2024 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намуудын иргэдийг татах гол амлалт нь "Зээлийн хүүг бууруулах" тухай байв. Сүүлийн найман жил төрийн эрхийг дангаар барьсан МАН-ын тухайд
- Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна гэж тусгаж байлаа.
Мөн л сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам, ХҮН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах тухай тусгасан байдаг.
ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТУХАЙ ТОДОРХОЙ ЗААЛТ АЛГА
Харин бодит байдал дээр УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намуудын "зээлийн хүүг бууруулах" амлалт бодит байдал дээр тодорхойгүй байгааг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар 2024 оны эхний хагас жилийн банк санхүүгийн тойм судалгааг танилцуулах үеэр /2024.09.10/ хэлсэн. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шинжлэхэд нэг зүйл харамсалтай санагдсан. Хамтарсан Засгийн газарт орсон гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулна гэж орсон. Гэвч Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах тухай тодорхой заалт алга. Иймд зээлийн хүүг бууруулах орчныг яах нь тодорхойгүй, бууруулах сонирхол байгаа эсэх нь ч тодорхойгүй байна гэж үзэж байгаа" гэсэн юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БА ИХ ХУРЛЫН ДАРГЫН "САНУУЛГА"
Үүнээс хэдэн өдрийн өмнө /2024.09.06/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанканд ажиллах үеэр арилжааны банкуудад зээлийн хүүг бууруулах тухай шаардлага шахалтыг зэрэгцүүлэв.
Тэрбээр “Монголбанкны өнөөдрийн ажиллаж буй нөхцөл мэргэжлийн түвшинд байгааг ойлгож байгаа ч бодлого нь зах зээлээ дэмжсэн, бизнесийн өрсөлдөөнийг бий болгох зорилготой бүтцээр үйл ажиллагаа явуулж чадаж байна уу. Хатуу мөнгөний бодлого барьчихаад хатуу замаар асуудалд хандаж байна уу гэх асуудлыг манай гишүүд асууж тодруулж ярих байх” гэсэн юм. Үүгээр Их хурлын дарга зээлийн хүү өндөр байгааг тодорхойлохдоо малчдад “шинэ хоршоо” хөдөлгөөний шугамаар олгосон 6 хувийн хүүтэй зээлээр жишээ татав. Учир нь малчид 21.5-24 хувийн хэрэглээний зээлд дарлуулсан өнөөгийн нөхцөлд 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн нь маш том эрэлт, хүлээлтийг үүсгэжээ. Жишээ нь, 3 сарын дотор 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг малчдад олгосон гэнэ. Зөвхөн малчдаар жишээ татахад ийм байжээ.
ИНФЛЯЦ ӨСӨХ ЭРСДЭЛД ТӨВ БАНК МӨЧЛӨГ СӨРСӨН БОДЛОГО ЯВУУЛАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛНО
Мэдээж зээлийн хүүг бууруулах нь иргэдэд ашигтай бас сайхан мэдээ. Өнөөдөр Монголд зээлгүй хүн ховор. Иргэн Батаас бизнес эрхлэгч Болд хүртэл бүгд л их бага хэмжээгээр банканд өртэй.
Бүгд л “зээлийн хүүнд дарлуулж байна” гэдэг нь ч худлаа биш. Уг нь зээлийн хүүг алгуур бууруулах бодит хөшүүрэг нь бодлогын хүү.
2020 оноос хойш цар тахал, геопопитикийн нөлөөгөөр инфляцийн хөөрөгдлийг “хазаарлах”-ын тулд төв банк бодлогын хүүгээ 9-13 нэгж хүртэл чангаруулсан байдаг. Харин эдийн засгийн сэргэлтийг дагаад төв банк бодлогын хүүг энэ онд хоёр удаа буулгаж нэг удаа хэвээр хадгалснаар өнөөдөр 11 хувьтай байна. Харин цаашид төв банк мөчлөг сөрсөн бодлого явуулах ёстой болох нь.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг сэргэлт тогтворжсон ч ханш сулрах, инфляци өсвөл бодлогын хүүг чангаруулах ёстой болно. Энэ тохиолдолд зээлийн хүүг бууруулах нь байтугай зээлийн хүү чангарч, зээл олголт хумигдах эрсдэл үүснэ.
Бодлогын хүү бол мөнгөний зах дээр банкууд хоорондоо зээл олгож авах, суурь хүү юм. Мөн төв банкнаас гаргаж буй хамгийн бага хугацаатай суурь хүү гэж ойлгож болно. Иймээс тус хүүний өөрчлөлт нь өрх, аж ахуйн нэгжийн хадгаламж зээлийн хүүнд нөлөөлдөг. Тодорхой хэлбэл, бодлогын хүү 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд хадгаламжийн хүүнд 0.64, зээлийн хүүнд 0.47 хувийн өөрчлөлтийг дагуулдаг.
