УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ИЗНН-ын даргын тухайд асуухад, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудал нийгэмд анхаарал татаад байгаа. Лайв хийж бараа сурталчилсан, шүүмж хэлсэн иргэдтэй хэрэлдсэн, зөвшөөрөлгүйгээр гадаад улс руу явсан гэх мэт асуудалд хариуцлага тооцохоор УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандаад буй. Намын даргын зүгээс ямар байр суурьтай байна?
-Энэ асуудалд хүмүүс маш их анхаарч, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Илэрхийлэх нь ч зөв. Иргэний Зориг, Ногоон нам УИХ-д Зөвлөлтэй болох ёстой. Одоогоор УИХ-ын гишүүд болон улс төрийн зөвлөлийн гишүүдээс санал авч байна. УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд хүрээгүй бол УИХ-ын гишүүдийн зөвлөл гэж байгуулна. Тухайн зөвлөл нь дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Дүрэм журмаа баталсны дараа хэрхэн ажиллах вэ гэдгээ тогтооно.
Хоёрдугаарт, М.Нарантуяа-Нара гишүүний хувьд иргэдийн хүлээсэн Монголын төр, УИХ-ын гишүүд ийм байх ёстой гэдэг зүйл дээр алдаа гаргаснаа өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байна лээ. Гэхдээ энэ жишиг УИХ-д тогтох ёстой. УИХ-ын гишүүн нь биеэ хэрхэн авч явах уу, ямар байр суурь баримтлах зэрэг дээр анхаарах ёстой. Бид ч гэсэн дор бүрдээ хариуцлагатай байх хэрэгтэй.
-УИХ-аас гадна танай намын дотоод журамд иймэрхүү зөрчил гаргасан гишүүндээ ямар хариуцлага тооцохоор заасан байдаг юм бэ?
-Иргэний Зориг, Ногоон намын нэр хүнд, үйл ажиллагаатай холбоотойгоор намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гишүүдэд сануулах, анхааруулах мөн намын дүрмийг давтан зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гэсэн заалтууд байдаг.
Намын дүрэмтэй холбоотойгоор намын хэн нэгэн гишүүн дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явууллаа гэхэд шийддэг газар нь намын Дүрмийн хороо юм.
-Ёс зүй, дэгийн байнгын хороогоор М.Нарантуяа-Нарагийн асуудлыг хэлэлцээд, сануулах, уучлалт гуйх, цалин хасах арга хэмжээг тооцох заалттай юм билээ. Үүнийг та юу гэж харж байна?
-Би өөрөө Ёс зүй, дэгийн байнгын хороонд харьяалагддаггүй. Тус байнгын хорооноос үүсээд буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг гаргасан гэж ойлгосон. Тэд ямар шийдвэр гаргах нь үү, үүний дараа намын байр суурь илэрхийлэх тал дээр дотооддоо ярилцаад, шаардлагатай бол тодорхой байр суурь илэрхийлнэ. Энэ нь намын Улс төрийн зөвлөлөөр шийддэг асуудал.
-Манай нам ЗГ-ын хөтөлбөр, төсвийн тодотголд маш шүүмжлэлтэй хандаж байгаа-
-Үүнээс гадна энэ өдрүүдэд улсын төсвийн тодотгол болон хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Эдгээр асуудалд ИЗНН болон таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намын зүгээс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад гэхээр энэ мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол дээр орж ирж буй зүйлүүдэд маш олон алдаа дутагдал байгаа. Үүнийг засаж сайжруулах хэрэгтэй гээд манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон намын Улс төрийн зөвлөлийн гишүүд ажиллаж байна. Дүгнэлтээ өнөө маргаашдаа гаргаад, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулна. Төсвийг 3-4 үе шаттайгаар хэлэлцэж баталдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, төсвийн төсөл гээд батлагддаг.
Өмнө нь төсвийн төсөөллөөр 2024 оны Монгол Улсын төсвийн зардлыг 22.4 их наяд болно гэж төсөөлж байсан. 2023 онд 20.2 их наядын төсөв зарцуулж байлаа. Гэхдээ 2024 оны төсвийн зардлыг 22.4 их наядаар төсөөлж байсан боловч төсвөө яг батлахдаа 5 их наядаар нэмээд, 27.4 их наяд болгосон.
