Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бумдарь: Хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд намууд илүү нямбай улс төр хийж эхлэх байх гэж харж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 16 секунд

Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барихаар болсон. Дөнгөж өчигдөрхөн шинэ гишүүд тангаргаа өргөж, парламентын босго давлаа. Тэгвэл улс төрд өрнөх дараагийн чухал үйл явц бол Засгийн газраа байгуулах явдал. Өнгөрөгч өдрүүдэд хамтарсан Засгийн газар байгуулах хар зураг хэдийнэ гарсан талаар "бор шувуу" нисэх болсон нь улс төр төдийгүй нийгмийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй. Тиймээс уг агуулгатай холбогдуулан улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.

-Сонгуулийн үр дүн гарсан мөчөөс эхэлж дараагийн Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдах бол гэдэг асуулт олон нийтийн дунд анхаарал татаж байна. Тэр дундаа сүүлийн өдрүүдэд эрх баригч намаас хэд хэдэн улс төрийн хүчнүүдэд эвсэх санал тавьсан талаар ч мэдээлэл бий. Ер нь олон намын төлөөлөл орж ирсэн энэ мөчид гүйцэтгэх засаглалын бүтэц дээрээ хэрхэн, яаж анхаарах ёстой вэ?

-УИХ-ын үйл ажиллагааны тухай хууль байгаа шүү дээ. Тус хуулиар олонх болсон нам буюу МАН Засгийн газраа байгуулах бүрэн эрхтэй. Миний ойлгож буйгаар, сонгуулийн холимог тогтолцоотой бусад улс орнуудад Засгийн газар хэрхэн байгуулагддаг жишгийг дагахыг хүсэж байна уу даа гэж харж байна. Гэхдээ намууд нь хамтарсан тохиолдолд хэрхэн, яаж нэгддэг вэ гэх асуулт гарч ирнэ.

Нэгдүгээрт, үзэл баримтлал нь ижил намууд л нийлдэг. Нэг ёсондоо улс төрийн чиг баримжаа нь зүүн үү, баруун уу гэдгээс шалтгаалаад ямар асуудал дээр нэгдэх вэ гэдэг зүйл яригддаг гэсэн үг. Түүнээс биш субьектив байдлаар аль нэгэн нам, эвсэл эсхүл хүнд зориулж нэгдэж нийлнэ гэсэн асуудал байдаггүй. Тэгэхээр энэ нэгдлийн цаад гол сууриас улс төрийн үзэл баримтлал дээрээ нэгдэж байна уу гэдгийг нь харах нь зүйтэй. Энэ бол олон улсад ч жишиг болчихсон үзэгдэл.

Хоёрдугаарт, "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого бий. Энэ удаагийн сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр эл бодлогод нийцсэн байх шаардлага бий шүү дээ. Өөрөөр хэлбэл, намуудын мөрийн хөтөлбөрийн зорилтууд нь тийш чиглэсэн байгаа учраас хоорондоо төдийлөн зөрөлдөхгүй болов уу гэж харж байна. Энэ мэт агуулга, мөн чанар цаана нь байсан учраас нэгдээд явахад асуудалгүй байх. Прагматик талаасаа харвал, урт хугацааны бодлого дээрээ нэгдэж байна гэсэн үг. Онолын талаасаа харвал, улс төрийн чиг баримжаанаасаа өөр байдлаар нэгдэж байна гэсэн үг.

-Жишээлбэл, Ардчилсан нам 42 суудал авсан. Засгийн газарт орж ажиллахаас илүүтэй хүчтэй сөрөг хүчин болж ажиллах нь чухал гэх өнцөг иргэдэд бий?

