Долоон жилийн өмнө хадаг зүүж орсон гэр нь балгас болж, архичин тэнүүлчдийн үүр болсныг харахад хэнд ч гомдолтой. Ганц шөнийн дотор өмссөн хувцастайгаа орон гэрээ алдсан Э.Оюунчимэг өнөөдөр түрээсийн байрнаасаа хөөгдөж, үнс нурам болсон байрныхаа гадна нүдэндээ нулимстай зогсож байна. Тэр бол 207 дугаар байрны хохирогчдын нэг. 18 тоотын оршин суугч байв. Түүний амьдрал тэр “хар шөнөөс” хойш орвонгоороо эргэж хар дарсан зүүд шиг болсныг ярихдаа хоолой нь зангирч байлаа.
Э.Оюунчимэгийн хувьд өрх толгойлсон ээж. Бага насны хүүхэдтэй, ээжийнхээ хамт ар гэрээ авч явдаг. Өнөөдөр амьдрах боломжгүй болсон байрныхаа ипотекийн зээлийн төлбөрийг төлөхийн зэрэгцээ түрээсийн төлбөр, толгой хорогдох байр олох дарамтанд оржээ.
Хэдийгээр нийслэлээс орон гэрээ алдсан иргэдийн түрээсийн төлбөрийг нь шийдвэрлэсэн ч үргэлжлүүлэн олон сараар олгох боломжгүй гэх байр суурьтай байгаа аж.
Бодит байдал дээр, түрээслүүлэгчид дуртай үнээ хэлж, олон сараар төлбөр нэхэх болсон нь орон гэрээ алдсан иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн үлгэр болж.
ТЭНҮҮЛЧИД ОРОН ГЭРИЙГ МААНЬ ТОНОЖ ОНГИЧСОН, ЭД ХӨРӨНГӨ, СЭТГЭЛ САНААГААРАА ХОХИРООД Л ҮЛДЛЭЭ
Энэ талаар ярихдаа “Хэрэв би түрээсийн байрнаасаа гарсан ч дараа нь гурван сараар төлбөр авах түрээсийн байр олдох эсвэл одоогийн түрээслүүлэгч нь гурван сараар төлбөр авах эсэхийг мэдэхгүй байна.
Зөвхөн гурван сарын төлбөр л долоон сая төгрөг болно. Түрээслүүлэгчдээс 3+1, 6+1 төлбөр авна гэх юм. Дээр нь хүүхэдтэй хүн оруулахгүй, ханан дээр зураг эрээчнэ гэж цааргалах болсон.
Арга барагдвал энэ гэртээ хоног төөрүүлдэг байх даа. Даан ч тэнүүлчид баас, шээс болгож онгичсон. Яах учраа үнэхээр олохгүй, хэцүү байна” гэлээ.
Түүний хувьд орон сууц түрээслэх гэрээний хугацаа нь дуусахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Хөлс хүчээ шингээсэн гэр нь галд шатаагүй тул эргээд гэртээ амьдарч, тоосонд дарагдсан тавилгуудаа ашиглах түүний горьдлого үүгээр тасарсан байна. Зөвхөн орон байр, эд хөрөнгөөр зогсохгүй Э.Оюунчимэг хар дарсан зүүд шиг тэр шөнөөс хойш долоон сар өнгөрсөн ч сэтгэлзүйн шокоосоо гарч чадахгүй хүнд байдалд оржээ.
Шөнө бүр хаалга түс тас хийн цохих тэр чимээ сонсогдож, өөрийн мэдэлгүй хаалгаа онгойлгодог, цочдог сэтгэл гутралаасаа гарч чадахгүй байгааг ч нуусангүй.
ТҮРЭЭСИЙН БАЙР ОЛДОХГҮЙ БОЛ ШАТСАН БАЙРНЫХАА ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХОНОГ ТӨӨРҮҮЛНЭ
Хаалганы цаана айл бүрийн амьдрал адилгүй ч 207-дугаар байрны 63 айлын зовлон нэг. Тэдэнд өнөөдөр орох орон гэр, оочих аяга олдохгүй, айлын хаяанд шүд зуун амьдарч яваа нь нууц биш. Э.Оюунчимэгийн адил түрээсийн байрных нь гэрээний хугацаа хэзээ мөдгүй дуусах болж, гудамжинд хоног төөрүүлэхээс өөр сонголт үлдээгүйг Б.Оюунбат ярьж байлаа.
Тэр шатсан байрныхаа ард байрлах ганц модон саадыг гараараа заагаад “аргагүйдвэл энэ сааданд хононо доо” гэсэн ийм л бодолтой явна гэдгээ хэлсэн. Түүний ээж хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, хэвтрийн дэглэмтэй аж. Гэвч эмнэлгээс гараад ээжийгээ хаана аваачихаа үнэхээр мэдэхгүй байгаагаа ярьсан юм. Тэрбээр “Ээж маань хэвтэрт байдаг. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байна. Удахгүй эмнэлгээс гарахаар ээжтэйгээ хаачна даа гэж бодох хүртэл хүнд байна.Түрээсийн төлбөрийг төрөөс шийдэж байгаа ч олон сараар нь өгвөл бидэнд хэрэгтэй. Гурван сарын төлбөр авах байр ч олдохгүй байна.
