СУРВАЛЖИЛГА: Импортын гурилыг татвараас чөлөөлсөн шийдвэр хөрсөн дээрээ буусангүй

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 37 секунд

Хямд гурил байна уу?

-Орос гурил байна

-5 килограммттай байгаа юу, хэд вэ?

- 25 килограмм нь 50 мянган төгрөг. Харин 5 кг гэж байхгүй гээд худалдагч хэллээ. Хотын төвтэй хаяа залгасан бидний мэдэхээр дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” захын гурил будааны тасгаар ороход ийм яриа өрнөх болжээ. Хөл хөдөлгөөн сийрэг ч хүнсээ цуглуулж яваа хүмүүс аль болох хямд үнэтэй гурил авах сонирхолтой байна.

ТАТВАРГҮЙ ИМПОРТЫН ГУРИЛ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДААНД ГАРСАН Ч ҮЙЛДВЭРЛЭГЧИД ҮНЭЭ БУУЛГАСАНГҮЙ

"Алтан тариа", "Улаанбаатар", "Хурх", "Өег" зэрэг дотоодын гурилаас илүү орос гурил нь 30 мянган төгрөгийн хэмнэлттэй. Жишээ нь, Улаанбаатар дээд гурил 25 килограмм нь 75 мянган төгрөг бол орос гурил 45 мянган төгрөг. Иймээс айлууд ч тэр, аж ахуйн нэгжүүд ялгаагүй дотоодын гурилаа импортын гурилаар солих болсон байна. Иргэдийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой ч хэт үнэтэй болохыг шүүмжилсэн.

Тэдний төлөөлөл иргэн Д.Наранчимэг "Үнэ хямд бол хэн ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүснэ. Төрөөс гурилын үнийг бууруулна гэж ярьж байсан ч өнөөдөр хэвэндээ л байна. Дотоодынхоо гурилаас илүү импортын орос гурил нь хямд, мөнгөнд хэмнэлттэй санагдах болсон" гэлээ.

Мөн иргэн Н.Буянтогтох "Сүүлийн үед манайх дотоодын гурил хэрэглэхээ больсон. Орос гурил нь дотоодынхоос хямд бас чанарын хувьд ялгаагүй юм билээ. Харин ч орос гурил нь илүү ус дааж байсан" гэв. Иргэдийн хувьд үнийн зөрүүнээс шалтгаалж орос гурил сонгох болсон нь тэдний ярианаас анзаарагдаж байлаа. Угтаа бол дотоодын гурилын үнэ буурах хүлээлттэй. Тэд "Импортын гурил борлуулж эхлэхэд дотоодын гурилын үнэ буурах болов уу гэж таамаглаж байсан ч өнөөдөр үнэ хэвэндээ л байна. Огт үнэ буугаагүй. Иргэд ч үнэ асууж бухимддаг. Бид гурилын үнийг нэмээгүй. Харин импортын орос гурилууд бөөний үнээр хямд худалдаалж байгаа" гэдгийг ярьж байсан юм. Нөгөө талд дотоодын гурил үйлдвэрлэгчид үнээ буулгаагүй болох нь аль ч зах, сүлжээ дэлгүүр, мухлагийн лангуун дээрх нэг килограмм гурилын үнэ харуулна.

Нэг килограмм гурил өнөөдөр бөөний төвд 3000 төгрөг. Дэлгүүр, худалдааны төвд 3500-4000 төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн гурил илүү хямд өртөгтэй болохыг ч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санал нэг байр суурь илэрхийлэв.

Тус яамнаас "ОХУ-д үйлдвэрлэсэн гурил дотоодынхоос өртөг хямд байна. Мэдээж гурил үйлдвэрлэлд ордог орц, үр, бордоо, шатахууны асуудал зэргийг бид импортоор хэрэглэж байгаа шүү дээ. Харин ОХУ бол өөрсдөө үйлдвэрлэгч улс тул харьцангуй өртөг бага учраас гурил хямд орж ирж байгаа юм" гэх тайлбарыг өгч буй.

ГУРИЛЫГ ИМПОРТЫН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСӨН Ч ТАЛХ НАРИЙН БООВНЫ ҮНЭ ӨСӨХ ШАЛТГААН ГУРИЛ ХЭВЭЭРЭЭ

Өнгөрсөн хавар Засгийн газар гурилыг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж улмаар УИХ-аас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсан. Үүнээс хойш сонгууль, наадам, допинг, олимпын дээлний дуулианд гурилын маргаан дарагдаж, олон нийтийн анхаарлаас ч гарчээ. Энэ хугацаанд импортын гурил худалдаанд гарч эхэлсэн ч зах зээлийн зарчмаар хараахан өрсөлдөөн эхлээгүй дүр зурагтай. Үүний тод илрэл нь гурил үнэтэй хэвээрээ. Эсрэгээрээ талх нарийн боовны үнэ нэмэгдэх гол шалтгаан нь гурилын үнэ болсныг Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар улирлын нийгэм эдийн засгийн тайланд дурджээ. Статистик мэдээллээс харвал, гурил 10,8 хувь, талх, нарийн боов 8,7 хувиар өсчээ.

