Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхоос 6.8 хувиар өссөн болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 65.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд аж. Насны хувьд ихэнх нь 18-30 насны хүмүүс холбогдож байна. Хүйсийн хувьд авч үзвэл, 84 хувь нь эрэгтэй, 16 хувь нь эмэгтэй.
Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 87.9 хувь нь Нийслэлд, 12.1 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ.