Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ-2025: Капитал банкнаас НДС-д төвлөрүүлэх 67.2 тэрбум төгрөгийн авлагыг төсвийн зорилтод тусгажээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 47 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган хаасны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын тэргүүн эгнээнд дээрх хуулийн төсөл багтаад буй.

Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл нь 2 бүлэг, 6 зүйлтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт Нийгмийн даатгалын сангийн хуулийн зорилтыг тусгасан бол хоёрдугаар бүлэгт Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төвлөрүүлэх орлогын хэмжээ, зарцуулах зарлагын хэмжээ, эргэн төлөх төлбөрийн хэмжээ тус тус тусгагдсан байна. Эдгээрээс онцолбол,

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН: НДС-ийн төсвийн орлого 5.4 тэрбум бол зарлага нь 5.8 тэрбум байна

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл Улсын Их Хурлаар 2023 онд батлагдаж, 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасан тэтгэвэр авагчдын бодит орлогыг инфляцаас хамгаалах зохицуулалт болох тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг улсын дундаж цалин хөлс, инфляцын түвшинтэй уялдуулан тогтооход шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгасан. Мөн нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан малчны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцахад шаардагдах санхүүжилтийг мөн төсөвт тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн нийт шимтгэлийн орлогыг 5,491.3 тэрбум төгрөг, нийт зарлагыг 5,882.8 тэрбум төгрөгөөр тооцсон.

Улсын төсвөөс тэтгэврийн даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, цэргийн албан хаагчдын тэтгэвэр, зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуульд заасан нэмэгдэл болон тэтгэврийн даатгалын сангийн алдагдалд нийт 1,452.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага /тэрбум ₮/ 

Нийгмийн даатгалын сангийн орлого

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогыг эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдэх зэргийг харгалзан 2025 оноос 772.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 5,491.3 тэрбум төгрөг байхаар тооцлоо.

Нийгмийн даатгалын сангийн зарлага

Нийгмийн даатгалын сангийн зардал 2025 оноос 694.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 5,882.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Тэтгэврийн даатгалын сангийн зардал 650.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нийт өсөлтийн 93.7 хувь болж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг арга хэмжээний эхний 3 сарын нөлөөлөл болон ирэх оны тэтгэвэр авагчдын тооны өсөлттэй холбоотойгоор нийт 281.3 тэрбум төгрөг нэмж шаардагдахаар байгааг төсөвт тусгасан.

Тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлж 2025 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцож 297.4 тэрбум төгрөг төсөвт нэмж тусгажээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтооход хэрэглэх итгэлцүүрийг шинэчилсэнтэй холбоотойгоор 7.5 тэрбум төгрөг нэмэлтээр шаардах тул сангийн төсөвт тусгасан. Нийгмийн даатгалын санд төрөөс олгох санхүүжилтийг 2025 онд 1,447.4 тэрбум төгрөг байхаар тооцсон.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангийн Капитал банкнаас авах авлага 67.2 тэрбум төгрөгийн авлагыг ирэх оны төсөвт тусгасан байна. Сануулахад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НДС-ийн авлагатай холбоотой асуудлыг шалгуулахаар прокурорын байгууллагад хандахаа мэдэгдсэн.

Мөн тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "2009, 2012-2016, 2017 онд НДС-аас хамгийн их мөнгө ойрхон хугацаанд банкуудад байршсан байдаг. Тухайн үеийн НДҮЗ хууль, журмын дагуу тогтоол, шийдвэрүүдээ гаргаж чадсан уу эсвэл шийдвэр гаргалтад ямар нэгэн нөлөөлөл орсон уу гэдгийг хуулийн байгууллагаар тогтоолгох шаардлага үүссэн" гэсэн юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД:  Улаанбаатарт 14 градус дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 градус дулаан байна
 
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.