Тухайлбал, нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ долоодугаар сарын байдлаар 2470 төгрөг болсон нь хоёр жилийн өмнөх /2022 оны долоодугаар сар/ мөн үеэс 74,8 хувиар өссөн байна. Тэгвэл өнгөрсөн оны мөн үеэс 3,3 хувиар, өмнөх сараас 0,1 хувиар тус тус нэмэгджээ.

ХЯМД ГУРИЛ ИДЭХ ҮҮ, АРАЙ ҮНЭТЭЙ ДОТООДЫН ГУРИЛ ИДЭХ ҮҮ? СОНГОЛТ ХЭРЭГЛЭГЧДЭД БИЙ БОЛЖ БАЙНА

Олон нийтийн зүгээс үнийн хяналт, зохицуулалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцах ёстой гэж шаарддаг. Тус газраас өнгөрсөн оны хоёрдугаар сард /2024.02.29/ гурилын үнэтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэр "гурил үйлдвэрлэгчид 2023 онд 5-9 удаа гурилын үнийг нэмсэн" гэж зарласан нь иргэдийн дургүйцлыг хүргэж улмаар гурилын мафитай тэмцэх төрийн тэмцэл өнгөрсөн хавраас эхэлсэн байдаг. Үүнээс хойш ахиц гарсан эсэх, гурилын үнэд ямар хяналт зохицуулалт хийж буй талаар ШӨХТГ-ийн дарга Б.Билгүүнээс тодруулав. Тэрбээр,

-Юуны өмнө манай байгууллага зах зээл дээрх үнийг хянаж, тогтоодог байгууллага биш. Бидний зорилго хэрэглэгчдэд сонголтыг нь өгөх. Өнөөдрийн байдлаар үндэсний гурил үйлдвэрлэгчдийн үнэ тэдний бодлогоор үнэ тогтож байгаа байх.

Импортын гурилын тухайд зах худалдааны төвүүдэд нэг килограмм гурил 1500-1900 төгрөгийн хооронд байна. Энэ нь хэрэглэгчдэд сонголтыг бий болгоод өгчээ. Хямд үнэтэй гурил идэх үү эсвэл арай үнэтэй дотоодын гурилаа идэх үү гэх сонголтыг хэрэглэгчдэд өгч байгаа юм.

Бас Засгийн газрын шийдвэр гараад төдийлөн удаагүй байна. Хавар тухайн шийдвэр гарч, эхний ургац хураалт авч гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн байна. Намрын ургац хураалтаар улаанбуудайн үнийг хэдэн төгрөгөөр тогтоохоос шалтгаалж гурилын үнэ, гурилан бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт гарах байх гэж ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар бид худалдааны төвүүдэд борлуулж буй гурилын үнийг тогтмол ажиглаж байна.

Уг нь дотоодын гурил үйлдвэрлэгчид өрсөлдөөнд оролцож үнээ буулгаж, хэрэглэгчдээ татах ёстойг ч холбогдох албаны хүн хэлсэн. Гэвч гурилыг импортын татвараас чөлөөлж, хууль батлагдснаас хойш энэ салбар савлаж эхэлсэн бололтой.

ИМПОРТЫН ГУРИЛЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨР ДОТООДЫН ГУРИЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ДОГОЛДОЖ ТАРИАЛАЛТ БУУРСАН ГЭВ

