УИХ-ын хаврын чуулган энэ баасан гарагт нээлтээ хийнэ. Энэ өдрүүдэд гурилыг гаалийн татвараас чөлөөлөх асуудал маргаан дагуулсан халуун сэдэв болж байна. Засгийн газраас импортын гурилыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгаж Их хуралд өргөн барихаар болсон нь үндэсний үйлдвэрлэгчдэд төр төмөр нүүрээ харууллаа.
Эрх баригчид гурилын компаниудыг “угж”-наасаа салах цаг болсныг сануулах болсон нь үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болжээ.
Шадар сайд С.Амарсайхан “Гурилын үйлдвэрүүдийг Засгийн газар сүүлийн жилүүдэд хангалттай дэмжиж ирсэн. Улаан буудайн квот олгох, хөнгөлөлт чөлөөлөлт өгөх зэргээр анхаарсан. Иймээс Засгийн газраас өргөн барьсны дагуу УИХ шийдвэрлэнэ” гэж өчигдөр мэдэгдсэн.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан твиттер хуудастаа зарим гурил үйлдвэрлэгчид сандарч эхэлснийг ч жиргэсэн нь олны анхааралд байлаа.
Тэрбээр “Үндэсний үйлдвэрлэл нэрээр импортод квот тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлуулж, үгсэн хуйвалдаж үнээ өсгөх нь тэгээд чөлөөт эдийн засаг уу. Импортыг чөлөөлж, өрсөлдөөн бий болгохоор тэжээгчээ алдах гээд байна уу. Зарим гурил үйлдвэрлэгчид ихээхэн сандарч дайралтууд ихсэж байгааг ойлгохын дээдээр ойлгож байна" гэсэн юм.
ҮЙЛДВЭРЛЭГЧИД: ГУРИЛЫН ҮНИЙГ БУУЛГАХ БОЛОМЖГҮЙ
Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд гурилыг импортын татвараас чөлөөлөхөөр хэлэлцнэ гэдгийг мэдэгдсэн бол өчигдрийн /2024.03.13/ хуралдаанаар хуулийн төсөлд тусгахаар УИХ-д өргөн барихаар болоод байна. Энэ нь гурилын үнийг бууруулах зорилготой.
Импортын гурил “ногоон гэрэл”-ээр орж ирснээр хямд гурил иргэдийн гарт очно. Харин үйлдвэрлэгчид хаалгаа барих эрсдэлтэй нүүр тулна гэдгийг хэлж байна. Тэдний зүгээс гурил үнэтэй байгаа нь улаанбуудайн үнэтэй холбон тайлбарлаж үнэ буулгах боломжгүй гэдгийг илэрхийлж байгаа юм.
Мөн Засгийн газрын шийдвэр нь дотоодын зах зээлийг эрсдэлд оруулж байна гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Дотоодын улаанбуудай чанартай нь ховор бас үнэтэй учраас гурил хямдрах боломжгүй
“Өег гурил” ХХК-ийн салбарын захирал Т.Батболд: Гурилын гол түүхий эд улаан буудай. Иймээс чанартай гурил үр тарианы болцоос хамаарна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд ургацын дүн өндөр байсан ч гурилын стандарт шаардлагад нийцэх тариа ховор байлаа. Бороо их орсноос шалтгаалан чийг их, соёололт өндөртэй. Үнэхээр авах улаанбуудай олдоогүй. Төв аймгийн урд хэсэг, Хэнтий аймгийн хэсэг газраар л соёололт улаанбуудай гурилын чанарт нийцэж байгаа юм.
Бид өндөр үнээр улаан буудай авч гурил үйлдвэрлэж байхад ОХУ-ын гаалийн татварыг нь төлүүлсэн гурилтай адил 1500 төгрөгөөр борлуулах боломжгүй. Хоёрт, Засгийн газраас импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гарснаас хойш хэрэглэгчдэд гурилын үнэ буурах хүлээлт үүсч, борлуулалт муудсан.
Улмаар үйл ажиллагаа доголдож эхэлж байна. Султ зогсолтоос үүдэн бүтээгдэхүүнээ зарж чадахгүй, ажиллах хүчээ цалингаар торгоож байна. Нөгөөтэйгүүр, бид гурилын үнээ ОХУ-аас импортолж буй гурилын үнэтэй тэнцүүлж болно. Үүний тулд гурилын нийт зардлын 90 хувийг бүрдүүлдэг улаанбуудайг хямд үнээр авснаар энэ хэмжээнд хүрнэ. Засгийн газар ОХУ-аас импортолж буй гурилын гаалийн албан татварыг чөлөөлж болж байгаа бол гурил үйлдвэрлэгчид улаанбуудай импортлоход татвараас чөлөөлдөггүй. Гэтэл өнгөрсөн жил дотоодын улаанбуудай үнэтэй байсан атал хямд үнээр гурил борлуулах боломжгүй. Хүмүүсийн ойлгож байгаагаар гурилын хэдэн компани үгсэн хуйвалдаж гурилын үнийг нэмдэг асуудал байхгүй. Бид бүгд өрсөлдөөний журмаар зах зээлд аль болох хямд үнээр гурилаа борлуулж байгаа. Манай компанийн тухайд өнгөрсөн жилийн намар арваннэгдүгээр сараас хойш үнээ нэмээгүй гэж байлаа.
АЛТАН ТАРИА ХХК: Бараа бүтээгдэхүүний үнэ гурилаас илүү өссөн
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээлснээр гурил үйлдвэрлэгчид нэг жилийн дотор гурилын үнийг 4-12 удаа нэмэгдүүлсэн аж. Үүний дотор “Алтан тариа” ХХК нь 2022 онд дээд гурилын үнийг 64 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 55.6 хувиар өсгөсөн судалгаа гарсныг тус газрын дарга Б.Билгүүн өнгөрсөн сард танилцуулсан. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрт тус компанийн төлөөллөөс тодруулахад “Импортын гурилыг татвараас чөлөөлөх тухай Засгийн газрын шийдвэр УИХ-аар хэлэлцүүлж батлах байх. Мэдээж хэрэглэгчид гурилын үнэ буурна гэсэн хүлээлттэй байна. Гурилын мафи гэж яриад байгаа. Ийм зүйл байхгүй.
Ер нь бусад бүх бараа гурилаас ч илүү ихээр нэмэгдэж байгаа. Өрхийн орлогын сард хэрэглэж буй гурилын зарлага асар бага байгаа.
Гурилын үнэ инфляцтай уялдаж нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ 20-30 хувь нэмэгдсэн, ажиллах хүчний хомсдолтой, хүмүүс цалингаа голоод ажил хийхгүй байна. Энэ бүх уялдааг харж үнээ нэмж байгаа. Бидний тайлан баланс, татварын дүн мэдээ бүгд шалгалтаар баталгаажсан. Өнгөрсөн жил 110 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 10-12 тэрбум төгрөгийн л ашигтай ажилласан. 15 хүрэхгүй л хувь байгаа байхгүй юу. Тэгэхээр үндэслэлгүй гэсэн ойлголт байхгүй. Гурилын үнийг үндэслэлгүйгээр нугалсан гэж яриад байгаа ч ташаа. Ийм зүйл байхгүй. ШӨХТГ-аас манайхыг шалгаж гурван шатны шүүхээр буруугүй гэж тогтоосон” гэж байлаа. Мөн л тус компаниас улсын хэмжээний дүнгээр ургац арвин байсан ч чанаргүй байсныг тодотгосон. Иймээс улаанбуудай импортлохоос өөр аргагүй болсныг ч яриандаа дурдсан. Энэ талаар “Ургац арвин байсан ч стандартын шаардлага хангасан будаа нь маш бага байсан. Харин тэжээлийн шаардлага хангасан будаа маш их байсан. Гурилын хэрэгцээнд нийт 350 мяган тонн будаа шаардлагатай шүү дээ” гэсэн юм.
