Өнөөдөр манай улсад хувийн хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа явуулж байгаа 62 байгууллага байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 42 бирж байдаг тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөрийн биржүүдийн холбооны төлөөлөлтэй уулзах үеэр “Их үйлсийн бүтээмж” ХХК-ий захирал Г.Отгонцэцэг хэлсэн юм.
Тус холбоо 2010 онд байгуулагдсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх, бусдаар гүйцэлдүүлэх ажлын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах ажлыг үр дүнтэй зохион байгуулдаг ажээ.
Хувийн хөдөлмөрийн биржүүдэд 2021 онд 299 сая төгрөг, 2022 онд 816 сая төгрөг, 2023 онд 718 сая төгрөг, 2024 онд 729 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Уулзалтын үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо тогтолцооны шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл хүргэсэн. Мөн “Дэлхийн улс орнууд халамжаас илүү нийгмийн үйлчилгээ чиглэлд хөгжиж байна. Халамжийг дотор нь ялгаж зааглах шаардлагатай байгаа юм. Тиймээс бид цаашид хөдөлмөр халамж хоёрыг салгана. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн болон техникийн боловсрол, гадаадад байгаа ажиллах хүчний асуудал гэх мэт хэрэгцээнд суурилсан Big Data буюу Их өгөгдлийг боловсруулна” гэдгээ хэлсэн юм.
Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар анхаарч үзэхгүй бол энэ секторыг зөнд нь орхисноор шаварт суусан машин адил зогсонги байдалд орчихсон тухай Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлж байв. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэх хүмүүс бол хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг эрхэлж буй хүмүүс. Төр бодлогын хэрэгжилт, стандарт сахиулах ажлаа хийж, мэргэжлийн байгууллагууд нь төрийн өмнөөс ажил үйлчилгээг аваад явсан нь үр дүнтэй байна гэдгийг биржийн удирдлагуудтай уулзахдаа голлон ярилцлаа.
Хувийн Хөдөлмөрийн биржүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9-р бүлгийн хэд хэдэн заалт, 2013 онд баталсан “Хөдөлмөрийн биржийг бүртгэх, санхүүжүүлэх журам”, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын баталсан 181 дүгээр конвенц гэсэн 3 эрх зүйн бичиг баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. 2013 онд баталсан журам цаг үеэ дагаад хуучирсан, өөрчлөх шаардлагатай болсон. Шинэчилсэн журмын төслөө яаманд хүргүүлсэн ч салбарын сайдууд ойр ойр олон солигддог тул өнөөг хүртэл журмаа шинэчилж чадаагүй гэдгийг хэлж байв. Салбарын сайдын хувьд журмыг яаралтай шинэчлэн батлахад анхаарна гэдгээ хэллээ.
Биржийн төлөөлөл нийгмийн даатгалын шимтгэлийн ач тусын талаар нийгэмшээгүй хүмүүс ойлгодоггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтвортой төлөхөд төрөөс үзүүлдэг дэмжлэгийн талаар мэдээлэл түгээн байнгын чанартай ажлын байр, мэргэжил олгох сургалт, урамшууллын системээр нийгмийн даатгалын тухай ойлголтыг иргэдэд өгөхийг хүсдэг гэлээ. Энэ талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ ч тэд хэлж байсан юм.