УИХ-д суудалтай гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "2008 онд МАХН олонх болсон байхад С.Баяр стандарт бус ЗГ байгуулж байсан. Үр дүнд нь Оюутолгойн гэрээг байгуулсан, Тавантолгойг хувааж идсэн гэх хэл аманд өртсөн. ЗГ-т ажиллаж буй хүн өөрийгөө хянана гэж байхгүй. Энэ бол хууль бусаар Засгийн эрхийг авч буй ноцтой гэмт хэрэг. АН-ынхан ийм үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. АН-ынхан албан тушаалд шунахгүйгээр сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй. МАН-ынхан янзыг чинь үзээд санал тавьсан байж болно. Шалгалтанд нь унаад, онигоо болж байна шүү дээ" гэсэн юм. Эл байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Н.Энхбаяр та минь төрийн ордны хонгил сахисан байдалтай холхисоор л. Зүгээр холхихгүй залсаар, хов ярьсаар л явах. Яах гэж ингэж байдаг юм бэ дээ, та. 2008 онд хамтарсан ЗГ байгуулагдаж байхад та Ерөнхийлөгч байв. Би ЕС-ын хувьд ҮХ-нд заасан есоор ЗГ-ын "бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг" тантай зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх үед бидний хооронд ямар нэгэн эсрэг тэсрэг яриа болоогүй шд. Та эсрэг байсан, тэр тусмаа ҮХ зөрчсөн байсан бол зөвшилцөхгүй байх эрх танд байсан. Миний оруулсан хуулийн төслийг зөвшөөрсөн таны гарын үсэгтэй албан тоот ЕТГ, УИХ, ЗГ-ын бичиг хэрэгт байж л байгаа. Зүгээр л амар тайван сайхан амьдар л даа, НЭ дарга минь. Та сайхан наадаарай" гэжээ.