Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр,
"Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох сонгуулийн холимог тогтолцоогоор анхны 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурал 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдаж, улс төрийн намуудад ард түмний дэмжлэг авсан иргэдийн саналыг гээхгүй байх зарчим дор Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн Хамтарсан Засгийн газар байгуулагдаж “Хурдтай Хөгжлийн Төлөөх Зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд 3 намын мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтод суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан билээ. Ийнхүү бид Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой, бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байна.
Ирэх 4 жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байна. Гэвч улсын төсвийн эх үүсвэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой.
Тийм ч учраас нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн цогц реформыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийн шинэ загварт тохирсон, эдийн засгийн нөөцөөр үсрэнгүй хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг олон улсын сайн жишигт нийцүүлэн боловсронгуй болгон өргөн барилаа.
Олон улсын практикаас харвал улс орнууд өөрсдийн эдийн засгийн нөөц бололцоо, улс орны онцлогтой уялдуулан төсвийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгынхоо хүрээнд төсвийн дүрмүүдийг хэрэглэдэг бөгөөд хөгжлийн үе шат, эдийн засгийн үеийн нөхцөл байдалд тохируулан төсвийн дүрмийг сайжруулан тогтоож ирсэн нийтлэг жишиг байна.
Монгол Улс анх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтийн эхэн үе болох 2010 онд баталж, 2013 оноос бүрэн хэрэгжүүлж эхэлснээр, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангах төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагууд үйлчилж эхэлсэн. Уг хуулийн гол зорилго нь эдийн засгийг уул уурхайн мөчлөг дагасан савлагаанаас хамгаалж, төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ба төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцож, тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах, төсвийн зарлагын өсөлтийг уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хязгаарлах, нэгдсэн төсвийн тэнцэл, Засгийн газрын өрийн хязгаарыг тогтоох замаар хэрэгжүүлж ирлээ.
Тухайн үед буюу 2013 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 19.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.9 их наяд төгрөг, гадаад худалдааны нийт эргэлт 6.1 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3.7 дахин өсөж 70.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.9 дахин өсөж 23.3 их наяд төгрөг, гадаад худалдааны нийт эргэлт 2.3 дахин өсөж 24.4 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн багтаамж 2-3 дахин тэлснийг харуулж байна.
Мөн дахин сэргээгдэхгүй уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах Ирээдүйн өв санд 3.4 их наяд төгрөг, уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамгаалж, төсвийг тогтворжуулах зорилготой Тогтворжуулалтын санд 1.3 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагууд төсвийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түүхэн үүргээ гүйцэтгэснийг харуулж байна.
Монгол Улсын хөгжлийн шинэ үе шатад нийцүүлэн, шинэчлэн боловсруулсан Тогтвортой байдлын тухай хуульд туссан голлох зарчмын өөрчлөлтийг авч үзвэл:
Нэгдүгээрт, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ийн 30 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, байнгын шинжтэй, тогтмол гардаг төсвийн урсгал зардлыг эдийн засгийн багтаамжийн тодорхой хувиар хязгаарласнаар төсвийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлах, хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зай үүсэх нөхцөл бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байлгаж, дотоод эдийн засгийн нөөц сууриас бүрдсэн тэнцвэржүүлсэн орлогын эх үүсвэрээр төсвийн зардлыг хязгаарлаж, суурь тэнцлийн ашгийг тооцох ба уг эх үүсвэрээр өрийн үндсэн төлбөрийг төлөхөд зарцуулна. Ингэснээр ирээдүйд өрийн дарамтад орох эрсдэлээс сэргийлнэ.
Гуравдугаарт, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр тооцсоноор дэлхий дахинд Засгийн газрын өрийн хязгаарыг мөрддөг 72 улсын 65 улстай ижил аргачлалтай болж, эдгээр орнуудын нийтлэг аргачлалд шилжсэнээр харьцуулах боломж нэмэгдэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд ойлгомжтой болж, хяналт тавихад хялбар болох юм.
Дээрх өөрчлөлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд оруулснаар бид шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэх томоохон төслүүдийг гадаадын зээл, тусламж, үнэт цаас, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн секторын эх үүсвэрээр хэрэгжүүлж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зорилтуудад хүрнэ.
Түүнчлэн өнгөрсөн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан зарим өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, хор уршигийг багасгах зорилгоор хуулийн төсөлд зохицуулалт хийлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухaй хуулийн төсөлд нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34.4 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байж, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн хэмжээг 47.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр тооцлоо" гэв.