Налайхын авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан авто замыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07:00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав.
Тэрбээр авто замын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг өгсөн юм.
Засвартай холбогдуулан авто замыг хаах хуваарь:
- 09 дүгээр сарын 23-25-ны хооронд Налайх Чойрын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэлх авто замыг хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах чиглэлийн урсгалыг хааж, эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
- Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
- Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
- Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
- Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана.
Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжилж байгаа юм.