УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар танилцуулсан юм. Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх хяналтын сонсголыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ.
Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 62.5 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдсан.