Боловсролын сайд П.Наранбаяр олон улсын математикийн 65 дугаар, биологийн 35 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Монголын математикийн улсын олимпиадын хороо шинэ зохион байгуулалтад орж, олон нийтийн оролцоог хангаж, бодлогын тодорхой дэмжлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас үзүүлсэн нь тогтмол амжилт үзүүлэх суурийг тавьсныг дурдав.
Сүүлийн 7 жилийн хугацаанд Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 6 алт, 10 мөнгө, 21 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн. Энэ хугацаанд оролцсон 42 хүүхдээс 40 хүүхэд нь медаль, шагналт байрт шалгарчээ.
Биологийн олимпиад хамгийн төвөгтэй хүнд байдаг талаар багш, дасгалжуулагч нар ярьж байлаа. Хими, физик, математикийн өндөр суурьтай хүүхдүүд биологийн олон улсын олимпиадад шалгарч амжилт үзүүлдэг. Улсын олимпиадын даалгаврыг олон улсын жишигт нийцүүлж, сурагчдын онолын чадварыг ахиулахад анхаарч, улсын олимпиадын зохион байгуулалтад шинэ арга, технологи нэвтрүүлж ажилласнаар сайн үр дүнгүүд гарч байгааг дурдав.
Сүүлийн 7 жилийн хугацаанд Монголын сурагчид олон улсын биологийн олимпиадаас 1 мөнгө, 10 хүрэл, 1 тусгай байрыг эзэлсэн амжилтыг үзүүлжээ.
Багш, сурагчид охидын олон улсын математикийн олимпиад, биологийн бүсийн олимпиадуудад тогтмол оролцож байх нь чухал болохыг онцлов.
Боловсролын сайд П.Наранбаяр: "Та бүхний мөрөөдөлд хязгаар үгүй гэдэгт итгэж байна. Олимпиадад амжилт үзүүлэх нэг зүйл. Математикийн шинжлэх ухаан, биологийн шинжлэх ухааны хөгжлийн талаар бодож, өөрийн хувь нэмрийг оруулаарай гэж хүсье. Та бүхнээр бахархаж байна. Дэлхийн томоохон их сургуулиуд та бүхнийг урих нь дамжиггүй" хэмээн уулзалтынхаа төгсгөлд онцоллоо.
Монгол Улс олон улсын математикийн олимпиадыг 2029 онд эх орондоо зохион байгуулах бол олон улсын биологийн олимпиадыг зохион байгуулагчдаас тус олимпиадыг манай улсад зохион байгуулах санал тавьсан байна.