УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд ил болголоо. Ээлжит бус чуулган нь наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан юм.
Бид энэ удаагийн ээлжит бус чуулганд хамгийн идэвх, оролцоо муутай буюу хамгийн их хоцорсон, тасалсан гишүүдийг нэрлэж байна.
-УИХ-ын гишүүн Д.Батлут 7 хуралдааны 4-ийг нь ТАСАЛЖЭЭ-
Нэгдүгээрт, ээлжит бус чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Дамбын Батлут нэрлэгдэж байна. Тэрбээр нийт 7 хуралдаанд оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаангүйгээр 4 удаа тасалсан байна. Түүний хувьд Орхон аймгийн МАН-ын дарга, Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нь энэ юм.
-УИХ-д 16 жил суусан Ц.Даваасүрэн 7 хуралдаанаас 4 удаа ХОЦРОВ-
Хоёрдугаарт, чуулганы хуралдаанаас хамгийн их ХОЦОРСОН гишүүнээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нэрлэгдлээ. Тэрбээр 7 удаагийн хуралдаанд бүрэн оролцсон ч 5 удаагийн хоцролтоор тэргүүлж байна. Ц.Даваасүрэн нь 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, сайд, байнгын хороодын даргаар багагүй ажилласан нэгэн. Туршлагатай улстөрч байж болох ч шинэ гишүүдэдээ үлгэр дуурайлал үзүүлэхийн эсрэг үйлдэл гаргаж буйг түүний хоцролт харуулж байна.
-Шинэхэн гишүүн Ж.Баярмаа 5 удаа ХОЦОРЧЭЭ-
Гуравдугаарт, мөн адил 5 удаагийн хоцролттойгоор УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа тэргүүн эгнээнд бичигдэж байна. Түүний тухайд, АН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдсэнээр УИХ-д суудал авсан юм. Гэвч шинэхэн гишүүн тэрбээр ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас 1-ийг нь тасалж, 5 удаа хоцроод байна.
-Х.Баттулга ээлжит бус чуулганы 7 хуралдааны ердөө хоёрт нь ОРОЛЦЖЭЭ-
Дөрөвдүгээрт, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн УИХ-ын сонгуульд 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон билээ. Тэгвэл түүнийг олон нийт Анхдугаар чуулганаас хойш хуралдаануудад харагдсангүй. Улсын төсөв, Засгийн газартай холбогдох чухал асуудлуудыг хэлэлцэж байхад дуугарсангүй гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл тэрбээр ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанаас гадаадад ажилтай гэх шалтгаанаар 3 хуралдаанд оролцоогүй бол 1 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээлэлд дурджээ.
-БГД-ийн иргэдийг 3 дахь удаагаа төлөөлж буй Ж.Ганбаатар 7 хуралдааны хоёрт нь л суув-
Тавдугаарт, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатар энэ удаагийн ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас хоёр удаа л оролцжээ. Тэрбээр 3 удаа гадаадад ажилтай байсан бол хүндэтгэх шалтгаангүйгээр 2 удаа тасалжээ. Ж.Ганбаатар 2016 оноос эхлэн гурван удаа БГД-ийн иргэдийг УИХ-д төлөөлж буй бөгөөд энэ хугацаандаа Эдийн засгийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар багагүй хугацаанд ажиллаж байсан нэгэн.
-Ээлжит бус чуулганд нэг ч удаа СУУГААГҮЙ гишүүн Д.Ганмаа-
Зургаадугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанд нэг ч оролцоогүй гишүүн байна. Тодруулбал, МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болсон Д.Ганмаа нь гадаадад ажилтай гэх шалтгаанаар нэг ч удаа хуралдаанд оролцоогүй аж. Тэрбээр эмч мэргэжилтэй нэгэн ажээ.
Ийнхүү бид УИХ-ын ээлжит бус чуулганы явцад хуралдааныг хамгийн их тасалсан болон хамгийн их хоцорсон таван гишүүнийг нэрлэлээ. Ташрамд дурдахад, чуулганы явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Хуралдаанд идэвх, оролцоо муутай хандаж байгаа хүмүүсээс болж, цагтаа ирээд ажлаа хийж буй гишүүд, УИХ-ын нэр хүнд унах ёсгүй. Ялангуяа, улсын төсөв, ЗГ-ын үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой чухал асуудлууд хэлэлцэж байхад ингэж хойрго хандаж болохгүй" гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (67)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!