Үүнд өнөөдрийн зайлшгүй асуудал болсон хөрөнгө оруулалтууд шийдэгдээгүй, соёлын төв, хөшөө дурсгал руу чиглэсэн олон зүйл буруу байна гэдгийг төсөв батлагдах үед ИЗНН-аас мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж байсан. Гэтэл өнөөдөр төсөв ашигтай гарлаа гээд 3 их наядаар зарлагыг тэлж байна. Энэ 3 их наядаас 490 орчим тэрбум төгрөг нь ТЭЗҮ боловсруулах, бичиг цаас, зөвлөх үйлчилгээ гэх мэтээр орж ирсэн.
Тэгэхээр бид төсөв үнэхээр амин чухал хөрөнгө оруулалт, ирээдүйд ажлын байр нэмэгдүүлэх салбарт чиглэж байна уу гэдэгт хяналт тавих зорилготой ажиллаж байна. Түүнчлэн, төсвийн тодотголыг хэлэлцэх явцад Монгол Улсын ядуурлыг 2 дахин бууруулна гээд тусгасан байгаа юм. 2022 онд гэхэд 914 мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг статистикийн байгууллагын дүгнэлт байна. 460 гаруй мянган иргэнийг ядуурлаас гаргах гэж байгаа бол 2024-2028 онд хэдэн иргэнийг ядуурлаас гаргах вэ гэдэг тоог гаргахаар жилдээ 100 мянга орчим байна. “Эдийн засаг, хөгжлийн бөгөөд ядуурлын сайд гэдэг эрх мэдлээ аваад ажлаа хийх юм уу” гэхээр ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Битгий нэр хоч өгөөд бай, энэ Засгийн газар бүтнээрээ хариуцна” гэсэн.
Хэрвээ манай Иргэний Зориг, ногоон намаас хэн нэгэн гишүүн нь Засгийн газарт сайд байсан бол “Тийм эрх мэдлийг нь өгвөл хэчнээн хэмжээний иргэнийг ядуурлаас гаргаж чадна” гэх хариултыг өгөх байсан. Ёс зүй, хариуцлага нь ингэж харагдаж байгаа юм.
-Хамтарсан ЗГ байгуулагдаад, нэг сар хагасын хугацаа өнгөрсөн байна. ЗГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, болохгүй байгааг нь шүүмжлэх үүрэгтэй АН, ХҮН нам хамтраад, ЗГ-т орсныг юу гэж харж байна?
-Энэ улс оронд эх баригчид байх ёстой юу гэвэл байх ёстой. Мөн хяналтын үүргийг гүйцэтгэх ус, агаар мэт хэрэгтэй сөрөг хүчин ч хэрэгтэй. Иргэдийн буюу цөөнхийн талд зогсоно гэдэг бол тодорхой хэмжээнд эр зориг шаардаж байгаа юм. Албан тушаал, эрх мэдэл бол олон сайн зүйлийг хүмүүст өгдөг байх. Нөгөө талаараа зөв хэрэглэж чадвал ажил мөн. Буруу хэрэглэвэл хаашаа явдгийг нь бүгд мэднэ. Тийм учраас буруугаар хэрэглээд зүтгэж буй хүмүүсийн талд байхгүй гэдгийг сонгууль дууссаны маргааш буюу зургаадугаар сарын 29-нд ИЗНН-ынхан мэдэгдэл хийгээд, таван зүйлийг хэлсний нэг нь энэ байсан. Бид сөрөг хүчин буюу цөөнхийн үүргийг гүйцэтгэж, ард иргэдийнхээ талд орно гэх зүйлийг хэлсэн.
