СУРВАЛЖИЛГА: Дүрэмт хувцасны сонголтод поло цамц оруулахын тулд эхлээд стандартад өөрчлөлт оруулах ёстой учраас энэ хичээлийн жилд АМЖИХГҮЙ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 47 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхэд тун бага хугацаа үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхэд багачуудынхаа хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэж эхэлсэн нь лавтай. Гэвч жил бүр олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсээр ирсэн сурагчийн дүрэмт хувцасны асуудалд шинэ агуулга орж ирэв. Тодруулбал, Боловсролын яамнаас сурагчийн дүрэмт хувцсанд сонголт оруулахаар ярьж эхэлжээ. Сонголтод оруулахаар яригдаж буй хувилбар нь поло цамц.

Олон талын ач холбогдол "тээдэг" сурагчийн дүрэмт хувцасны эл асуудалд холбогдох албаныхан ямар байр суурь илэрхийлж байгаа болон энэ хичээлийн жилд үйлдвэрлэлд оруулах боломж бий эсэхийг сурвалжиллаа.

-БОЛОВСРОЛЫН САЙД: Поло цамц уу аль эсвэл дүрэмт хувцас уу гэх сонголтыг 2025-2026 оны хичээлийн жилд эцэг, эхчүүдэд өгнө-

Энэ асуудалд Боловсролын сайд П.Наранбаяр "Сурагчдын дүрэмт хувцасны сонголтод поло цамцны сонголт оруулж ирэх асуудлаар ХХААХҮЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулна. Дүрэмт хувцасны стандарт бий. Энэ стандартад хатуу заалт байдаг юм билээ. Үүнд сонголт бий болгох боломжтой болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. 2024-2025 оны хичээлийн жилд судалгаа явагдана. 2025-2026 оны хичээлийн жилд эцэг, эхийн өмнө хоёр сонголт бий болно. Өөрөөр хэлбэл, поло цамц аль эсвэл одоогийн өмсөж буй дүрэмт хувцсыг өмсөх үү гэдэг сонголт бүхий систем рүү орно гэсэн үг. Сонголтыг бий болгох нь миний байр суурь. Ямар сонголт хийх нь эцэг, эхийн байр суурь" гэв

-ОЁДЛЫН ХОЛБОО: Энэ жил поло цамцыг үйлдвэрлэлд оруулах ямар ч боломж байхгүй. Сайд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн-

Тэгвэл энэ чиглэлд өнгөрөгч долоо хоногт Боловсролын сайд оёдлын салбарын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, санал солилцсон байдаг. Сурагчийн дүрэмт хувцсанд сонголт оруулах асуудалд оёдлын салбарынхан ямар байр суурь илэрхийлж буй талаар Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал О.Сансархүүгээс тодрууллаа.

-Боловсролын сайдтай хийсэн уулзалтын үеэр сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцны сонголт бий болгох асуудалд танай холбоо ямар байр суурь илэрхийлсэн бэ. Ер нь дэмжиж байгаа юу?

-2019 онд батлагдсан сурагчийн дүрэмт хувцасны стандарт гэж бий. Тус стандартад загвар, дизайн, материал гээд бүхий л стандартыг нарийвчлан заасан байдаг. Стандартад тусгагдаагүй поло цамц гэх мэт өөр төрлийн хувцас оруулья гэхээр стандартад тусгагдаагүй учраас болохгүй байгаа юм. Нэгдүгээрт, энэ нь дүрэмт хувцас. Дүрэмт хувцас өөрийн гэсэн стандартаар явах ёстой. Нөгөө талдаа хүүхдийн арьсанд шууд хүрч байгаа учраас материалын шинж чанар, зохицол нь маш зөв байх ёстой. 6-18 настай хүүхдүүдийн биеийн стандарт гэж бий. Өөрөөр хэлбэл, одоогийн өмсөж буй дүрэмт хувцас нь монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон гэсэн үг. Боловсролын сайдтай уулзах үеэрээ бид энэ мэт асуудлуудыг хэлсэн.

Бид поло цамц үйлдвэрлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ түүнээс урьтаад ажлын хэсэг байгуулж, дүрэмт хувцасны стандартаа өөрчлөх хэрэгтэй гэх санал тавьсан.

-Сайдын зүгээс 2025-2026 оны хичээлийн жилд гэж хэлсэн. Гэвч энэ хичээлийн жилээс өмсөнө гэх мэдээлэл гараад байна. Одоо яаравчлаад стандартдаа өөрчлөлт оруулсан ч хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйлдвэрлэлд оруулж чадах уу?

-Энэ жил поло цамцыг үйлдвэрлэлд оруулах боломжгүй гэдгийг сайд ч ойлгосон. Нэгдүгээрт, стандартдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, одоо яаравчилж өөрчлөлтөө хийсэн ч хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйлдвэрлэгч нар үйлдвэрлэж амжихгүй. Ямар ч боломж байхгүй.

-Сурагчийн дүрэмт хувцас гэдгийн цаана тэгш байдлаас гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явж байгаа шүү дээ. Магадгүй шийдвэр гарчихвал хугацаа давчуу байгаагаас үндэсний үйлдвэрлэгч нар биш импортын цамцнууд ороод ирэхийг үгүйсгэхгүй юм?

-Дүрэмт хувцасны стандарт дээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар тусгаж өгсөн байдаг. Тэгвэл сурагчийн дүрэмт хувцсыг яагаад дотоодод үйлдвэрлэх ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ төрлийн масс үйлдвэрлэл нь үйлдвэрүүдийг чадавхжуулж байдаг. Түүнчлэн эдийн засгийн хувьд үр ашиг өндөртэй. Жишээлбэл, 10 мянган төгрөгөөр монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авахад 80 хувь нь буюу 8 мянган төгрөг нь монголд үлддэг. Харин 10 мянган төгрөгөөр импортын бүтээгдэхүүн худалдан авахад 20 хувь нь монголд үлдэж, 80 хувь нь гадагш урсана. Энэ мэтчилэн эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой.

Сайдын зүгээс ч "Энэ жил амжихгүй. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байр сууриа 100 хувь хадгална. Үе үеийн Засгийн газрууд сурагчийн хувцас дээр ийм байр суурьтай явж ирсэн. Бид ч хадгална" гэдгээ хэлсэн. Харин 2025-2026 оны хичээлийн жилд өөрчлөлт оруулъя гээд өөрөө саналаа гаргачихсан" гэлээ.

-СТАНДАРТ: MNS-

Одоогоор манай улсын сурагчийн дүрэмт хувцсанд MNS 6814 : 2019 стандартыг мөрдөж буй аж. Тус стандарт нь сурагчийн дүрэмт хувцас, түүний даавууны физик- механик, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг тогтоох, хянах, бүтээгдэхүүний хэмжээ шалгахад ашиглагддаг аж.

Харин материалын хувьд хүүхдийн эрүүл мэндэд хоргүй, эрүүл ахуйн шаардлага (агаар нэвтрэх, дулаан хадгалах, арьсанд харшил үүсгэхгүй гэх мэт)-ыг хангасан байх шаардлагыг тавьж байна.

-Биед шууд хүрэлцэх I дүгээр үеийн хувцас буюу цамц нь Европын холбооны стандартын шаардлагыг хангасан байх.

-Гадуур хувцас нь Монгол Улсын стандартын жишиг шаардлагыг хангасан байх. Цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй, хог татахгүй байх

-Загвар хийцийн хувьд Монгол орны цаг агаар, уур амьсгалын нөхцөлд тохирсон байх

-Хүйтний улиралд өмсөхөд зориулсан нэмэлт сонголттой байх. Сонгох боломжийг хангасан үндсэн болон нэмэлт иж бүрдэлтэй байх.

-Дүрэмт хувцсаар дамжуулан хувцасны асуудлыг шийдэх боломжийг олгосон байх.

-Хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт, хөгжилтөд саад болохгүй загвар, хийцтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг аж.

-ИРГЭД: Дүрэмт хувцсыг энгийн загвартай болгож зохицуулалт хийх нь зөв-

Иргэн н.Сарантуяа: Ач, зээ нараа дүрэмт хувцсаа өмсөж байгааг хааяа хардаг л юм. Нэг л нозоорсон, олон давхар юм өмсөөд л яваа юм шиг санагддаг. Хүйтэн сэрүүний улиралд ч дээрээс нь гадуур хувцсыг нь өмсгөхөд хүртэл тээр болж байгаа юм шиг л санагддаг. Ер нь дүрэмт хувцсыг энгийн загвартай болгож зохицуулалт хийх нь зөв байх.

-Сонголт бий болгох нь ЗӨВ-

Иргэн н.Амаржаргал: Сурагчид дүрэмт хувцсаар жигдэрсэн байх нь чухал. Тийм ч учраас өмсөх дүрэмт хувцас нь хүүхдэд өөрт нь төвөг болохооргүй байх хэрэгтэй. Эгчийн маань хүүхэд хувийн сургуульд суралцдаг. Дүрэмт хувцас гэдэгт өмд, цамц, поло футболк л багтдаг. Харин улсын сургуульд сурдаг дүү маань сорочкан цамц, зангиа, жилет өмсдөг. Арчилж, цэвэрлэх тал дээр ч асуудал үүсдэг. Жилд 2-3 сорочкан цамцаа солих ч үе байдаг. Тиймээс хүүхдийн тав тухыг бодсон ч дүрэмт хувцсаа илүү биед эвтэйхэн поло цамц байдлаар шийдэх хэрэгтэй шиг санагддаг. Сошиалаар явж байгаа мэдээллийг харсан. Сонголт оруулах нь зөв л гэж бодож байгаа.

-Сонголт бий болчихсон байхад буруудах зүйлгүй-

Иргэн А: Аль болох өмсөх тусам агшиж, өнгөө алддаг бус хүүхдийн биед “сууж” өгдөг, материал сайтай байх хэрэгтэй. Гэхдээ одоогийн дүрэмт хувцас таалагддаг. Яах вэ. Сонголт бий болчихсон байхад буруудах зүйлгүй. Алийг нь ч сонгох нөхцөл бүрдэнэ гэсэн үг шүү дээ.

“Баруун 4 замаас 25-р эмийн сан хүртэлх замыг хучих гээд тендер зарлатал нэг ч компани орж ирээгүй“
“Баруун 4 замаас 25-р эмийн сан хүртэлх замыг хучих гээд тендер зарлатал нэг ч компани орж ирээгүй“
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!