------------------
Улаанбуудайн гурил үйлдвэрлэхэд шаардагдах нийт хэмжээ нь 270-280 мянган тонн. Манай улсын хувьд жилийн дундаж хэрэгцээ 350 мянган тонн гэдгийг тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчид хэлж байв. Тэгвэл 2023 онд улсын хэмжээнд 435 мянган тонн улаан буудай хураан авсан нь сүүлийн таван жилд байгаагүй өндөр тоо болохыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тодотгосон. Ургац арвин байхад гурилын үнэ нэмэгдсэн шалтгаан нь улаанбуудай өндөр үнэтэй байсныг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм.
Өнгөрсөн жил улаан буудайг тонн тутмыг 900 мянган төгрөгөөс 1 сая төгрөгөөр үнэлж борлуулжээ. Гэвч улаанбуудайг үйлдвэрлэгчид үнэгүйдүүлж 500-700 мянган төгрөгөөр худалдан авч, гурилын үнийг хэд дахин нугалсан гэнэ.
ЗАДАРСАН ГУРИЛЫН КОМПАНИУДЫН ЭСРЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ЗӨВ
Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг:
- Өнөөдөр олон нийтэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шиг муу хүн байхгүй мэт ойлгогдож байна. Энэ бол гурилын мафийн ажиллагаа. Засгийн газар ард түмнээ бодох ёстой. Д.Амарбаясгалангийн зөв. Засгийн газар ард түмнийх болохоос биш “Алтан тариа”-гийнх биш.
Өнөөдөр дотоодынхоос илүү орос гурил хямд байна. Тиймээс тариалан эрхлэгчдийг битгий бод, орос гурилаа авч идэцгээ. Ер нь хүнсээрээ тоглох аюултай.
Би 30 жил тариа тарьсан хүн. Үр боловсруулж, тариа тарих процесс хоёр жил шаардагддаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд таван гэр бүл Монголын бүх тариаланчдын үр тарианы үнийг тогтоодог гажуудал арилсангүй. Газар тариалангаа алгадаж унагасан. Бид жилдээ дунджаар 360 мянган тонн улаан буудай иддэг.
Нэг килограмм улаанбуудайнаас хамгийн багадаа 1000 төгрөг унагахад нийт дүнгээрээ 360 тэрбум төгрөг болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд гурил үйлдвэрлэгчид 3 их наяд төгрөг ард түмнээс халаасалсан.
Улсын хэмжээнд ханасан улаан буудай байхад үйлдвэрлэгчид даварч үнэгүйдүүлж биднээс хямд үнээр авдаг. Бидний үр тариаг голж шилсээр 500-600 мянган төгрөгөөр авч, цааш нь гурилыг долоо дахин нугалсан үнээр 3600 төгрөгөөр зарж байна.
Гурилын үнийг дагаад талх нарийн боовны үнэ нэмэгддэг, хөдөө орон нутагт амьдрал хүнд байна шүү дээ. Гурилаараа боорцог хайрч, цуйвангаа хийж иддэг, гурилтай хоол иддэг. Хүнсний гол хэрэглээ нь мах, гурил байна. Гэтэл баячууд нь гурил идэхээ больсон шүү дээ. 50 гаруй мянган төгрөг байсан гурил 100 мянган төгрөг давлаа. Энэ маш хурц байдалд орж байна. Гурил үйлдвэрлэгчид ард түмнийг доромжилж дээрэлхэх нь хэрээс хэтэрлээ. Тиймээс би тариа тарихгүй, малын тэжээл тарина. Өнөөдөр 600 дахин ашиг хийдэг гурил үйлдвэрлэгчид цөмийн цахилгаан станц юм уу. Энэ бол маш том мафи байхгүй юу.
Монголын эдийн засаг тэр чигтээ мафиудын гарт орсон. Гэтэл тариалангийн салбарт юун мафи байх вэ дээ. Улаан буудайн дээр нэмж өгдөг 60 мянган төгрөг ямар ч хэрэггүй.
