Дэлхий дахинд хурдацтайгаар хөгжиж буй дижитал төлбөр тооцооны хамгийн шилдэг шийдлийг харилцагчдадаа хүргэх нь Голомт банкны эрхэм зорилгуудын нэг билээ. Энэ зорилгынхоо хүрээнд Голомт банк БНХАУ-ын Хөх хотноо 2024 оны 7-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “Хятад-Монголын байгууллагуудын хил дамнасан Дижитал төлбөрийн шийдлийн хамтын ажиллагааны төсөл” арга хэмжээнд оролцож, China Construction Bank /CCB/ болон NetsUnion Clearing Corporation /NUCC/-той гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээний үеэр Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлэн “Монгол, Хятадын харилцаа жилээс жилд өргөжин тэлж, ялангуяа санхүүгийн дижитал шилжилтийн хамтын ажиллагаа амжилттайгаар цэцэглэж, үр дүнд хүрч байна. NUCC болон Голомт банкны урт хугацааны түнш CCB-тай хийгдэх энэхүү дижитал төлбөрийн шийдэл нь Монгол болон Хятадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлбөр тооцооны хамгийн хялбар, уян хатан шийдлийг санал болгож, зардал, цаг хугацааг хэмнэсэн шинэ боломжийг нээж өгч байна” гэж онцлов.
Иргэд харилцагчид Хятад улсад зорчих үедээ төлбөр тооцоогоо ямар ч саадгүй, түргэн шуурхай гүйлгээ хийх боломжийг олгох зорилготой тус төслийн хэрэгжилт нь цаашид SocialPay аппликэйшн ашиглан төлбөрөө төлөх шинэ шийдлийг бий болгох юм.
Голомт банкнаас харилцагчдадаа хүргэж буй бусад төлбөрийн шийдэлтэй ЭНД дарж танилцана уу.