Хаврын тариалалт 15,6 орчим хувиар буурч, дотоодын гурилын үйлдвэрлэлүүдийн хүчин чадал 50 хувиар буурсан болохыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тэрбээр "Хаврын тариалалт төлөвлөснөөс 15,6 орчим хувиар буурч тариалагдсан. Энэ нь тухайн үед гарсан гурилыг татвараас чөлөөлөх "Гаалийн албан татварын тухай" хуультай холбоотой. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдал, газар тариалангийн бүс нутагт хур тунадастай, нөхцөл байдал харьцангуй сайн байна. Эхний улаан буудайгаа авч гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлж байна. Буудайны чанар харьцангуй сайн. Монгол Улсын хувь нэг сая га орчим эргэлтийн талбайтай. Жилд 400 гаруй мянган га-д улаанбуудай тариалдаг. Ингэснээр 470 мянган тонн улаанбуудай хураадаг. Жилийн хэрэгцээ нь 305 мянга орчим улаанбуудай шаардлагатай. Энэ хэмжээний ургацыг харьцангуй авч, хүн амын жилд хэрэглэх гурилын хэрэгцээ 225 мянгыг дотоодоос хангах боломж нөхцөл аль аль талаасаа бүрдсэн. Газар тариалангийн салбар дотоодын аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн боломж нөөцөд тулгуурлах нь төвөгтэй учраас төрөөс гурил улаанбуудайн урамшуулал, хөнгөлөлттэй зээл зэрэг олон талын дэмжлэг үзүүлж байж энэ салбар хөл дээрээ зогсох хэмжээнд зогссон.

Зөвхөн гурилын үнийг хямдруулах, үйлдвэрлэгчдийн асуудал биш. Энэ салбарт оролцогч тал олон. Энэ жилийн тооцоо судалгааг харахад, улаанбуудайн тариалалт 55 мянган га талбайгаар буурчээ. Үүнийг дагаад татваргүй гурил импортолж эхэлсэн тул гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал 50 орчим хувиар буурсан.

Дээр нь тариаланчдад тоног төхөөрөмж нийлүүлж буй техникийн дилер компаниудын зээлийн эргэн төлөлтөд сөрөг нөлөө үзүүлж доголдол үүсэх магадлалтай. Иймд бид хариу арга хэмжээ авч цаашид анхаарч доголдолд оруулахгүйгээр авч явна" гэлээ.

Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс үнэ буулгах боломжгүй гэх байр суурийг өмнө нь илэрхийлж байна. Тэдний төлөөллүүдтэй эргэн холбогдсон ч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан юм. Өмнө нь дараах байр суур илэрхийлж байсныг энд-ээс уншаарай.

ГУРИЛЫН ҮНЭ БУУРАХГҮЙ БАЙГАА НЬ ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ ХОЛБООТОЙ

Тариалан эрхлэгчдийн төлөөлөл Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг "Засгийн газар тариалан эрхлэгчдийг хохироохгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Энэ амлалтдаа хүрэх байх гэж харж байна" гэх байр суурийг илэрхийлээд үндэсний гурил үйлдвэрлэгчид хямд үнээр улаанбуудайг авч, өндөр үнээр гурил зарж байгааг шүүмжиллээ. Тэрбээр "Гурил үйлдвэрлэгчид бидний үр тариаг бойкотлоод авахгүй. Хамгийн сайн будааг голж шилсээр "Алтан тариа" 700 мянган төгрөгөөр авна. Эндээс тээврийн зардал, хог хорогдол, чийг зэрэг хасагдаад эргээд 500 мянган төгрөг л болж байгаа юм. Улаанбаатар ч мөн адил. Тэгэхээр гурилынхан шатахууны компаниудтай адил нэг өдөр үнээ нэмдэг шиг л хоорондоо тохирсон байдаг байхгүй юу. Ямартай бид тариалдгаа тариалсан.

Гурилынхан авна гэвэл өгнө. Ер нь тариа тариад хэрэггүй болж байх шиг байна. Одоо тариаланчдынхаа гурилыг улс авахад л болно шүү дээ. Гурилын үйлдвэрүүдийн хооронд тендер зарлаж, хамгийн хямд үнэ өртгөөр гурил хийх хүмүүст нь өгөх хэрэгтэй. Өнөөдөр гурилын үйлдвэрүүд л үнээ нэмж ард түмний өдөр тутмын хэрэглээ талх, нарийн боовны үнийг өсгөж байна шүү дээ.

Гурилын үнэ буурахгүй байгаа нь гурил үйлдвэрлэгчидтэй л холбоотой. Тариаланчидтай ямар ч холбоогүй. Биднээс хямд үр тариа авчихаад голоос нь хэд дахин нугалж зарж байгаа шүү дээ. Гурилынхан тариаланчид руу дайрдаг мөртлөө өчнөөн жил бидний нуруун дээр завилж хямд будаа авч, хэдэн гэр бүл л баяжсан" гэлээ.

ТОДРУУЛГА: Тоглоомын талбайн хашаа мөргөж, хүүхдүүдийг гэмтээсэн автомашины жолооч ЭРҮҮЛ байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв
ТОДРУУЛГА: Тоглоомын талбайн хашаа мөргөж, хүүхдүүдийг гэмтээсэн автомашины жолооч ЭРҮҮЛ байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв
 
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!