Бид тариа тарихаа больчихъё. Хэрэв газар тариалангийн салбар унавал ойрын 10 жилдээ сэргэхгүй гэлээ.
------------------------
10 жилийн өмнө 2014 онд дээд гурил килограмм нь 1200 төгрөгийн үнэтэй байв. Өнөөдөр “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Хурх” зэрэг гурилын үнэ килограмм нь дунджээр 3500-3600 төгрөгийн үнэтэй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээлснээр гурилын үнэ 2022 онд 4-12 удаа нэмэгдсэн бол өнгөрсөн жил 5-9 удаа нэмэгдсэн болохыг мэдээлсэн. Өнгөрсөн жилийн дүнг хүснэгтээр харуулбал,
Барааны нэр |
Нийт өсөлт |
Өсөлтийн хувь (2023/01-2024/01) |
Өсөлт мөнгөн дүнгээр (2023/01-2024/01) |
Дээдийн дээд, савласан, кг |
5 удаа |
19% |
635 төгрөг |
Дээд, савласан, кг |
9 удаа |
16% |
405 төгрөг |
I зэрэг, савласан, кг |
9 удаа |
12% |
267 төгрөг |
II зэрэг, савласан, кг |
8 удаа |
11% |
154 төгрөг |
Өнгөрсөн хугацаанд гурилын үнийн өсөлтөд ямар зохицуулалт хийж байсан нь тодорхойгүй. ШӨХТГ-ын мэдээлснээр 2022 оноос эхлэн гурилын үйлдвэр, компаниудад шалгалтыг эрчимжүүлжээ.
ШӨХТГ ҮНЭ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЧИГ ҮҮРЭГГҮЙ
ШӨХТГ-ын дарга Б.БИЛГҮҮН: Улаанбуудайн үнэ нэмэгдээгүй, гол түүхий эдийн үнэ хэвэндээ байхад эцсийн бүтээгдэхүүн огцом нэмэгдэж байгаа нь зүй тогтлоо буруу ашигласан, үгсэн хуйвалдсан байна давамгай байдлаа ашигласан байна гэдгийг манайхаас дэвшүүлж байгаа. Манайх 2022 онд гурилын үйлдвэрүүдийг далайцтай шалгаж, мэдээллүүдийг нь авч дүн шинжилгээ хийсэн бол өнгөрсөн жил торгуулийн арга хэмжээ авахаар шүүхэд шилжүүлсэн. Хараахан энэ асуудал эцэслэгдээгүй байна. Нэг компани үнээ нэмэхэд дагаж нэмдэг, үнэ нэмж байгаа хэмжээ нь ойролцоо. Хэрэв хараат бус үгсэн хуйвалдаагүй бол зарим компани үнээ нэмэхгүй байх боломжтой. Аль эсвэл багахан хувиар нэмэх боломжтой.
Гэтэл жигд үнээ нэмж, зах зээлийг бүрдүүлж буй хоёр, гурван компани манлайллыг авч явж байгаа асуудал байна. Үр дүнд нь хэрэглэгч буюу иргэд хохирч байна. Зөвхөн цагаан сарын үеэр 2024 оны хоёрдугаар сарын байдлаар өргөн хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнийг судлахад гурилын үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэн. Үндэсний үйлдвэрлэгчдийг боож шахаж байгаа юм биш. Та бүхэн бизнесийн зарчмаар ард түмнээ бодсон ажиллагаа явуулаач гэж хүсч байгаа. Хэрэв Дотоодын үйлдврэлэл үгсэн хуйвалдаж үнийн хөөсрөл үүсгэж байгаа бол гадны зах зээлээс өрсөлдөөн бий болох ёстой гэдэг асуудал яригдаж байгаа юм. Засгийн газар тариалан эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж маш олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлсэн ч үр дүнд нь гурилын үнэ буугаагүй.
