“Ажил хайж байгаа охидууд холбогдоорой. Амархан ажил байна шүү” гэх зарын дагуу ирсэн охидын биеийг үнэлүүлсэн эрэгтэйн хэргийг прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 14 тоотыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд “ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэг бүртгэгджээ.
Эл хэрэгт иргэн О.Н /эр/-ыг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар тус хэргийг энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.