Нөгөөтэйгүүр, С.Зориг агсны үзэл санаа, үйл хэрэг, үнэ цэн, эрх ашгийн эрэмбээр нэгдүгээрт улс орон, хоёрдугаарт нам, гуравдугаарт бүлэг фракц, төгсгөлд нь хувь хүний эрх ашгаа тавьж чадах тэр эрэмбийг баримтлах ёстой гэх үүднээс бид ажиллаж байгаа. Тиймээс ч ЗГ-т орох боломж байсан ч байгаагүй ч бид орохгүй гэдгээ зургаадугаар сарын 29-нд илэрхийлсэн.
-С.Зориг агсны хэрэг МАН, АН-ын улстөрждөг сэдэв байх ёсгүй-
-Ер нь сонгууль бүрээр л С.Зориг агсны хэргийг хөнддөг. Ерөнхий сайд ч чуулганы индэр дээрээс үе үе түүний нэрийг дурддаг болсон. Энэ асуудал байж болох уу?
-ИЗНН-ын даргын хувьд манай намын гишүүд, дэмжигчид С.Зориг агсны хэргийн араас яагаад явахгүй байна гэж асуудаг. Үүний хариултыг би УИХ-ын чуулганы хуралдаанд санаачилга гаргаж хэлсэн. Юу гэж вэ гэхээр, ИЗНН-ын даргын хувьд С.Зориг агсны хэргийг илрүүлэх үйл явц юунаас болоод өчнөөн олон жил саатаад, 26 жил улстөрждөг сэдэв болчхов оо. Ардын нам, Ардчилсан нам улстөрждөг ийм сэдэв байх ёсгүй. Энэ хэрэг эцэслэгдэж, гүйцэтгэгч, оролцогч, захиалагч нь илэрч нэг талдаа гарах ёстой.
Энэ бол зүгээр ч нэг хэрэг биш. Ардчилсан хувьсгалын удирдагчийн амийг хороосон хэрэг. Тэгэхээр 1998 оны тэр цаг мөчөөс хойш эрх ашгийн эрэмбэ алдагдах, бидний ардчилал гэж хүсэж тэмүүлж, зорьсон зорилгыг Монголын ард түмэн 100 хувь дэмжсэн шүү дээ.
Түүнээс, Ардчилсан нам бол ардчилагч биш байхгүй юу. Өнөөдөр тэр хүний нэрийг дурсах нь багасаад, хөшөөтэй газрыг нь зараад, тэр хэргийг бүдгэрүүлээд орхиж байна аа гэвэл ардчиллын амин сүнс нь алга болчхож байгаа юм. Тиймээс энэ хэргийг илрүүлэхээр УИХ-ын Түр хороо байгуулъя гэдэг саналыг гаргасан. УИХ-ын Түр хороо байгуулахын тулд 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан байх ёстой юм билээ. Хэрвээ энэ тооны гишүүд гарын үсэг зурвал 7-15 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулагдана.
С.Зориг агсан амиа алдсанаас хойш Монголын ардчилал мөн чанараа гээсэн. Сүншиггүй бурхан гэдэг шиг зүгээр л хэлбэр тал руугаа явсан. Түүнээс хойш маш олон засаглалын хямрал нүүрлэсэн. Би 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2008 оноос хойш үе бол “их шуналын үе”. Зарим хүмүүс намайг их шуналын өмнөх үеийн улстөрч байсан гэж нэрлэсэн байдаг. Тэгэхээр энэ хооронд үүссэн шунал, хулгайн цэг хаанаас эхэлсэн бэ гэхээр 1998 оны аллагаас эхэлсэн. Үнэхээр хэрэгтэн нь олдоод, авах ёстой ялаа үүрээд явах ёстой. Тэгэхээр энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байна.
Энэ бол Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн хоорондоо яриад, “Миний нэр чиний байбл” гэж яриад байх шаардлагагүй. Дахиж энэ хэргийг улстөржүүлж, ашиг хонжоогоо болгох учиргүй. Би С.Зориг гэдэг хүний үр хүүхэд, хамаатан садан биш. Үзэл санаа, үнэ цэнийг нь тээж явдаг.
Анх Монголын ардчиллыг дэмжиж, Д.Сүхбаатарын талбайд хөхөө өвлийн хүйтэнд жаахаан хүүхэд байхдаа очиж байсан тэр цаг үе хэвээрээ үлдэх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.