Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг Боловсролын Ерөнхий газраас дараах байдлаар мэдээллээ. Тодруулбал,
-Багш, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих зардлыг 2024 оны 5 дугаар сард бүрэн санхүүжүүлсэн бөгөөд энэхүү зардалд нийт ЕБС-иудад 3.7 тэрбум төгрөг, нийт СӨББ-уудад 1.9 тэрбум төгрөг зарцуулж байна.
-Хичээл, сургалтад ашиглах хичээл практикийн зардлын 50.0 хувийг 2024 оны эхний хагас жилд зарцуулахаар санхүүжүүлсэн бол үлдсэн 50.0 хувийг хичээлийн шинэ жилийн өмнө буюу 2024 оны 8 дугаар сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-иудад 14.9 тэрбум төгрөг, нийт СӨББ-уудад 8.4 тэрбум төгрөг зарцуулж байна.
-Цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлыг 2024 оны 4 дүгээр сард бүрэн санхүүжүүлсэн бол сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлын 40.0 хувийг 2024 оны 4 дүгээр сард, үлдэх 60.0 хувийг 2024 оны 9 дүгээр сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-иудад 11.2 тэрбум, нийт СӨББ-уудад 1.9 тэрбум төгрөг тус тус зарцуулна.
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн мэдээлэл, технологийн зардлыг сар бүр санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжүүлж байна. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-иудад 27.3 тэрбум, нийт СӨББ-уудад 1.3 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөгдсөн.
-Нийт ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардалд 2024 онд 35.3 тэрбум төгрөг, нийт цэцэрлэгийн нөхөн хангалтын зардалд 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд хуваарийн дагуу 2024 оны 5, 6 дугаар сард санхүүжилтийг бүрэн олгоод байна.
-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын зардалд 3.7 тэрбум төгрөг, анги танхимаас гадуурх сургалтын зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн бөгөөд хуваарийн дагуу санхүүжүүлж байна.