сонирхуулбал?-

-Холын ирээдүйд бизнес эмэгтэй болно гэж боддог. Ойрын зорилго гэвэл энэ хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд өөрийгөө бүр сайн хөгжүүлнэ.

- Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Хүний бүтээлч байдалд ямар нэг хязгаар заалт байхгүй. Толгой доторх зүйлээ биет бодит болгох боломж байдаг учраас гар урлал сонирхож эхэлж буй хүмүүс заавал туршиж үзээрэй. Мөн орчин цагт интернэт ашиглан хүссэн бүх зүйлээ сурах боломж хэнд ч нээлттэй шүү. Анх есдүгээр ангийн жаахан хүүхэд юугаа ч мэдэхгүй байхад ээж маань тусалж дэмжсэн. Баярлалаа, хайртай шүү.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Зургийн тайлбар:  Түүний цүнхэн дээр урласан цэцгэн хамгамалын харагдах байдал

Зургийн тайлбар: Зүү ороох оёдлоор хийсэн эсгий цүнх

Зургийн тайлбар: Хар өнгийн үзгэн балаар зохиомжлон зурсан хээнүүд

Түүний "Halloween"-ны баяраар нүүрээ хэрхэн будаж болохыг харуулсан make up бичлэг

С.Хонгорзул

БНСУ-д амиа хорлохыг хүсэгчдэд зориулсан төв нээгджээ
БНСУ-д амиа хорлохыг хүсэгчдэд зориулсан төв нээгджээ
 
ЦЕГ: С.Зоригийн хэргийг мөрдөн шалгасан 26 жилийн хугацаанд анх удаа ДНК мэдээллийг тогтооход Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын мэдээлэлтэй тохироогүй
ЦЕГ: С.Зоригийн хэргийг мөрдөн шалгасан 26 жилийн хугацаанд анх удаа ДНК мэдээллийг тогтооход Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын мэдээлэлтэй тохироогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.