СУРВАЛЖИЛГА: Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж, айлаас шатахуун “царайчилдаг“ байдлаас салахад 730 хоног үлдлээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 21 секунд

Одоогоос 9 жилийн өмнө буюу 2017 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Дорноговь аймгийн Алтанширээ суманд Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ЗГ-ын шийдвэр гарч байв.

Улмаар 2018 онд нарийвчилсан ТЭЗҮ батлагдаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бол 2020 онд EPC (зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт)-ын үндсэн гэрээ байгуулагдаж байв. Харин 2021 оны нэгдүгээр сард үйлдвэрийн барилга угсралтын ажлын шав тавих ёслол болж, үндсэн бүтээн байгуулалт эхэлсэн байдаг.

Алсдаа бусдаас бензин түлш “царайчилдаг” байдлыг бууруулаад зогсохгүй, гадаад валютын урсгалыг дотооддоо үлдээж, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой тус үйлдвэрийн барилгын ажил ямар шатанд явна вэ. Бид Дорноговь аймагт ажиллаад ирлээ.

Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа хаяанд иржээ. Төлөвлөсөн ёсоор 2028 оны II улирал гэхэд ашиглалтад орсон байх учиртай. Тэгвэл энэ үед үйлдвэрийн бүтээн байгуулалт дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал:

-EPC-01 багц 100 хувь дуусаж ашиглалт орсон

-EPC-02 багц 67.1 хувийн гүйцэтгэлтэй

-EPC-03 багц 44.4 хувь

EPC-04 багц 9.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Газрын тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 89.8 хувьтай байна. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сум дахь Тосон-Уул XIX талбайгаас Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл 527 км урттай, түүхий эдийг тээвэрлэх газрын тос дамжуулах хоолой нь Монголд нүүрс устөрөгчийг алсын замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болж буй аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 3600 орчим хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэлэхдээ “Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Ашиглалтад орох хугацаа нь нэлээн дөхчихсөн цаг үед ирж таарлаа. Өөрөөр хэлбэл, 2028 оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Бүх салбарын уялдаа, холбоог хангаж ажиллахын тулд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын хувиар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар улирлаас өмнө ашиглалтад хүлээлгэж өгөхөд салбараас ямар зүйл шаардагдана тэр бүгдийг нь шийдвэрлэж, дэмжиж ажиллана" хэмээн онцолсон юм.

Дашрамд, хэдийгээр ОХУ бидэнд гэрээнийхээ хүрээнд өөрсдийгөө умартан шатахуун нийлүүлж, Монгол Улсыг гал алдуулахгүй байгаа хэдий ч Орос Украиний мөргөлдөөн хурцдаж, цөөнгүй нефтийн үйлдвэр өртсөн бөгөөд одоогийн байдлаар ОХУ-ын 50 гаруй мужид шатахууны хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

КТО Улаанбаатар х ТАРА хамтарсан аяллын дата симтэй урамшуулалт аян эхэллээ
КТО Улаанбаатар х ТАРА хамтарсан аяллын дата симтэй урамшуулалт аян эхэллээ
 
М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг УИХ-аар пүрэв гарагт хэлэлцэнэ
М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг УИХ-аар пүрэв гарагт хэлэлцэнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!