Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мишээл: Математикч хүүхдүүд буруу зүйлийг хүлээж авч чадахгүй болдог сул талтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 0 секунд

Зургийн тайлбар: Дэлхийд чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэж буй математикч сурагч О.Мишээл сургуулийнхаа гадаа сэтгүүлчидтэй ярилцаж байна. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг. С.Хонгорзул. 

Олон улсын математикийн 61 дэх олимпиад (IMO) есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан билээ. Уг тэмцээнээс алтан медаль хүртэж, бахархам амжилттай оролцсон “Шинэ-Монгол” сургуулийн сурагч О.Мишээлтэй ярилцлаа.

-ӨДӨРТ 4-5 ЦАГИЙГ ТОО БОДОЖ ӨНГӨРӨӨДӨГ -

-Юуны өмнө олон улсын математикийн олимпиадад түрүүлсэнд баяр хүргэе.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Отгонбаярын Мишээл гэдэг. “Шинэ-Монгол” сургуулийн 12-р ангид сурдаг. 17 настай.

-Математикийн хичээлийг хэзээнээс гүнзгийрүүлж үзсэн бэ?

-Нэгдүгээр ангиасаа эхлээд олимпиадад оролцож эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй бэлтгэл хийдэг болсон. Бага ангийн олон улсын олимпиад гэж байдаг. Одоо ч бий. Түүнд гуравдугаар  ангиасаа оролцож байсан.

-Нэгдүгээр ангиасаа “Шинэ-Монгол” сургуульд сурсан уу?

-Бага ангидаа “Соёмбо” сургуульд сурч байсан. Зургаадугаар ангиасаа “Шинэ-Монгол”-д сурч эхэлсэн.

-Тэмцээндээ хэрхэн бэлддэг вэ? Арга барилаасаа хуваалцаач?

-IMO бол хамгийн том олимпиад. Үүнд бэлдэхдээ сонгогдоогүй, чанартай бодлогуудаас боддог. Яг тийм мөрддөг арга барил гэж байхгүй. Өдөрт ойролцоогоор 4-5 цагийг  бэлтгэлдээ зарцуулдаг.

-Бэлтгэлээ ганцаарчилж хийдэг үү, эсвэл хүүхдүүдтэй хамтарч бэлддэг үү?

-“Шинэ-Монгол” сургууль дээр ихэвчлэн ганцаараа бэлтгэлээ хийдэг. “Монголын Математикийн Хороо” сорил явуулаад шалгарсан хүүхдүүдэд бэлтгэл явуулдаг. Тэр бэлтгэл дээр бусад хүүхдүүдтэй хамтарч бэлдэнэ.

-Олуулаа болон ганцаараа бэлтгэл хийхийн давуу болон сул тал. Аль нь илүү үр дүнтэй байдаг вэ?

-Хамт бэлдэх нь арай илүү сонирхолтой. Мэдлэгийн хувьд төстэй хүүхдүүд байгаа учраас бодолтоо харьцуулах, бодож чадсанаа тайлбарлах гээд илүү өрсөлдөөнтэй болдог. Харин ганцаараа бэлдэхдээ шинэ сэдэв үзэх нь давуу талтай.

Зургийн тайлбар: Олон улсын математикийн олимпиадад О.Мишээлийн бодолтын гүйцэтгэл нь 99.51 хувьтай байв. Нийт зургаан бодлогоос тавыг нь бүтэн, нэгийг нь дутуу боджээ. Шинэ Монгол сургуулийн гадна талбайд. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг: С.Хонгорзул. 

-БУРУУ ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛДОГ СУЛ ТАЛТАЙ-

-Математикаар хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?  Өөрөө дуртай байсан уу, аль эсвэл гэр бүлийн зөвлөгөө байв уу?

-Гэр бүл их нөлөөлсөн. Бага ангиасаа олимпиадад ордог болохоор математикийн хүүхэд гэж бодсон байх. Мөн дуртай болоход нөлөөлсөн хамгийн чухал зүйл бол аав маань “аливаа зүйлийн учрыг олох гэж оролдож бай, суурийг ойлгохыг хичээж бай” гэж хэлдэг байснаас л математикийг илүү их мэдэхийг хүсдэг болсон.

-Математикаар хичээллээд олж авсан давуу тал юу вэ?

- Нэгдүгээрт маш сайн сууж сурсан. Хоёрдугаарт ямар нэгэн асуудалтай тулгарахад тэрийг авч үзэх арга барио өөрчлөгдөнө. Буруу зүйлийг хүлээж авч чадахгүй болдог сул талтай. Жишээлбэл, Багш хичээл орж байгаад буруу зүйл хэлчихвэл “Багш аа таны хэлсэн чинь буруу байна” гээд шууд хэлчихдэг. Эхлээд багш нар баярлалаа гэдэг ч яваандаа дургүй болох асуудал гарна.

-Тоо бодохоос өөр дуртай зүйл байгаа юу?

- Их олон зүйл сонирхдог. Астрофизик, сэтгэлзүй, эдийн засаг, улстөр /гэхдээ одоогийнх шиг биш шинжлэх ухаан гэдэг талаас/ гэх зэрэг маш олон зүйлд дуртай. Мөн дэлхийн уран зохиолыг их уншдаг, сонирхдог.

-Яагаад астрофизик гэж?

-Хүн бүр үе үе амьдралын талаарх асуудлуудыг өөр өөрийнхөөрөө боддог. Амьдрал яагаад оршиж байгаа, амьдралын утга учир гэх мэт асуудлууд. Бидний оршиж байгаа орчлон ертөнцийн талаар тайллыг хүсдэг учраас астрофизикт илүү сонирхолтой.