Ээж минь хүртэл “Охиныгоо байрандаа орохыг хараад тайван нүд аних юм сан” гэж хэлэхэд голыг минь зурах шиг болсон.
Миний ээж осол болохоос өмнө хэвтрийн дэглэмтэй ч биеийн байдал нь хүндрээгүй байсан. Одоо хүртэл бие нь дээрдээгүй. Сэтгэл санаатай нь ч холбоотой байх.
Осол болохоос өмнө гэртээ тухтай байдаг байсан” гэлээ. Долоон хүний амийг авч одсон аймшигт дэлбэрэлт болсноос хойш долоон сар өнгөрсөн ч тэр шөнө өчигдөрхөн мэт тод болохыг үргэлжлүүлэн ярьсан юм. Түүнээс осол болсон шөнө юу болсон талаар асуухад “Дэлбэрэлтийн чимээ, хөрш хаалгыг маань цохиход л сэрсэн.
Нойрноосоо сэрж амжаагүй байхад коридорт гал маналзаж утаа болсон. Ээж минь дүү бид хоёрыг түрүүлж гар, ээж нь яах вэ гэж хэлсэн. Дүү бид хоёр ээжийгээ дамжилж гараад л, эргээд би гэрээсээ бичиг баримт авах гээд орсон ч нүүгэлтсэн утаанд ухаан алдсан байсан.Хөршүүд маань намайг гаргасан юм билээ” гэв.
ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЗАЙГ ХӨӨСӨНЦРӨӨР БӨГЛӨСНӨӨС БОЛЖ БАЙР ШАТСАН ГЭВ
Үргэлжлүүлэн түүний хэлснээр 207 дугаар байр галд өртөхөд хөөсөнцөрт оч үүссэнээс болсон гэнэ. Осол болохоос нэг сарын өмнөхөн тухайн байрыг хариуцагч СӨХ нь оршин суугчдын гомдлоор орон сууц, сургууль хоорондын зайг хөөсөнцрөөр бөглөсөн байжээ. Энэ нь "оршин суугчдаас өвөл нь байр хүйтэн байна гэх гомдол"-той холбоотой гэнэ. Ингээд нүглийн нүдийг гурилаар хуурсан нь тэр байж. Харамсалтай нь, 2024.01.23-24-нд шилжих шөнө нь газ ачиж явсан машин дэлбэрч, галын оч тухайн байрны хөөсөнцөрт үсэрснээр байр шатаж 198 хүн гудамжинд гарна гэж хэн ч төсөөлсөнгүй.
Б.Оюунбат хэлэхдээ “Хэрвээ энэ байрыг зэргэлдээх сургууль шиг чанартай барьсан бол, бас хөөсөнцрөөр бөглөөгүй бол, газ ачиж явсан машины жолооч хариуцлагатай байсан бол бид өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан биз. Бусдын хариуцлагагүй үйлдлээс болж бид хохирлоо” гэсэн юм.
Одоогоор тус байрыг иргэдийн гомдлоор хаалга үүдийг нь цоожилж харуул хамгаалалт гаргажээ. Тухайн байр луу оршин суугчид хамгаалагчаас зөвшөөрөл авч гараашаар дамжин орж болох бөгөөд биднийг дотогш ороход хөгц чийг үнэртэж, гарааш нь усанд автсан байсныг нь соруулсан байдалтай байв.
Орцоор ороход зарим айлын хаалга нь байхгүй, хананд өлгөсөн залуу гэр бүлийн зураг, ханан дээр хүүхдийн зурсан зураг, эвдэрч цуурсан хана, онгорхой цонх нүдэнд тусч байлаа. Хэдий 207 дугаар байрыг нурааж шинээр барихыг оршин суугчид нь зөвшөөрсөн ч түрээсийн төлбөрийг гурван сараар олгох тухай шийдвэрийг эсэргүүцэж санал нийлэхгүй болохыг хохирогчдын төлөөлөл ярьж байлаа.
Мөн хохирсон иргэдийн хэлснээр төр тухайн байрыг мкв нь 3.5 сая төгрөгөөр үнэлснийг нь тэд эсэргүүцэж байгаа аж. Учир нь хотын А бүсэд өнөөдөр мкв нь 3.5 сая төгрөгийн үнэлгээтэй, сургууль, цэцэрлэгтэйгээ ойрхон байр олдохгүй гэж үзэж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар барилгыг хэзээ нурааж эхлэх эсэх нь тодорхойгүй байна.