Ер нь манай байгууллагын чиг үүрэг үнийг зохицуулах, хяналт тавих биш өрсөлдөөнийг бий болгох. Үр дүнд нь хэрэглэгч хожих ёстой.
Өнөөдрийн байдлаар зах худалдааны төвүүдэд гурил гүйлгээгүй болсныг худалдаа эрхлэгчид хэлж байв. Үүний зэрэгцээ дээд болон дээдийн дээд гурил тасарсан дүр зураг “Бөмбөгөр” худалдааны төвөөс харагдлаа. Аль ч лангуун дээр алга. Харин оросын “Мука” гурил өдрийн од шиг ховор ч үнийн хувьд дотоодын гурилаас 1000-2000 төгрөгөөр хямд байна. Иргэдийн хувьд гурилын үнэ буурна гэсэн хүлээлттэй байна. Гэсэн ч худалдаа эрхлэгчдийн зүгээс гурилын үнэ буурахгүй байх гэсэн төсөөлөлтэй байлаа.
ГУРИЛЫН КОМПАНИУД ДУСАЛ ЗАЛГУУЛСАН ӨВЧТӨН ШИГ БАЙНА
Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх нь эдийн засагт ямар эерэг болон эрсдэл дагуулах талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай цөөн хором ярилцлаа.
-Засгийн газар гурилыг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасныг үйлдвэрлэгчид шүүмжилж байна. Зах зээлд гурилын үнэ буурах хүлээлт үүссэн ч цаашлаад үр нөлөө нь ямар байх вэ. Хэр оновчтой шийдвэр болов?
-Ер нь энэ шийдвэр оновчгүй гэж харж байна. Яагаад гэвэл манай улс улаан буудайгаа өөрсдөө хангалттай хэмжээнд тариалж экспортын хэмжээнд хүрсэн гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн жил мэдэгдэл хийсэн. Хоёрт, манай дотоодын үйлдвэрлэгчдэд хөдөө аж ахуйн салбарт маш их хэмжээний урамшуулал олгодог. Ялангуяа улаанбуудайн урамшуулал олгож байгаа. Улаанбуудай тариалсанд нь улсаас маш их хэмжээний татаас урамшуулал өгдөг мөртлөө эргээд ямар ч үр нөлөөгүй.
Үнэ буурахгүй, хоёрт хангамж нь доголдлоо. Энэ түр зуурын нөхцөл байдлаас үүдэн гол шалтгааныг нь судлах ёстой байсан гэж харж байна.
Ерөнхийдөө ихэнх орнууд дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын татвар өндөр байдаг. Үүнээс олсон орлогоор үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого байдаг. Жишээ нь, Европын холбооны улсууд мах үйлдвэрлэгчдэд шатахууны дэмжлэг өгдөг. Гэсэн ч Аргентины үхрийн махыг импортлоход үнийг өндөр төлж зах зээлд борлуулдаг. Ингэснээр олж буй орлогыг төр авахгүйгээр дотоод үйлдвэрлэлээ дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.
-Гурил үйлдвэрлэгчид өнгөрсөн хугацаанд зах зээлийн зарчмаар өрсөлдөж чадав уу. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн дүгнэж байна?
-Бизнесийн салбарт төр хэтэрхий оролцоотой байдаг учраас эргээд зах зээлийн зарчмаар хөгжиж чадахгүй байна. Энэ нь урт хугацаандаа хор уршигтай үр дүн нь гарч байна гэж харж байна. Жил бүр бид маш их улаанбуудайн урамшуулал аж ахуйн нэгж компаниудад олгож байгаа. Уг нь нэг мөр хөгжихийн тулд Монголд анх улаанбуудайн тариалалт бага байх үед дэмжсэний дараа бусад үед зах зээлийн зарчмаар хөгжүүлэх шаардлага байна. Ингэснээр хоорондын өрсөлдөөн зах зээлийн өрсөлдөөн бий болж эцсийн дүндээ инноваци, үнэ хямдрах зүйл хэрэглэгчдэд бий болдог.