Мөн янз бүрийн сонирхолтой сэтгэлзүйн туршилтуудад дуртай. Тухайлбал, нэг галт тэргийг зогсоож чадахгүй болчихсон, зам дээр таван хүн байгаа харин нэг хөшүүрэг байгаа түүнийг татвал галт тэрэгний замыг л солино. Сольсон зам дээр дахиад нэг хүн бий. Тэгэхээр татсан дээр үү татаагүй нь дээр үү гэх асуудал гардаг. Энэ нь юутай холбогдож байна вэ гэвэл өөрийгөө жолооддог машинд тийм асуудал гарвал яаж шийдэх вэ? Ямар шийдвэр гаргах ёстой вэ зэрэг маш олон асуудлууд гарч ирнэ. Хүн тэр тохиолдолд юу хийх бол гэдэг маш сонирхолтой зүйлтэй тулгарч байгаа юм. Таван замаас аль нэгийнсонговол хүний тархи яаж ажиллаад тийм шийдвэр гаргасан бэ? гэх зэрэг маш сонирхолтой зүйлс олон байна.

Зургийн тайлбар: О.Мишээл багш Д.Алтангэрэлийн хамт. Тэд олон улсын математикийн олимпиадын аварга болох зорилгоо зургаан жилийн дараа биелүүлсэн байна. Шинэ Монгол сургуулийн байр. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг: С.Хонгорзул. 

-МОНГОЛЫНХОО ХҮҮХДҮҮДТЭЙ ШИРҮҮН ӨРСӨЛДСӨН-

-Мэргэжлээ сонгосон уу?

-Хараахан сонгоогүй. Олон зүйл сонирхож байгаагийн сул тал нь аль нэгэн зүйлийг нь сонгочихвол бусдыг нь сурахгүй юм шиг санагдаад байгаа. Магадгүй том болоод мэргэжил сонгох шардлагатай бол математикч, астрофизикч, санхүүчээр сурах бодол бий.

-Их сургуулиа аль улсад сурна гэж бодож байна вэ?

-Чадвал АНУ-д сурна гэсэн бодол бий.

Зургийн тайлбар: О.Мишээл "багаасаа математикт дуртай болсонд гэр бүл маань их нөлөөлсөн. Аав минь аливаа зүйлийн учрыг олох гэж хичээж бай гэж сургадаг" гэв. Мөн олимпиадын өмнө гэр бүлтэйгээ хамт байсан нь сэтгэл санааны хувьд том дэмжлэг болсон гэлээ. Шинэ Монгол сургуулийн гадна талбайд. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг: С.Хонгорзул. 

-Өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын олимпиадад оролцоход ямар шалгуураар тавигддаг вэ?

-IMO-д улс бүр зургаан хүүхэд оролцуулах эрхтэй. Улсынхаа зургаад багтахын тулд Монголын Математикийн Хороо багаа шалгаруулах сорил явуулдаг. Тэр сорилын нэг шат нь улсын олимпиад байдаг. Сорилууд болон улсын олимпиадууддаа сайн оролцвол улсынхаа багт шалгараад IMO-д орох эрх үүснэ. Өмнө нь 9,10-р ангидаа оролцоод хоёуланд нь хүрэл медаль авч байсан.

-Чамтай хамт бэлтгэл хийсэн зургаан хүүхдээс шагналт байр эзэлсэн үү?

-Нэгдүгээр сургуулийн М.Өнөболд, “Сант”сургуулийн А.Нямдаваа гээд хоёр хүүхэд 29 оноогоор мөнгөн медаль, 11-р сургуулийн Б.Хантүшиг гээд хүүхэд 22 оноогоор хүрэл авсан. “Олонлог” сургуулийн Б.Батсамбуу, “Сант” сургуулийн Д.Энэрэлт гээд үлдсэн хоёр хүүхэд маань тусгай байранд шалгарсан.

-Хамгийн чанга өрсөлдөгч нь хэн байв. Мөн энэ удаагийн олимпиад онлайнаар зохиогдоход хүндрэлтэй зүйл байв уу?

-Хамгийн чанга өрсөлдөгч гэвэл их удаан өрсөлдсөнөөрөө Өнөболд гэж бодож байна. Нямдаваа 2,3 жилийн өмнөөс математик руу буцаж орж ирээд бас нэлээн өрсөлдсөн. Бусад улсуудын хүүхдийг тэр энэ гэж хэлж мэдэхгүй юм. Монголынхоо хүүхдүүдтэй ширүүн өрсөлдсөн. Сэтгэлзүйн хувьд маш сайхан байсан. Тэмцээн эхлэхээс 30 минутын өмнө гэр бүлийхэнтэйгээ хамт байсан нь давуу тал болсон байх.

-Ярицлагын төгсгөлд энэ бүх боломжийг олгосон ээж аавдаа болон сургууль багш нартаа, найзууддаа, хоёр дүүдээ маш их баярлалаа гэж хэлье. Надад зааж зөвлөж байсан бүх багш нартаа маш их баярладаг. Би ганцаараа энэ хүртэл явах боломжгүй.

-Ярилцсанд баярлалаа.

 

Д.Алтангэрэл: О.Мишээл төрмөл авьяастай хүүхэд, дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна
Д.Алтангэрэл: О.Мишээл төрмөл авьяастай хүүхэд, дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна
 
“RETRO brothers” мото клубийг танилцуулах өдөрлөг энэ бямба гарагт болно
“RETRO brothers” мото клубийг танилцуулах өдөрлөг энэ бямба гарагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.