-Мэдээж хэрэг эвсэх эсэх нь намуудын улс төрийн шийдвэр гэсэн үг. Эрх баригч нам олонх мөртлөө яагаад эвсэх гээд байна вэ гэдэгт олон нийт асуулт тавьж байж болох юм. Энгийн ухамсрын түвшинд ч гарах л асуудал. Хамгийн гол нь цөөнх болсон намуудын хувьд нэгдэх, эс нэгдэх нь тэдний улс төрийн шийдвэр. Яаж улс төр хийх вэ гэдэг дээрээ л нэгдэж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо зөвшилцлийн улс төр байж явах уу эсвэл байнгын бие биетэйгээ өрсөлдөж, арсалцдаг хэвээрээ үлдэх үү гэдэг сонголтын өмнө ирээд байх шиг байна. Эрх баригчийн зүгээс саналаа тавьсан бол хүлээж авах эсэх нь нөгөө талд байгаа нам, эвслүүдийн улс төрийн шийдвэрээс шалтгаална. Энэ утгаараа ард түмэн сөрөг хүчний гаргах шийдвэрт яагаад гэдэг талаас нь харах ёстой. Жишээлбэл, би эрх баригч зүгээс харвал хөгжлийн хөтөлбөрүүдээ урагшлуулъя гэх зорилтоо нэгдүгээрт тавьж байгаа учраас эл шийдлийг гаргаж байгаа болов уу гэж харж байна.

-Урьд өмнө эвсэж байгаа кейсүүд манайд бий. Энэ удаа хамтарсан Засгийн газар байгуулагдсан тохиолдолд бид өмнөх жишгүүдээсээ суралцаж, юун дээрээ анхаарах шаардлагатай гэж харж байгаа вэ?

-"Өчигдрөөс маргааш сайхан" гэдэг шүү дээ. Үүнтэй адилаар өнгөрсөн хугацаанд стандарт бус Засгийн газар хүртэл байгуулагдаж байв. С.Баярын Засгийн газар стандарт бус Засгийн газар гэж нэрлэгдэж байсан. Үүнээс хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Улс төрийн намууд энэ хугацаанд тодорхой хэмжээнд төлөвшиж, суралцсан байх. Нөгөөтээгүүр олон улсын харилцаа, дэлхийн хүчний шинэ өөрчлөлтийн яг энэ мөчид бид дотооддоо өөрсдөө хүчирхэг болох тодруулбал, эдийн засгийн хувьд чадамжтай байх, эрчим хүчний хувь бие даасан байх гэх мэтчилэн олон том асуудал байна. Тиймээс эдгээр асуудлууд дээр нэгдэж улс төр хийх үү гэдэгт намууд харьцангуй өөр бодолтой болсон байх гэж бодож байна. Өмнөх үеийнх шиг Засгийн газар дотооддоо бие биеэ тонгордог, хэсэг эвсэж байснаа салаад явлаа гэх мэтийн кейс гарахыг үгүйсгэхгүй. Эвслийн гэрээ яаж хийгдэхээс шалтгаална. Илүү нямбай улс төр хийж эхлэх байх гэж бодож байна.

-Улс төрийн намууд мөрийн хөтөлбөр дээрээ төрийн данхгар бүтцийг цомхон болгож, зардлыг бууруулах асуудлыг тусгасан. Гэтэл энэ Засгийн газар дээр 20-23 яамтай байх талаар хар зураг яригдаад эхэллээ. Энэ утгаараа нэлээн данхгар бүтэцтэй Засгийн газар бий болох болов уу гэж харагдаж байна?

-Олон улсад тухайн дөрвөн жилд хамгийн чухалчилж авч үзэх асуудлууд дээрээ түр яам бүтцүүд байгуулдаг кейсүүд бий. Жишээлбэл, улс орнууд цар тахлын дараагаар цар тахлыг даван туулах яамдуудыг байгуулсан. Тухайн яам нь үүргээ биелүүлчихвэл тухайн цаг үедээ татан буугддаг гэдэг ч юм уу. Манайд жишээлбэл, түгжрэлийн яам байна шүү дээ. Энэ утгаараа шинэ яамдын асуудал яригдаад байгаа болов уу. Нөгөө талдаа сонгуульд санал авсан хувиараа буюу 60/40 гэсэн хувилбар ч явж байгаа шүү дээ. Би сошиалаас л мэдээлэл авч байна л даа. Сайн хараад үзвэл, 10/5 аль эсвэл 9/6 болчихоор магадгүй шийдвэр гаргалт, үйл ажиллагаагаа гүйцэтгэх засаглалаараа хэрэгжүүлэх гэхээр зарим хэсэг нь дутаад байгаа байх. Иймэрхүү байдлаар тоо нэмэгдэх зүйл яригдаж байж болох. Эцэстээ эвсээд яамдын тоо нэмэгдээд гарч ирвэл талуудын эрх ашиг нэгдэж байна л гэж харна. Харин ийм зүйл болохгүй байх тохиолдолд эрх баригчийн зүгээс эвсье гэх байр суурь нь тодорхой. Харин сөрөг хүчний дотоодын улс төр, дотоодын сонирхол очих яам нь таалагдаагүй гэх мэт л асуудал өрнөсөн гэж унших боломжтой. Өөрөөр хэлбэл, тоо нэмнэ гэдэг нь хоёр талтай. Нэгдүгээрт, томоохон ажлуудаа хийж, ажлынхаа чиглэлийг илүү тодотгож өгөх эсвэл салгах явдал. Эсвэл тооны хувьд бага яамд байгаа учраас саналыг хүлээж авч байгаа сөрөг хүчний хувьд тоо нь багадаад байж болох талтай. Тэгэхээр эвсэж чадаад тоо нэмэгдвэл сөрөг хүчнүүдийн эрх ашиг нэгдэж чадаж байна гэсэн үг. Хэрэв тийм биш байвал Ардчилсан нам, ХҮН намын дотор өөр улс төр явж байна гэдгийг л уншиж болно.