Өнөөдрийн хувьд олон жил бид татаас өгөөд л байдаг. Нэг талаасаа өвчтөнгөөр зүйрлэвэл гурилын компаниуд дусал залгасан байна. Үргэлж дусал залгаатай хүн эрүүл цааш хөгжиж чадах уу гэдэг нь их сонирхолтой асуудал яригдна.
Цаашид зах зээлийн зарчмаар хөгжүүлэхийн тулд дампуурах нь дампуурч өрсөлдөх чадвартай нь цааш хөгжих ёстой гэж харж байна. Зөв зах зээлийн зарчим механизмд оруулж өгөөгүй цагт энэ нь маш хүнд болоод байна.
-Нөгөөтэйгүүр төр гурилын үнийг чөлөөлөхөд оролцохоос өөр аргагүй болсныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Амарбаясгалан хэлж байсан. Гурилын мафитай тэмцнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь ямар үр дагавартай вэ?
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийж чадахгүй байгаа нь нэг том асуудал. Хоёрт, гурилын мафи гэж нэрлээд байгаа хүмүүсийг уучлаарай, төр өөрсдөө л бий болгосон. Өөрсдөө улаанбуудайн урамшуулал өгч, шударга өрсөлдөөн бий болгохгүй алхам тутамд нь татаас улсаас өгсөөр байгаад бойжуулж томоохон компаниудыг өөрсдөө бий болгож томруулчихаад эргээд импортын татварыг чөлөөлөх нь өрөөсгөл ойлголт болох болов уу. Үүн дээр Монгол Улс зах зээлийн зарчмаар хөгжих гэж байгаа юм уу, төрийн төвлөрсөн эдийн засгийг хөгжүүлэх гэж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа.
Төр анхнаасаа компаниудын дотоод үйл ажиллагаанд оролцож монофоль зах зээл бий болголоо. Үүнтэйгээ эргээд тэмцнэ гэдэг ойлгомжгүй л байна.
Гурил үйлдвэрлэгчдийн дундаас харж байхад өөрсдийн шударга зарчмаар явж буй компаниудын нэг Алтан тариа ХХК л байна. Бусад нь Улаанбаатар гурил том групп улсаас татаас авч байгаа. Ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь асуудал.
-Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Импортын хамааралтай. Үүний дээр гурилыг гаалийн албан татвараас чөлөөлвөл үнэ буурах сайн талтай ч төгрөгийн урсгал гадагшаа валютаар солигдох эрсдэл үүсэх вий. Таны бодлоор?
-Нэг талаасаа гадагшаа урсах валютын хэмжээ өсөх хандлага харагдна. Яагаад гэвэл, гаднаас импортолж тодорхой хэмжээний хэрэглээнд хэрэглэх болно. Хоёрт, эцсийн дүнд хэрэглэгч үнээр л шийднэ. Хэрэв импортолж буй гурилын үнэ хямд байвал илүү худалдаж авна. Импортын гурил худалдан авснаар эргээд нэг талаасаа дотоодын гурил үйлдвэрлэгчид өрсөлдөх чадвараа алдах, эргээд үнээ бууруулах шударга зарчмын өрсөлдөөний төлөө явах шаардлагатай тулгарна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс гурилан бүтээгдэхүүн маш их хэрэглэдэг. Өргөн хэрэглээ нь талх, нарийн боов учраас үнэ хямдарвал уг нь гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх, харьцангүй бага хэмжээний өсөлттэй байх давуу талууд үүснэ.
-Ер нь гэнэтийн шийдвэр бус үе шаттай арга хэмжээ авах нь зөв байсан гэж харж байна уу?
-Тийм. Яагаад гэвэл бид маш олон жил төрөөс улаанбуудайн урамшуулал зэргийг дэмжиж ирсэн. Үүнийг татвар төлөгчдийн мөнгө бий болгосон байтал өнөөдөр гурил үнэтэй багаа шалтгааныг илүү тодруулах хэрэгтэй.