Хүн бүр эрүүл байх ёстойгоо мэддэг ч эрүүл мэнддээ төдийлөн анхаараад байдаггүй. Тэгвэл Монголчуудын эрт дээр үеэс уламжилж ирсэн уламжлалт бариа заслаар тэр дундаа иллэг бариа заслаар хэрхэн эмчлүүлэх боломжтой талаар "Мутарт мэлмий" бариа заслын төвийн иллэг засалч Н.Туултай ярилцлаа.
-Юун түрүүнд уншигчдад маань бариа засал гэж юу болох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бариа заслыг дотор нь бариа засал, иллэг засал гэж 2 ангилдаг. Бариа заслын талаар ярихын өмнө хүний биеийн бүтцийн талаар ярих шаардлагатай. Тэгвэл хүний бие нь ясан бие, махан бие, цусан бие гэсэн 3 биеэс бүтдэг.
Махан бие,
Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт анагаах ухааныг "Ухааны таван орны тэргүүн зүрхний найман навчдын нууц увдисын үндэс" гэж нэрлэдэг байсан. Ухааны таван орон гэдэг нь хүний биеийн таван цулыг хэлж байгаа юм. Харин тэргүүн гэдэг нь хүний биеийн хамгийн чухал эрхтэн болох зүрхийг хэлж байгаа юм. Тэгвэл зүрх нь цааш салбарлан зүрхний найман навчдыг тэжээж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүн шөнө унтаж байхад зүрхнээс охь шим /шингэн/ ялгарч хүний биеийн найман найлзуурхайд очиж шим тэжээл өгч байдаг. Ингэж хүний бие сэлбэгдэж байдаг байх нь.
Ясан бие,
Хүний ясан биед цагаан зам гэж бий. Цагаан зам гэдэг нь нугас болон үе хоорондын зөөлөн эдийг хэлж байгаа юм.
Цусан бие,
Цус бол хүний биед төдийгүй амьтдын бие махбодод чухал үүрэгтэй шингэн. Биеийн эд эсүүдэд тэжээлийн бодис, хүчилтөрөгч болон бусад шаардлагатай бодисуудыг хүргэдэг. Мөн эсийн бодисын солилцооноос ялгарсан бүтээгдэхүүнийг эсээс ялгаруулах тогтолцоонд хүргэх үндсэн үүрэгтэй.
-Танай бариа заслын төвд ирж үйлчлүүлж буй иргэдийн дунд нийтлэг ажиглагдаж байгаа өвчин нь ямар өвчин байна?
-Цар тахал гарснаас хойш хүмүүсийн дунд цус өтгөрөх, цус бүлэгнэх, зүрх тархины цусан хангамжийн дутагдалд орох, уушгины багтраа буюу хүчилтөрөгчийн дутагдал зэрэг өвчнүүд түгээмэл ажиглагдах болсон.
Манай бариа заслын төвд ирж буй хүмүүсийн дийлэнх хувь нь судас бөглөрсөн, зүрхний цусан хангамж хаагдсан, уушгины хүчилтөрөгч дутагдсан гэх зэрэг өвчлөлтэй байна.
Түүнээс гадна сүүлийн үед хүнд машин механизмын жолооч нар болон суугаа ажил эрхэлдэг хүмүүс их болсон. Үүнээс үүдэж суудлын мэдрэлийн дарагдал гэдэг өвчин нэмэгдсэн бөгөөд үүний үр дүнд бөөр сунах буюу бөөр унжих, бөөр хазайх, нуруу суух, нуруу хазайх, нугасны цагаан зам чангарах зэрэг өвчлөл их дэлгэрч байна. Үүнээс болж хүн шөнө нойргүйддэг байх нь.
Тэгвэл яагаад дээрх өвчлөлүүдээс үүдэж нойргүйдэл үүсдэг вэ гэхээр,
Энэ нь хүний биеийн тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбоотой. Жингийн туухай дээр ижил жинтэй зүйл тавихад жин тэнцдэг шиг хүний бие ч бас тэнцвэртэй байх ёстой. Гэвч хүн өөрийнхөө биеийн тэнцвэрт байдал алдагдсан гэдгийг мэддэггүй. Үүнийгээ мэдэхгүй удаан хугацаанд явснаас үүдэж ужиг суурь өвчин үүсэж байдаг.
Миний хувьд судас барьж оношилдог. Өмнө хэлсэнчлэн "Ухааны таван орны тэргүүн зүрхний найман навчдын нууц увдисын үндэс" гэдэг нь хүний судсыг бариад хаана, аль хэсэгт судасны бөглөрөл үүссэн байна, аль талын бөөр унжсан байна, нуруу хаашаа хазайсан байна, нурууны суулт яаж орсон байна гэх зэргийг оношилно. Түүний дараа өвчинд нь тохирсон эмчилгээгээ хийж эхэлдэг.
Түүнээс гадна түгжрэлийг сүүлийн үед мэс заслын аргаар эмчилдэг болсон. Гэхдээ үүнийг иллэг бариа заслын аргаар ч эмчлэх боломжтой.
-Тан дээр түгжрэл үүссэн хүн ирж байв уу?
-Түгжрэл үүссэн хоёр өвчтөн ирж байсан. Иллэг бариа заслаар түгжрэлийг нь гаргасан. Гэхдээ энэ нь шинэ зүйл огт биш. Бидний өвөг дээдсээс өвлүүлсэн уламжлалт арга ухаанаар эмчилж байгаа хэрэг.
-Хүйтний улирал хэдийнээ хаяанд ирлээ. Ялангуяа дулаан улирлаас хүйтний улиралд шилжиж буй энэ үед хүний биед ямар нэг өөрчлөлт гардаг уу?
-Улиралтай холбоотойгоор хүний биед тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг. Тэр дундаа хавар, намрын улиралд ихэвчлэн тохиолдоно. Өөрөөр хэлбэл,
Газар гэсэх үед буюу хаврын харшаа өвчин, намар газар хөлдөхөд намрын хуршаа өвчин үүсдэг. Энэ нь хүний хууч өвчнийг хэлж байгаа юм. Учир нь хүний биеийн хууч өвчин газар хөлдөх болон гэсэхэд хөдөлдөг гэсэн үг. Тиймээс хавар, намрын улирал эхлэхээс өмнө өөрийнхөө ужиг өвчнийг эмчлүүлэх нь чухал.
-Та өмнө нь дурдахдаа хэт их суугаа ажлаас үүдэн бөөр сунах, нуруу хазайх зэрэг өвчин үүсдэг гэсэн шүү дээ. Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Байнгын суугаа ажил хийх үед мэдрэлийн судас дарагддаг. Үүний үр дүнд цусны гүйлт багасаж, цус боогддог. Түүнээс үүдэлтэйгээр мэдрэлийн судасны дарагдал бий болж, зангирдаг гэсэн үг. Ингэхээр хүний нуруу, бөөр татах, цанх татах зэрэг шинж тэмдэг илэрч, дотор эрхтэнд нөлөөлдөг байна. Үүнээс үүдэж тархины цусан хангамжийн дутагдалд ордог. Тиймээс хүн байнгын тогтмол хөдөлгөөнтэй байх хэрэгтэй мөн иллэг бариаг хийлгэж байх хэрэгтэй.
-Бариа засал болон иллэг бариа гэж ярилаа. Хоёр өөр бариа засал юм уу. Ялгаа нь яг юу юм бэ?
-Бариа засал гэдэг нь цэг дарах, хүний биеийн блокийг гаргах зэрэг бариаг хэлдэг.
Харин иллэг засал гэдэг нь зөөлнөөр илж засахыг хэлдэг. Миний хувьд иллэг засал хийдэг. Яагаад зөөлөн аргаар илж засдаг вэ гэхээр,
Хүний биед олон тооны хялгасан судас байдаг. Хэт их чанга, хатуу барихад хялгасан судсууд гэмтэж, хүний бие дээр хөхрөлт үүсдэг гэж үздэг.
Тийм ч учраас эрт дээр үеэс "Найман наснаас 80 нас хүртэл иллэг заслаар эмчил" гэж сургаж ирсэн байдаг юм билээ.
-Хүмүүс хуян хөөрч байна, даралт ихсээд байна, блокоо гаргуулмаар байна гээд л барианд ордог шүү дээ. Энэ нь тийм ч зөв зүйл биш юм байна?
-Багш маань хэлэхдээ, "Блок гаргах их буруу. Учир нь хүний нурууны цагаан зам гэмтэх эрсдэлтэй байдаг" гэдэг юм. Би ч мөн адил энэ байр суурь дээр бат зогсдог. Тиймээс би блок гаргадаггүй.
Гэхдээ хүн хүний ойлголт, сонголт өөр шүү дээ. Заавал бариа хийлгэх ёстой, ёсгүй гэж хэлж болохгүй байх.
-Хүмүүс өнөөдрийг хүртэл орчин үеийн анагаах ухаанаас уламжлалт анагаах ухаан илүү эсхүл уламжлалт анагаах ухаанаас орчин үеийн анагаах ухаан илүү гэж талцацгаасаар байна. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ялт ч үгүй хосолно. Иллэг заслаар эмчлэх боломжгүй өвчнийг заавал орчин үеийн анагаах ухаанаар, дэвшилтэт технологи ашиглан эмчилнэ. Тийм ч учраас энэ хоёр анагаах ухааныг хослуулах нь зөв гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
"Мутарт мэлмий" бариа заслын төвтэй холбогдохыг хүсвэл 94947033, 99259250 дугаарт холбогдоорой...
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!