-Үеийн үед хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалтайгаа холилдож байгаад шүүмлэлтэй хандаж ирсэн. Давхар дээлний асуудалд хэрхэн зохицуулалт хийх боломжтой гэж харж байна вэ?

-Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэн учраас 10 орчим яамдын сайд давхар дээлтэй байж болох байх. Гэхдээ улс төрийн албан тушаалын давхардал хийгдэхгүй гэж үзвэл энэ удаа бүгдийг нь гаднаас томилох асуудал яригдах байх. Бидний хувьд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох шүүх засаглалын харилцан тэнцлийн асуудлыг үргэлж ярьдаг боловч парламентын засаглалтай учраас гүйцэтгэх засаглалаа Ерөнхий сайд нь авч орж ирэхэд ёслон хүлээн зөвшөөрөх асуудал нь парламентын эрх мэдлийн асуудал байдаг учраас ямар ч тохиолдолд парламентаа налсан Засгийн газар байдаг. Иймээс гүйцэтгэх эрх мэдэл өөрөө хэт парламентын ханцуйнд орчих вий гэдэг асуудал байна. Тиймээс балансыг яаж тооцох вэ, хэд хувь нь дотоодоосоо давхар дээл өмсөх вэ хэд нь гаднаас байх вэ гэдгийг тоогоор л бодож харьцуулах хэрэгтэй вэ.

126 гишүүний хэд нь гүйцэтгэх эрх мэдэл рүү очиж, хэд нь гаднаас орж ирсэн тохиолдолд дотоод хууль батлах процесс дээрээ яаж хуулийн лобби үүсгэх вэ, яаж ойлголт үүсгэх вэ гэдэг нь бодлогын асуудал. Шууд бүгд давхар дээл өмсөнө гэвэл зүй бус асуудал. Хэдэн хувь нь шинэ гишүүн билээ. Үндсэн чиг үүргээ илүү биелүүлэх дээрээ анхаарах ёстой учраас үндсэн чиг үүргийн яамдууд дээрээ л давхар дээл өмсгөх асуудлыг нь ярих нь зохистой байх. Гэхдээ хөшигний ард ямар улс төрийн "тоглоом" болж байгааг би ч хэлж чадахгүй.

Аль аль нам нь олон суудал авчихсан. Ерөнхийдөө хэн хэнийхээ дутууг гүйцээж, гомдогсдыг гадна үлдээхгүй байх гээд маш олон зүйл явж байгаа байх.

Нөгөө талдаа орон нутгийн сонгууль хүлээж байгаа. Үүнийг парламентад суудалтай болон суудалгүй намууд хэрхэн өөртөө амжилттай болгох вэ гэдэг нь зүйл энэ мөчөөс явагдах учраас хийх алхмууд нь ч парламент болон Засгийн газар хэрхэн байгуулагдахаас шалтгаална.

Ярилцсанд баярлалаа

ШУУРХАЙ: АН-ын бүлэг хуралдаж байна
ШУУРХАЙ: АН-ын бүлэг хуралдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.