УИХ-ын хэсэг эмэгтэй гишүүд архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилснаа зарлалаа. Архины савлагааг багасгах, татварыг нэмэх, борлуулалтын цэгийг 5000 хүн тутамд нэг болгох гэх мэт популист саналууд гарч энэ нь цөөнгүй хүнд таалагдах болжээ. Гэтэл ингэж хааж хорьсноороо амжилтанд хүрч байсан дотоодын болон гадаадын туршлага бий юу гэвэл үгүй.
2003-2014 оны хооронд Монгол Улс архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиараа шөнийн 00:00 цагаас хойш архи худалдан борлуулахыг хориглож байсан. Гэвч энэ хууль амьдрал дээр огт хэрэгжээгүй төдийгүй архидалт ахуйн хүрээнд шилжиж гэмт хэргийн гаралт огт буураагүй гэдгийг цагдаагийн байгууллагын статистик тодорхой харуулдаг. Зочид буудал нь архидалтын газар болтолоо тогтсон ойлголт бий болсон нь энэ хуулиас л улбаатай. Өнөө хэр зочид буудлыг зочид буудлаар нь хүмүүс ойлгохгүй яваа. Үйлчилгээний байгууллага, баар ресторануудыг торгох, дарамтлах, тэднээс янз бүрийн шан харамж нэхэх байдал хавтгайрч байсан гэдэг. Танил тал, нөмөр нөөлөгтэй баар үйлчилгээний газрууд шөнөжин ажилладаг шударга бус тогтолцоо бий болж сөрөг үзэгдэл нь давамгайлах болсон учир арга буюу УИХ-аас хуульдаа өөрчлөлт оруулж архи худалдан борлуулах, үйлчлэх цагийн хязгаарыг тухай орон нутгийн ИТХ-аас тогтоож байхаар уян хатан болгосон. Дэлхийн мегаполис хотууд бүгд шөнийн амьдралтай байдаг. Үүний жишгээр Улаанбаатар хот ч өөрийн гэсэн клубын соёл, жуулчдыг татах эвент наадам, үзвэр үйлчилгээ байх нь зүй ёсны асуудал билээ. Хуулийг өөрчилснөөс хойш архийг механикаар хориглох тухай янз бүрийн түвшний санал гарч байсан ч нийгэм дэмжихгүй байсаар ирсэн. Харин энэ удаад эмэгтэй гишүүд нэлээд хүчтэй лоббидоно гэдгээ зарлаад байгаа юм.
АНУ 1917 онд “хуурай хууль” гэгчийг баталж архийг хуулиар бүр мөсөн хориглосноор гэмт хэрэг, биеэ үнэлэлт, мафи цэцэглэж улс орон нь сүйрэхийн даваан дээр 1929 онд сая нэг хуулиа өөрчилсөн байдаг. ЗХУ-ын удирдагч М.Горбачев архины гол түүхий эд болох усан үзмийн талбайнуудыг устгаж, архийг тас хорьсноор шагийн архи, самгонд нийгэм нь тэр чигээрээ живсэн. Архидалтын гол шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал болохоос архитайгаа зууралдаад амжилт олдоггүй гэдгийг хүний түүх тодорхой гэрчилдэг.
Гэтэл манайд ямар ч тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрөл дээр тулгуурласан популист архины тэмцэл явагдаж иржээ. Ядаж бусад улс орнуудын туршлага, алдаа оноог судлах хэрэгтэй баймаар. Ингэж хорьж, цагдах тусам Монголд гурван үсэгтэй нэг л компани хожиж ирсэн. Сүүлийн үеийн мэдээллээр “Спирт бал бурам”-ыг тэд худалдаж авснаар гурван үсэгтэй компани Монголын архиын албан ёсны монополь болсон бололтой. Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомж тэдэнд маш том давуу байдал олгож ирлээ.