ТӨСВИЙН ЗАРДАЛ БОДЛОГЫН ХҮҮД ДАРАМТ БОЛЖ БАЙНА
Төсөв мөнгөний авдар томрохын хэрээр зарлага данхайдаг жишгээр 2025 оны төсвийн зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тусгалаа. Энэ бол 2024 оны тодотгосон төсвөөс 17.4 хувь, 11 жилийн өмнөхөөс 5 дахин нугарсан дүн болж байна.
Жишээ дурдвал, 2016 онд төсвийн зардал 9.4 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.3 их наяд төгрөг болж томорсон. Энэ нь төсвийн зарлага 290 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Гэтэл уул уурхай, импортоос үлэмж хамааралтай манай улсын төсвийн зарлага өндөр байхын хэрээр бодлогын хүүд дарамт болж байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тодотгож байв.
Тэрбээр “Эдийн засаг гадаад орчинд олон улсын харилцааны эрсдэл үргэлжилсэн хэвээрээ байгаа. Ийм орчинд цар тахлын хүндрэлтэй байдлаас сэргэжээ.
Сэргэсэн эдийн засгийг яаж тогтвортой байдлыг хадгалах нь том сорилт болно.
Үүнд чиглэсэн мөнгөний бодлого баримтална” гэж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн Тус банк төслийг олон нийтэд хэлэлцүүлэх үеэр хэлсэн юм.
Төсвийн хэт өөдрөг төсөөлөл, өндөр зарлага бодлогын хүүтэй уялддагүй нь бичигдээгүй хууль ирэх оны төсөвт ч хэвээрээ тусгалаа олж байна. Үр дагавар нь, ханш сулрах, инфляц хөөрөгдөх, улмаар бодлогын хүү чангарах эрсдэлтэй нүүр тулдаг.
ТӨСВИЙН ТЭЛЭЛТ БОДЛОГЫН ХҮҮГ ЧАНГАРУУЛАХ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРАХАД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ЭРСДЭЛ ДАВТАГДАЖ БАЙНА
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Төсөв хэт тэлэх үед эдийн засагт шууд нөлөөлөхгүй байж болно. Гэхдээ одоогийн нөлөөлөл нь импорт 30 хувиар өсөж байна. Төсвийн тэлэлт хоёр хэсэгт хуваагддаг. Үүний нэг нь урсгал зардал буюу цалин, тэтгэвэр, бусад худалдан авалтаар гарч байгаа. Энэ нь хэрэглээний импорт буюу энэ зардлын өсөлтийг бий болгодог.
Хэрэв төлбөрийн тэнцэл муудвал ханш сулрах ёстой болно. Ханш суларвал инфляци өсөхөд нөлөөлнө. Улмаар бодлогын хүү чангарах ёстой болно.
Энэ нь өөрөө зээлийн хүртээмж муудах, хүү буурахгүй байхад сөрөг нөлөөлдөг үр дагаварт хүргэнэ. Өмнөх циклүүд ч ийм байсан. Одоо ч энэ эрсдэл бий” гэсэн юм.
БОДЛОГЫН ХҮҮ ЧАНГАРАХАД ЗЭЭЛ ХУМИГДАЖ АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ҮҮСНЭ
Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувиас хэтрэхгүй байна гэсэн төсвийн зарлагыг ирэх оны төсвийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьд хүргэсэн. Мөн ирэх жил тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад буй. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, эргээд инфляци хөөрөгдөх эрсдэлтэй.
Улмаар үнийн өсөлт, хэрэглээний сагсыг тодорхойлдог инфляцийг хазаарлахад төв банк бодлогын хүүгээ өсгөнө. Энэ дарамт иргэн аж ахуй нэгж дээр ирнэ гэсэн үг.
БОДЛОГЫН ХҮҮ ӨСӨХ ДАРАМТЫГ НЬ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД МЭДЭРНЭ
Эдийн засагч Ч.Отгочулуу: Инфляцыг үүсгэж буй хамгийн том хүчин зүйл нь Засгийн газар. УИХ төсөвийг тэлэх замаар эдийн засагт маш их мөнгө нийлүүлнэ. Инфляцтай тэмцэх замаар Монголбанк хүүгээ өсгөхөөр зардал ачаа дарамт нь хувийн хэвшил өрхүүдэд ирнэ. Зээлд олдохоо болино. Аж ахуйн нэгжүүд чанартай ажлын байр олдохгүй. Ингэснээр ажилгүйдэл ядуурал бий болно. Инфляцтай төв банк тэмцэх үүрэг нь байгаа ч өдөөж буй хамгийн том газар нь Засгийн газар, УИХ. Гэвч төв банк хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!