Нэгдүгээрт. Зар сурталчилгааны тухай хуулиар архийг сурталчлахыг хориглодог. Үйлдвэрлэгчид янз бүрийн арга сэдэж сурталчилж ирсэн ч хуулийг үе шаттайгаар улам чангалж ирсэн. Өвөр Монголын ТВ-ээр архи сурталчлаад байхаар нь Монголд нэвтэрч буй ямар ч сувгаар сурталчахгүй байхаар хуулийг зохицуулсан. Торгуулийн хэмжээ 20.0 сая төгрөг байхад үйлдвэрлэгчид үүнийг нь тоохгүй сурталчлаад байсан тул тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг болсон. Ямар ч архийг сурталчлахгүй тул нь Монголчууд Хараа, Ерөө, Хар чингис, Болор гэх мэт мэддэг архиа л авна. Эдгээрийг нэг л компани үйлдвэрлэнэ. Энэ салбарт өрсөлдөөн бий болохгүй учраас чанар, стандартын асуудал дагаад орхигдсон. Шөнийн цагаар, зөвшөөрөгдсөн газар буюу баар, ресторануудад архийг цензуртай сурталчилдаг байя гэж хэлсэн гишүү хэвлэлээр салба балбуулсан удаатай. Дахиж энэ сэдвээр хэн ч дугараагүй. Гурван үсэгтэй компаний эзэн нь УИХ-д олон жил суусан учир энэ хуулийг лоббидож ирсэн гэж хардах үндэстэй. түүнчлэн энэ компаний төлөөллүүд өнгөрөгч УИХ-ын сонгуульд Дорнод, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн нь лоббигоо хамгаалах шаардлагатай нь ч холбоотой байж болох юм.
Хоёрдугаарт. Импортын архины татварыг УИХ шат дараатайгаар нэмж иржээ. Хамгийн сүүлд 2016 онд архи дарсны татварыг нэмэхдээ пивог 15 хувь, дарс, вискийг 25 хувиар нэмсэн атлаа цагаан архины татварыг 40 хувиар нэмсэн байгаа юм. Ингэж цагаан архины татварыг өндрөөр тогтоох нь хэнд ашигтай вэ? Монголд хуульчлагдсан архины мафи ажиллаад байгаа юм бишүү? Монголын цагаан архийг уухаар нэг л донтоод байгаа мэдрэмж төрөх юм. Англид, Германд сурч байхдаа ууж байсан цагаан архиа эндээс аваад уух гэхээр хэтэрхий үнэтэй байна. Уг нь баруунд тийм ч үнэтэй биш, чанарын хувьд Монгол архинаас хамаагүй илүү. Дээр нь донтуулагч бодисыг нь маш сайн ангилж шүүсэн байдаг гэж баруунд сурч байсан нэг залуу ярьж байна.
Гуравдугаарт. Шинэ хуулиар 5000 хүн тутамд нэг архины цэг байгуулбал юу болох вэ? Юуны түрүүнд түүнийг авах тусгай зөвшөөрлийг тойрсон шинэ авилга цэцэглэнэ. Архины борлуулалтын сувгийг цорын ганц монополь маань хянах боломжтой болно. Ингэснээр Монгол дахь архины мафи бүрэн ялалтанд хүрэхээр байгаа юм. Түүнчлэн бага савлагаатай архи худалдааснаар 0.75 гр хэмжээтэй нэг шил архи авдаг байсан бол 0.5 хэмжээтэй хоёр шилийг авдаг болох замыг нь засаад өгчих гэмтэй.
Дэлхий ертөнцөд хэдэн зуун сая архины үйлдвэр бий. Энэ салбарт өрсөлдөөн ихэсч, шинэ бүтээгдэхүүн гарч архины хэрэглээг зүй зохистой соёлтой болгох замаар хүн төрөлхтөн учраа олж ирлээ. Гэтэл манайд эсрэгээраа хааж боох нэрийдлээр цорын ганц монопольдоо ялалт өгсөөр иргэд нь өөр архи, өөр бүтээгдэхүүн мэдэхгүй, архины хэрэглээний талаар ойлголт, соёл дутмаг явсаар иржээ.